ТАНИЛЦУУЛГА
1973 оны 6-р сард 10 улс орны төлөөлөл болсон нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллагууд хамтран Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарын Хороо (НББОУСХ)-г байгуулсан. НББОУСХ-ны зорилго нь дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн нягтлан бодох бүртгэлийн ялгаатай арга хандлагыг арилгаж хооронд нь ижилсүүлэх байв. Уг Хороо нь 2001 оны 4-р сарын 1 хүртэл Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт (НББОУС)-уудыг батлан гаргасан ба үүнээс хойш Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын Зөвлөл (НББОУСЗ) нь Хорооны үйл ажиллагааг явуулах болсон.
НББОУСЗ нь НББОУСХ-ны гаргасан байсан НББОУС-уудыг үргэлжлүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг гүйцэтгэдэг байсан ба шинээр гаргаж буй стандартуудаа Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт гэж нэрлэх болсон. НББОУСЗ-ийн үйл ажиллагаанд хяналт тавих, гишүүдийг томилох болон санхүүжүүлэх үүргийг Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартын Сан хариуцдаг. СТОУС-ын Сан нь ойлгомжтой, өндөр чанартай, хэрэглэгдэхүйц, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн иж бүрэн стандартыг боловсруулах, түүнийг олон улсад мөрдүүлэх зорилгоор байгуулагдсан ашгийн төлөө бус, олон нийтийн эрх ашиг бүхий байгууллага юм.
ЭРХЭМ ЗОРИЛГО
СТОУС-ын Сангийн эрхэм зорилго нь дэлхийн санхүүгийн зах зээлд ил тод, хариуцлагатай, үр ашигтай байдлыг бий болгохуйц СТОУС-уудыг боловсруулах юм. Өөрөөр хэлбэл СТОУС нь:
Зорилго
НББОУС 1-ийн зорилго нь зэрэгцүүлэгдэхүйц байдлыг хангасан санхүүгийн тайлангийн бүтэц, агуулга, толилуулгын ерөнхий шаардлагыг тодорхойлох юм. Өөрөөр хэлбэл тухайн аж ахуйн нэгжийн өмнөх тайлант үеүдийн санхүүгийн тайлантай, түүнчлэн өөр бусад аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн тайлантай зэрэгцүүлэх боломжтой байдлаар аж ахуйн нэгжийн нийтлэг зориулалттай санхүүгийн тайланг бэлтгэж толилуулах суурийг тодорхойлох юм.
Хамрах хүрээ
Аж ахуйн нэгж НББОУС 1-ийг нийтлэг зориулалттай санхүүгийн тайлангаа Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (СТОУС)-ын дагуу бэлтгэж, толилуулахад мөрдөх ёстой.
Агуулгын хураангуй
Энэ стандарт нь нийтлэг зориулалттай санхүүгийн тайлан буюу иж бүрэн санхүүгийн тайлангийн үндсэн бүтэц агуулга, түүнд толилуулах мэдээллийн шинж чанар, толилуулгын удирдамж болдог тул бүхий аж ахуйн нэгжүүд энэ стандартыг судалсан байх нь зүйтэй.
Мөнгөн гүйлгээний бусад тайлан болох санхүүгийн байдлын тайлан (баланс), орлогын дэлгэрэнгүй тайлан (орлогын тайлан), эздийн өмчийн өөрлөлтийн тайлан болон тэмдэгдэл, тодруулгын бүтэц, тусад нь толилуулах ёстой мөрийн зүйлсийг зааж өгсөн байдаг. Түүнчлэн, НББОУС 1-д заасны дагуу санхүүгийн тайлангийн ерөнхий 8 шинжийг тайлбарласан байдаг.
Мөн та энэ стандартыг судалснаар эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийн ялгаа, орлогын дэлгэрэнгүй тайлангийн сонголтот хувилбарууд болон бүтэц, эздийн өмчийн тайланд толилуулах ёстой зүйлсээс гадна тодруулгын зорилго, онцлог, нийтлэг мэдээлэх ёстой зүйлсийн талаар ойлголттой болох болно.
Зорилго
Энэ Стандартын зорилго нь бараа материалын нягтлан бодох бүртгэлийн арга хандлагыг тодорхойлоход оршино. Нягтлан бодох бүртгэлийн арга хандлагыг тодорхойлно гэдэг нь “бараа материал” гэж тодорхойлогдсон хөрөнгийн хүлээн зөвшөөрөх, хэмжих, бүртгэх, толилуулах, тодруулах удирдамжаар хангана гэсэн үг юм.
Хамрах хүрээ
НББОУС 2-ийг доор дурдсанаас бусад бүх бараа материалд мөрдөнө:
(а) санхүүгийн хэрэглүүр (НББОУС 32 Санхүүгийн хэрэглүүр: Толилуулга ба СТОУС 9 Санхүүгийн Хэрэглүүр-ийг мөрдөнө);
(б) хөдөө аж ахуйн үйл ажиллагаа ба хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд хамаарах бөгөөд үр шим хүртэх үеийн биологийн хөрөнгө (НББОУС 41 Хөдөө Аж Ахуй-г мөрдөнө).
