Крипто хөрөнгийн бүртгэл АНУ-д

2024-01-26 / Мэдлэг, мэдээлэл

Крипто хөрөнгө үүсэж хөгжөөд хэдийнээ 10 гаруй жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч крипто хөрөнгийн бүртгэлийн арга хандлагыг иж бүрэн шийдэж зохицуулсан зүйл дэлхийн аль нэг улс оронд байхгүй байсаар байна.

Тэгвэл, анхны крипто хөрөнгө гэж тооцогддог Bitcoin (BTC)-ы ETH-ийг 2024 оны 01 дүгээр сард АНУ-ын Санхүүгийн Зохицуулах Хороо хүлээн зөвшөөрч, хөрөнгийн биржүүд дээр арилжаалах зөвшөөрлийг олгоод байна.

Үүнтэй холбоотойгоор, АНУ-ын Санхүүгийн Нягтлан Бодох Бүртгэлийн Зөвлөл 2023 оны 12 дугаар сард НББ-ийн стандартдаа дараах өөрчлөлтүүдийг оруулж, 2024 оны 12 дугаар сарын 15-аас эхлэн өөрсдийн бүртгэлийн стандартдаа крипто хөрөнгийн бүртгэлтэй холбоотой албан ёсны заалт оруулж мөрдөж эхлэхээр болсон.

АНУ-ын бүртгэлийн стандарт Сэдэв 350: Биет бус хөрөнгө – Гүүдвил болон Бусад биет бус хөрөнгө-ийн Дэд сэдэв 60: Крипто хөрөнгө-д дараах гол гол бүртгэлийн арга хандлагууд тусгагдаад байна:

-        Энэ стандартад хамаарах крипто хөрөнгүүд нь Codification-ий биет бус хөрөнгийн тодорхойлолтод нийцсэн байх ёстой. Энэ тодорхойлолтод нийцээгүй крипто хөрөнгүүдэд энэ стандартыг мөрдөхгүй.

-        АНУ-д мөрдөгддөг стандартын дагуу биет бус хөрөнгө гэж гүүдвилээс бусад биет шинж чанаргүй хөрөнгүүдийг хэлдэг. Үүнд, санхүүгийн хөрөнгүүд мөн ордог.

-        Хамрах хүрээний хувьд зөвхөн крипто хөрөнгө эзэмшигч аж ахуйн нэгжүүд уг стандартыг мөрдөнө. Өөрөөр хэлбэл, энэ стандартын крипто хөрөнгийн тодорхойлолтод нийцсэн хөрөнгийг худалдаж авсан аж ахуйн нэгж, компаниуд бүртгэлдээ мөрдөнө. Крипто хөрөнгө гаргагчид, крипто хөрөнгийн биржүүд энэ стандартыг мөрдөхгүй.

-        Крипто хөрөнгө нь Blockchain болон ижил төстэй технологид суурилан гарсан, түүн дээр байршсан байна.

-        Энэ стандартад хамаарах крипто хөрөнгө нь Криптограф-иар баталгаажсан байна.

-        Fungible буюу ижил төстэй крипто хөрөнгөөр орлуулах боломжтой байна.

-        Тайлагнагч аж ахуйн нэгж эсвэл түүний холбоотой талаас гаргасан крипто хөрөнгө биш байх ёстой.          

-        Санхүүгийн байдлын тайланд крипто хөрөнгийг бусад биет хөрөнгүүдээс тусад нь толилуулна. Аж ахуйн нэгж крипто хөрөнгийг илүү тусгайлсан байдлаар харуулахыг зөвшөөрсөн.

-        Аж ахуйн нэгж санхүүгийн байдлын тайланд крипто хөрөнгийг бодит үнэ цэнээр нь хэмжиж тайлагнана.

-        Крипто хөрөнгийн бодит үнэ цэнийн дахин хэмжилтээс үүссэн аливаа олз, гарзыг тайлант үеийн ашиг, алдагдлаар бусад биет бус хөрөнгүүдийн дансны үнэд гарсан өөрчлөлтөөс тусад нь толилуулна.

-        Бизнесийн ердийн үйл ажиллагааны явцад мөнгөн бус төлбөр байдлаар хүлээн авсан крипто хөрөнгийн борлуулалтаас үүссэн мөнгөн орлогын толилуулгын удирдамжийг Мөнгөн гүйлгээний тайлангийн стандартад оруулж өгсөн. Уг стандартын дагуу дээрх мөнгөн гүйлгээг үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээний ангилалд оруулж толилуулна.