НББОУС 2-ын хэмжилтийн шаардлагаас дараах этгээдийн эзэмшиж байгаа бараа материалууд чөлөөлөгдөх бөгөөд бусад шаардлагуудыг мөрдөнө:
(а) Тухайн салбарт нийтлэг тогтсон нягтлан бодох бүртгэлийн практикийн дагуу цэвэр боломжит үнэ цэнээр нь хэмждэг хөдөө аж ахуйн болон ойн аж ахуйн цаашид боловсруулах бүтээгдэхүүн, үр шим авалтын дараах хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ашигт малтмал ба ашигт малтмалын бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид. Эдгээр бараа материалыг цэвэр боломжит үнэ цэнээр нь хэмждэг тохиолдолд уг үнэ цэнийн өөрчлөлтийг тухайн өөрчлөлт гарсан тайлант үед ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрнө.
(б) борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнээр өөрсдийн бараа материалыг хэмжиж бүртгэдэг түүхий эдийн брокер-худалдаачид. Бараа материалыг түүний борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнээр нь хэмждэг тохиолдолд уг борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнийн өөрчлөлтийг тухайн өөрчлөлт гарсан тайлант үед ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрнө.
Агуулгын хураангуй
НББОУС 2-т бараа материалын гэж ямар хөрөнгийг хэлдэг, түүнийг худалдаж авсан болон үйлдвэрлэсэн үед ямар ямар зардлууд өртөгт нь орж, ямар зардлууд өртөгт нь ордоггүй болохыг заасан байдаг. Мөн тайлант үеийн эцэст бараа материалыг өртөг, цэвэр боломжит үнэ цэнийн аль багаар нь тайлагнах ёстой гэж НББОУС 2-т дурдсан байдаг.
Энэ стандартыг судалснаараа аж ахуйн нэгжүүд бараа материалтай холбоотой зардлуудыг зөв ангилах, өртгийг үнэн зөв тооцож чаддаг болохоос гадна цэвэр боломжит үнэ цэнэ гэж ямар үнэ цэнийг хэлдэг, түүнийг хэрхэн тооцож олдог болох талаар мэддэг болно.
Зорилго
Энэхүү Стандартын зорилго нь тухайн тайлант үеийн мөнгөн гүйлгээг үндсэн үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны, санхүүгийн үйл ажиллагааны гэж ангилан мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэх замаар уг аж ахуйн нэгжийн мөнгө ба мөнгөтэй адилтгах хөрөнгийн түүхэн өөрчлөлтийн талаарх мэдээллийг харуулах явдал юм.
Хамрах хүрээ
Аж ахуйн нэгж нь мөнгөн гүйлгээний тайланг энэхүү Стандартын шаардлагуудын дагуу бэлтгэх ба мөнгөн гүйлгээний тайланд НББОУС 1-д заасны дагуу нийтлэг зориулалттай иж бүрэн санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүн юм.
Агуулгын хураангуй
НББОУС 7-д мөнгө ба мөнгө адилтгах зүйлсийн тодорхойлолт, мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэх шууд ба шууд бус аргын мэдээлэл, ялгааг тайлбарласан байдаг. Мөн аж ахуйн нэгжийн мөнгөн ба мөнгөтэй адилтгах зүйлсийн урсгал нь үндсэн үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны, санхүүгийн үйл ажиллагааны гэж хуваагддаг ба эдгээрт ямар ямар ажил гүйлгээнээс үүссэн мөнгөн гүйлгээ ордог, ордоггүй талаар тодорхойлсон байдаг.
Мөн хараат компани, хамтарсан үйлдвэр, охин компанид оруулсан хөрөнгө оруулалт, ногдол ашиг, гадаад валютын ханшийн зөрүүгийн олз, гарз гэх мэт тусгайлсан ажил гүйлгээний мөнгөн гүйлгээний талаар дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.
Зорилго
НББОУС 8-ийн зорилго нь нягтлан бодох бүртгэлийн бодлого, алдаа, тооцооллын өөрчлөлтийг хэрхэн тайлагнах, бодлогыг хэзээ өөрчилж болох шалгуурыг тогтоох, буцаах болон гүйцээх горимын талаарх удирдамжаар хангах явдал юм.
Энэ Стандарт нь аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлангийн найдвартай ба хамааралтай байдал, зэрэгцүүлэгдэхүйц байдлыг нэмэгдүүлэхэд чиглэгддэг.
Хамрах хүрээ
Нягтлан бодох бүртгэлийн бодлогыг сонгох ба хэрэглэх, нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт, нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт, өмнөх тайлант үеүдийн алдааны залруулгыг бүртгэхдээ аж ахуйн нэгжүүд НББОУС 8-ийг мөрдөнө.
Өмнөх тайлант үеийн алдааг засах ба нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтийг даган мөрдөхийн тулд буцаан хийсэн тохируулгын татварын үр нөлөөг НББОУС 12 Орлогын Албан Татвар-ын дагуу бүртгэж, тодруулна.
Агуулгын хураангуй
НББОУС 8-ийн хувьд аж ахуйн нэгж байгууллагууд нягтлан бодох бүртгэлийн бодлогоо сонгохдоо ямар зарчмыг баримтлах ёстойг тодорхойлсон байдаг ба сонгосон бодлогод өөрчлөлт гарсан үед буцаах горимын дагуу өмнөх үеийн тайланд хэрхэн өөрчлөлт оруулахыг тайлбарласан байдаг. Мөн аж ахуйн нэгжид онцгой шинжтэй ажил гүйлгээ гардаг боловч түүнийг зохицуулах тусдаа Стандарт байхгүй бол тухайн ажил гүйлгээнд тохирох нягтлан бодох бүртгэлийн бодлогоо боловсруулахын тулд энэ стандартад заасан удирдамжыг баримтлах ёстой.
Мөн, аж ахуйн нэгж өмнөх тайлант үед нягтлан бодох бүртгэлийн алдаа гаргасан бол алдааг хэрхэн залруулахын тулд санхүүгийн тайланд хэрхэн тохируулга хийдэг талаар энэ Стандартаас мэдэх боломжтой.
Хэрэв аж ахуйн нэгжийн хувьд нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт хийх шаардлага гарсан бол гүйцээх горимыг хэрхэн мөрдөж, тодруулгыг санхүүгийн тайланд ямар хэмжээнд хийхийг НББОУС 8-аар тодорхойлсон.
Зорилго
Энэхүү Стандартын зорилго нь дараах зүйлсийг тодорхойлоход оршино:
(а) аж ахуйн нэгж нь тайлагналын үеийн дараах үйл явдлын хувьд өөрийн санхүүгийн тайланг хэзээ залруулах; ба
(б) санхүүгийн тайланг гаргахыг зөвшөөрсөн огноо ба тайлагналын үеийн дараах үйл явдлын талаар аж ахуйн нэгжийн хийвэл зохих тодруулга.
Хэрэв тайлагналын үеийн дараах үйл явдал нь тасралтгүй байх төсөөлөл тохиромжгүй гэдгийг илэрхийлж байвал аж ахуйн нэгж нь өөрийн санхүүгийн тайланг тасралтгүй байх сууриар бэлтгэхгүй байхыг НББОУС 10-аар шаарддаг.
Хамрах хүрээ
Энэ Стандартыг тайлагналын үеийн дараах үйл явдлыг бүртгэх ба тодруулахад даган мөрдөнө.
Агуулгын хураангуй
Энэ Стандартад заасны дагуу тайлагналын дараах үйл явдал гэж тайлант үеийн эцэс болон санхүүгийн тайланг хэвлэн нийтлэхийг зөвшөөрсөн өдөр хоёрын хоорондох тааламжтай болон тааламжгүй үйл явдал гэж үздэг. Мөн тайлагналын дараах үйл явдлыг залруулагдах болон үл залруулагдах гэж ангилдаг.
Мөн НББОУС 10-д заасны дагуу дөрвөн төрлийн материаллаг тайлагналын дараах үйл явдал үүсэж болдог гэж үздэг. Тиймээс та энэхүү стандартыг судалснаараа тайлант үеийн эцсээс хойш тайланг хэвлэн нийтлэх хугацаанд гарсан үйл явдлыг хэрхэн ангилж бүртгэх, санхүүгийн тайланд ямар нөлөө үзүүлж болох, ямар мэдээллийг тодруулдаг болохыг хүсвэл энэхүү стандартыг дэлгэрэнгүй судлаарай.
Зорилго
Энэхүү Стандартын зорилго нь орлогын албан татварыг бүртгэх нягтлан бодох бүртгэлийн арга хандлагыг тодорхойлоход оршино. Орлогын албан татварын нягтлан бодох бүртгэлийн үндсэн асуудал нь дараах зүйлсийн одоогийн болон ирээдүйн татварын үр нөлөөг хэрхэн бүртгэх эсэх явдал байдаг:
(а) аж ахуйн нэгжийн санхүүгийн байдлын тайланд хүлээн зөвшөөрсөн хөрөнгийн (өр төлбөрийн) дансны үнийн ирээдүйн нөхөлт (барагдуулалт);
(б) аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрсөн тухайн тайлант хугацааны ажил гүйлгээ ба бусад үйл явдлууд.
Хамрах хүрээ
Энэхүү Стандартыг орлогын албан татварын нягтлан бодох бүртгэлд мөрдөнө.
Агуулгын хураангуй
Тайлагнагч аж ахуйн нэгж нь хөрөнгө, өр төлбөрийн дансны үнийг нөхөх буюу барагдуулахаар хүлээж байдаг нь хөрөнгө, өр төлбөрийн хүлээн зөвшөөрөлтийн зүй тогтол юм. Дансны үнийн нөхөлт буюу барагдуулалт нь татварын үр нөлөөгүй бол төлөх байсан татвартай харьцуулахад ирээдүйд төлөх татварыг тухайн хөрөнгө, өр төлбөрийн дансны үнийн нөхөлт буюу барагдуулалтаар ихэсгэх (эсвэл багасгах) нилээд их магадлалтай бол аж ахуйн нэгж нь гажих зарим цөөн нөхцлөөс бусад тохиолдолд хойшлогдсон татварын өр төлбөр (хойшлогдсон татварын хөрөнгө)-ийг хүлээн зөвшөөрөхийг энэхүү Стандартаар шаарддаг.
Энэхүү Стандарт нь ажил гүйлгээ ба бусад үйл явдлын татварын үр нөлөөг тэдгээр ажил гүйлгээ болон бусад үйл явдлыг өөрсдийг нь бүртгэсэнтэй ижил арга замаар бүртгэж, тайлагнахыг аж ахуйн нэгжээс шаарддаг. Иймээс ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрсөн ажил гүйлгээ болон бусад үйл явдлын хувьд, тэдгээртэй холбогдох аливаа татварын үр нөлөөг мөн ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө. Ашиг, алдагдлаас гадуур (бусад дэлгэрэнгүй орлогод эсвэл өмчид шууд) хүлээн зөвшөөрсөн ажил гүйлгээ болон бусад үйл явдлын хувьд, тэдгээртэй холбогдох аливаа татварын үр нөлөөг мөн ашиг, алдагдалд оруулахгүйгээр (бусад дэлгэрэнгүй орлогод эсвэл өмчид шууд) хүлээн зөвшөөрнө. Үүнтэй нэгэн адилаар, бизнесийн нэгдлийн хувьд хойшлогдсон татварын хөрөнгө ба өр төлбөрийг хүлээн зөвшөөрөх нь уг бизнесийн нэгдлээс үүсэж буй гүүдвиллийн дүн буюу тохиролцоот худалдан авалтаар хүлээн зөвшөөрөх олзын дүнд бас нөлөө үзүүлнэ.
НББОУС 12-т мөн нягтлан бодох бүртгэлийн ашиг, татвар ногдох ашиг, хойшлогдсон татвар, түр зөрүү, байнгийн зөрүү, татварын суурь зэрэг нэр томьёонуудыг тайлбарласан байдгаас гадна эдгээртэй холбоотой бүртгэл, тооцоолол, толилуулга, тодруулгын асуудлыг тодорхойлсон байдаг.
Мөн СТОУС нь өөрөө аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан стандарт тул дэлхийн өнцөг булан бүрт мөрдөгдөж буй татварын хууль тогтоомжтой нийцэх практик боломжгүй тул СТОУС болон татварын хууль тогтоомжийн хоорондох зөрүүг санхүүгийн тайланд хэрхэн толилуулдгыг энэ стандартаар журамласан байдаг.
Зорилго
Энэхүү Стандартын зорилго нь үндсэн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийн арга хандлагыг тодорхойлоход оршино. Ингэхдээ аж ахуйн нэгж өөрийн үндсэн хөрөнгөндөө хийсэн хөрөнгө оруулалт болон тэрхүү хөрөнгө оруулалтын өөрчлөлтийн талаархи мэдээллийг тухайн санхүүгийн тайлангийн хэрэглэгч нар олж авах боломжтой байдлаар бэлтгэнэ. Үндсэн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийн үндсэн асуудал нь хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт, тэдгээрийн дансны үнийн тодорхойлолт болон хөрөнгөтэй холбоотойгоор хүлээн зөвшөөрөх элэгдлийн зардал ба үнэ цэнийн бууралтын гарзын тооцоололт юм.
Хамрах хүрээ
Бусад Стандартаар нягтлан бодох бүртгэлийн өөр арга хандлагыг шаардсан буюу зөвшөөрснөөс бусад тохиолдолд үндсэн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлд энэхүү Стандартыг дагаж мөрдөнө.
Энэ Стандартыг дараах зүйлсэд мөрдөхгүй:
(а) СТОУС 5 Борлуулах Зорилгоор Эзэмшиж Буй Эргэлтийн Бус Хөрөнгө ба Зогсоосон Үйл Ажиллагаа-ны дагуу борлуулах зорилгоор эзэмшиж буй гэж ангилсан үндсэн хөрөнгө;
(б) эх ургамлаас бусад хөдөө аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой биологийн хөрөнгө (НББОУС 41 Хөдөө Аж Ахуй-г мөрдөнө). Энэ Стандартыг эх ургамалд мөрдөх боловч эх ургамлаас үүссэн бүтээгдэхүүнд мөрдөхгүй;
(в) хайгуул, үнэлгээний хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт ба хэмжилт (СТОУС 6 Ашигт Малтмалын Хайгуул ба Үнэлгээ-г мөрдөнө);
(г) газрын тос, байгалийн хий болон эдгээртэй ижил төстэй үл нөхөн сэргээгдэх ашигт малтмалын нөөц ба ашигт малтмалын эрх.
Агуулгын хураангуй
НББОУС 16-д үндсэн хөрөнгөтэй холбоотой нэр томьёоны тайлбар, хүлээн зөвшөөрөх шалгуурыг тогтоосон байдаг. Мөн уг шалгуурыг хангасан хөрөнгийг хэрхэн хэмжиж бүртгэх тухай дэлгэрэнгүй заалтууд байдаг. Энэ Стандартад заасны дагуу үндсэн хөрөнгийг худалдаж авсан тохиолдолд өртөг нь худалдан авалтын өртөг зардал болон түүнийг ашиглахад бэлэн болгохтой холбоотой шууд зардлууд, эцэст нь түүнийг шаардлагатай тохиолдолд ашиглалтаас гаргах үеийн тооцсон зардал орно гэж заасан байдаг.
Дараа үеийн бүртгэлийн хувьд үндсэн хөрөнгийг өртгийн болон дахин үнэлгээний загвараар бүртгэх сонголт аж ахуйн нэгжид бий. Мөн дараа үед үндсэн хөрөнгийг элэгдүүлэх аргыг сонгоход баримтлах зарчим, элэгдлийн бүртгэлийн бичилтийн талаар энэ стандартаас мэдэх боломжтой. Түүнээс гадна үндсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралт, дахин үнэлгээний аргын үндсэн зарчим, бүртгэл, тооцооллыг НББОУС 16-д тайлбарласан байдаг.
Зорилго
Энэхүү Стандартын зорилго нь ажилтны тэтгэмжийн нягтлан бодох бүртгэл ба тодруулгыг тодорхойлоход оршино. Энэ Стандарт нь:
(а) ирээдүйд төлөгдөх ажилтны тэтгэмжийн хариу болгон ажилтан үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд өр төлбөрийг болон
(б) ажилтны тэтгэмжийн хариу болгон ажилтны үзүүлсэн үйлчилгээнээс бий болох эдийн засгийн үр өгөөжийг тухайн аж ахуйн нэгж ашигласан тохиолдолд зардлыг тус тус хүлээн зөвшөөрөхийг аж ахуйн нэгжээс шаарддаг.
Хамрах хүрээ
Ажил олгогч нь СТОУС 2 Хувьцаанд Суурилсан Төлбөр-ийг мөрдөхөөс бусад, ажилтны бүх тэтгэмжийн тайлагналын хувьд энэ Стандартыг мөрдөнө.
Энэ Стандарт нь ажилтны тэтгэмжийн хөтөлбөрийн тайлагналд хамаарахгүй (НББОУС 26 Тэтгэвэрт Гарах Үеийн Тэтгэмжийн Хөтөлбөрийн Нягтлан Бодох Бүртгэл ба Тайлагнал-ыг мөрдөнө).
Энэ Стандартыг даган мөрдөх ажилтны тэтгэмж нь дараах байдлаар олгох тэтгэмжүүдийг багтаана:
(а) аж ахуйн нэгж ба хувь хүн ажилтнууд, ажилтнуудын бүлэг буюу тэдний төлөөлөгчдийн хоорондох албан ёсны хөтөлбөр эсвэл бусад албан ёсны гэрээ хэлцлийн дагуу;
(б) үндэсний, мужийн, салбарын буюу олон-ажил олгогчийн бусад хөтөлбөрт шимтгэл төлөхийг аж ахуйн нэгжээс шаардах хуулийн шаардлага буюу салбарын хөтөлбөр арга хэмжээний дагуу;
(в) гэрээний бус үүрэг үүсэхэд хүргэдэг албан бус практикын дагуу. Албан бус практик нь тухайн аж ахуйн нэгж ажилтны тэтгэмжийг төлөх ба үүнээс өөр бодит сонголтгүй болох тийм гэрээний бус үүргийг үүсгэдэг. Аж ахуйн нэгжийн уг албан бус практикын өөрчлөлт нь ажилтнуудтай тогтоосон түүний харилцаанд хүлээн зөвшөөрөх боломжгүй хохирол учруулахаар байх нь гэрээний бус үүргийн жишээ болно.
Ажилтны тэтгэмжид дараах зүйлс хамаарна:
(а) ажилтан холбогдох үйлчилгээгээ үзүүлсэн тайлант жилийн эцсээс хойш арван хоёр сарын дотор бүхэлдээ төлөгдөж барагдахаар хүлээгдэж буй доор дурдсан гэх мэт ажилтны богино хугацааны тэтгэмж:
(i) цалин, хөлс, нийгмийн даатгалын шимтгэл;
(ii) ээлжийн амралтын цалин, өвчтэй хугацааны тэтгэмж;
(iii) ашиг хуваалт ба шагнал урамшуулал;
(iv) одоо байгаа ажилтнуудад олгодог мөнгөн бус тэтгэмж (эмнэлгийн үйлчилгээ, орон байр, машин унаа, үнэгүй эсвэл хөнгөлөлттэй бараа, үйлчилгээ гэх мэт);
(б) доор дурдсан гэх мэт ажил эрхлэлтийн дараах тэтгэмж:
(i) тэтгэвэрт гарах үеийн тэтгэмж (жишээлбэл; тэтгэвэр, түүнчлэн тэтгэвэрт гарах үед бөөн дүнгээр олгох төлбөр);
(ii) ажил эрхлэлтийн дараах амь даатгал болон эмнэлгийн үйлчилгээ гэх мэт ажил эрхлэлтийн дараах бусад тэтгэмж;
(в) доор дурдсан гэх мэт ажилтны урт хугацааны бусад тэтгэмж:
(i) удаан хугацаагаар ажилласны амралт буюу саббатикал амралт гэх мэт урт хугацааны цалинтай чөлөө;
(ii) ойн баярын буюу удаан хугацаанд ажилласаны бусад тэтгэмж;
(iii) удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж;
(г) ажлаас халагдалтын тэтгэмж.
Ажилтны тэтгэмж нь ажилтнууд эсвэл тэдний асран хамгаалуулагч буюу тэтгэмж авагчдад олгох тэтгэмжүүдээс бүрдэх бөгөөд тухайн ажилтнууд, тэдний эхнэр нөхөр, хүүхэд буюу асран хамгаалуулагч бусад хүмүүс, эсвэл даатгалын компани гэх мэт бусад талуудын аль нэгэнд шууд төлөх замаар тэтгэмжийг барагдуулж болно.
Ажилтан нь аж ахуйн нэгжид бүтэн цагаар, хагас цагаар, байнга, тогтмол бус буюу түр ажиллаж, үйлчилгээ үзүүлж болно. Энэ Стандартын зорилгын хувьд ажилтнууд гэдэгт захирлууд болон бусад удирдах боловсон хүчин хамаарна.
Агуулгын хураангуй
НББОУС 19-д заасны дагуу ажилтны тэтгэвэр, тэтгэмжийг 4 ангилдаг:
1. Богино хугацаат ажилтны тэтгэмж
2. Ажил эрхлэлтийн дараах ажилтны тэтгэмж
3. Бусад урт хугацаат ажилтны тэтгэмж
4. Ажлаас гарах үеийн ажилтны тэтгэмж
Мөн уг стандартад дээр ангилал тус бүрийн бүртгэл, тодруулгын асуудлыг тайлбарласан байдаг. Дээрхээс гадна ажил эрхлэлтийн дараах тэтгэмжийг тогтоосон тэтгэмжийн төлөвлөгөө, тогтоосон хувь оролцооны төлөвлөгөө гэж ангилсан байдаг. НББОУУС 19-ийн хамгийн түвэгтэй асуудлуудын нэг нь актуар төсөөлөл, тооцооллын асуудал байдаг.
Хамрах хүрээ
Энэ Стандартыг Засгийн газрын буцалтгүй тусламжын тайлагнал, тодруулга болон Засгийн газрын бусад хэлбэрийн туслалцааны тодруулгын хувьд мөрдөнө. Энэ Стандартаар дараах зүйлсийг авч үзэхгүй:
Агуулгын хураангуй
НББОУС 20-д заасны дагуу Засгийн газрын туслалцаа гэдэг нь тодорхой шалгуурын дагуу шалгарсан нэг буюу хэд хэдэн ААН-д тусгайлан эдийн засгийн үр өгөөж өгөхөд чиглэгдсэн Газрын газрын ажиллагаа юм. Хөгжиж буй бүс нутагт дэд бүтэц бий болгох эсвэл өрсөлдөгчдөд худалдааны хязгаарлал тогтоох гэх мэт худалдаа арилжааны ерөнхий нөхцөлүүдэд нөлөөлөх тийм ажиллагаагаар дамжуулан зөвхөн шууд бусаар үзүүлэх үр өгөөж нь энэ Стандартын зорилгын хувьд Засгийн газрын туслалцаанд хамаардаггүй.
Мөн засгийн газрын буцалтгүй тусламж гэж тухайн ААН-ийн үйл ажиллагаатай холбоотой тодорхой нөхцөлүүдийг өнгөрсөн үед эсвэл ирээдүйд даган мөрдөлтийн хариу болгон уг ААН-д нөөц шилжүүлэх хэлбэрээр Засгийн газраас үзүүлж буй туслалцааг хэлдэг. Тиймээ НББОУС 20 нь дээрх тодорхойлолтыг хангасан засгийн газрын тусламж, туслалцааны бүртгэл, тодруулгад зориулагдсан гэж ойлгож болно. Мөн засгийн газрын буцалтгүй тусламжыг хөрөнгөтэй холбоотой болон орлоготой холбоотой гэж хоёр ангилдаг.
Ул үндэслэлтэйгээр үнэ цэнэ өгч чадахааргүй тийм хэлбэрийн Засгийн газрын туслалцаа ба уг ААН-ийн худалдаа арилжаа хэвийн ажил гүйлгээнээр ялгагдахааргүй байдлаар Засгийн газартай хийсэн ажил гүйлгээ нь Засгийн газрын буцалтгүй тусламжинд хамаарахгүй. Засгийн газрын бцуалтгүй тусламжийг мөн зарим үед татаас, санхүүгийн тэтгэлэг, урамшуулал гэх мэт өөр нэрээр нэрлэх тохиолдол бий.
Зорилго
Аж ахуйн нэгж нь ажил гүйлгээг гадаад валютаар хийх эсвэл гадаадад үйл ажиллагаа явуулах гэсэн хоёр арга замаар гадаад үйл ажиллагаа эрхэлж болно. Түүнчлэн, ААН нь өөрийн санхүүгийн тайлангаа гадаад валютаар толилуулж болно. Энэхүү Стандартын зорилго нь гадаад валютаар хийгдсэн ажил гүйлгээ ба гадаад дахь үйл ажиллагаа санхүүгийн тайланд хэрхэн тусгах болон санхүүгийн тайланг толилуулгын валют руу хэрхэн хөрвүүлэхийг тодорхойлоход оршино.
Үндсэн асуудал нь валютын ямар ханш хэрэглэх ба валютын ханшийн өөрчлөлтийн үр нөлөөг санхүүгийн тайланд хэрхэн тусгах явдал юм.
Хамрах хүрээ
Энэ Стандартыг дараах тохиолдолд мөрдөнө:
Агуулгын хураангуй
Дээр дурдсанчилан аж ахуйн нэгж байгууллагууд янз бүрийн байдлаар гадаад үйл ажиллагаанд оролцох, гадаад валютаар ажил гүйлгээ хийх тохиолдол үүсдэг. Энэ стандартаар ямар үед ямар хөрөнгийг ямар ханшыг ашиглах, тайланг гадаад валютаар хэрхэн хөрвүүлж тайлагнахыг зохицуулдаг.
Түүнчлэн, НББОУС 21-д заасны дагуу аж ахуйн нэгж өдөр тутмын ажил гүйлгээгээ бүртгэлийн валютаараа бүртгэх ба санхүүгийн тайлангаа толилуулгын валютаараа толилуулах ёстой. Харин ажил гүйлгээ гарах үед спот ханшийг ашиглах бол тайлант үеийн эцэст мөнгөн зүйлсийг тайлант үеийн эцсээрх спот ханшаар, мөнгөн бус зүйлсийг түүхэн ханшаар толилуулна гэж заасан байдаг.
Мөн аж ахуйн нэгжүүд хэзээ дундаж ханшийг ашиглаж болох, хэзээ ашиглаж болохгүйг НББОУС 21-д тайлбарласан байдаг. Тиймээс, аж ахуйн нэгжид гадаад валюттай холбоотой бүртгэлийн асуудал үүссэн бол та энэ стандартын бүртгэлийн арга хандлага, зарчмыг ашиглана гэдгийг санаарай.
Үндсэн зарчим
Шалгуур хангах хөрөнгийн худалдан авалт, барьж байгуулалт буюу үйлдвэрлэлтэнд шууд хамааруулж болох зээлийн өртөг нь тухайн хөрөнгийн өртгийн нэг хэсэг болно. Бусад зээлийн өртгийг зардал гэж хүлээн зөвшөөрнө.
Хамрах хүрээ
Аж ахуйн нэгж нь зээлийн өртгийг тайлагнахдаа энэхүү Стандартыг дагаж мөрдөнө.
Энэ Стандарт нь өмчийн, үүн дотроо өр төлбөр гэж ангилаагүй давуу эрхтэй хувьцааны бодит буюу тооцоолсон өртөгт хамаарахгүй.
Аж ахуйн нэгж нь дараах хөрөнгийн худалдан авалт, барьж байгуулалт буюу үйлдвэрлэлтэнд шууд хамааруулж болох зээлийн өртгийн хувьд энэ Стандартыг мөрдөх шаардлагагүй:
(a) бодит үнэ цэнээр хэмжсэн шалгуур хангах хөрөнгө, жишээлбэл; НББОУС 41 Хөдөө Аж Ахуй-н цар хүрээнд хамаарах биологийн хөрөнгө; эсвэл
(б) дахин давтагдах байдлаар олон тоо хэмжээгээр үйлдвэрлэдэг буюу бусад байдлаар бий болгодог бараа материал.
Агуулгын хураангуй
НББОУС 23-ын хувьд дараах асуудлыг хамардаг:
Мөн НББОУС 23-д шалгуур хангах хөрөнгө болон зээлийн зардлын тодорхойлолтууд багтсан байдаг. Тухайлбал, зээлийн шимтгэл, хүүгийн зардал нь зээлийн өртөгт орох зардлуудын нийтлэг жишээ юм.
Зээлийн өртгийн хамгийн чухал асуудлуудын нэг нь нийтлэг зориулалттай зээлийг тусдаа шлагуур хангах олон хөрөнгүүдэд хуваарилах, зээлийн капиталжуулалтыг эхлэх, зогсоох цаг хугацааны асуудал байдаг. Харин энэ бүх асуудлыг НББОУС 23-аар тусгайлан зохицуулсан байдаг.
Зорилго
Энэхүү Стандартын зорилго нь холбоотой талуудтай хийсэн ажил гүйлгээ нь санхүүгийн байдал болон ашиг, алдагдалд нөлөө үзүүлсэн бол түүнийг тодруулгын хэсэгт толилуулахад оршино.
Хамрах хүрээ
Энэ Стандартыг дараах тохиолдолд мөрдөнө:
(а) холбоотой талуудын харилцааг тодорхойлох, тэдгээртэй хийсэн ажил гүйлгээг тогтоох;
(б) аж ахуйн нэгж ба түүний холбоотой талуудын хоорондох өглөг, авлагыг тодорхойлох;
(в) дээрх (а) ба (б)-д дурдсан зүйлсийн тодруулга хийхийг шаардах нөхцөл байдлуудыг тогтоох; ба
(г) эдгээр зүйлсийн талаар хийгдэх ёстой тодруулгыг тодорхойлох.
Санхүүжигчийн хувьд хамтын хяналттай эсвэл мэдэгдэхүйц нөлөөтэй хөрөнгө оруулагчийн буюу толгой компанийн СТОУС 10 Нэгтгэсэн Санхүүгийн Тайлан эсвэл НББОУС 27 Тусдаа Санхүүгийн Тайлан-гийн дагуу толилуулсан нэгтгэсэн болон тусдаа санхүүгийн тайланд холбоотой талуудын харилцаа, ажил гүйлгээ, үүн дотроо хүлээсэн хариуцлагын талаар тодруулга хийхийг шаарддаг. Энэ Стандартыг мөн бие даасан санхүүгийн тайланд мөрдөнө.
Группын бусад аж ахуйн нэгжүүдтэй хийсэн холбоотой талуудын ажил гүйлгээ ба төлөгдөөгүй үлдэгдлийг тухайн аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд тодруулна. Ашиг, алдагдлаар дамжуулан бодит үнэ цэнээр хэмжсэн хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгж ба түүний охин компаниудын хоорондох ажил гүйлгээ болон төлөгдөөгүй үлдэгдлээс бусад группын доторх холбоотой талуудын ажил гүйлгээ ба төлөгдөөгүй үлдэгдлийг тухайн группын нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэхдээ устгаж цэвэрлэнэ.
Агуулгын хураангуй
Холбоотой талуудын харилцаа нь худалдаа, бизнесийн ердийн үзэгдэл юм. Тухайлбал; аж ахуйн нэгж нь өөрийн үйл ажиллагааны зарим хэсгийг ихэвчлэн охин компани, хамтарсан үйлдвэр, хараат компаниараа дамжуулан эрхлэн явуулдаг. Энэ тохиолдолд аж ахуйн нэгж нь хяналт, хамтын хяналт эсвэл мэдэгдэхүйц нөлөөгөөрөө дамжуулан тухайн санхүүжигчийн санхүүгийн ба үйл ажиллагааны бодлогод нөлөө үзүүлэх чадвартай байдаг.
Холбоотой талуудын харилцаа нь аж ахуйн нэгжийн ашиг, алдагдал болон санхүүгийн байдалд нөлөө үзүүлж болно. Холбоогүй талуудын хооронд хийгдэхээргүй ажил гүйлгээг холбоотой талууд хийж болох юм. Жишээлбэл; бараагаа өөрийн толгой компанид өртгөөр нь борлуулдаг аж ахуйн нэгж нь өөр бусад худалдан авагчдад ийм нөхцлөөр борлуулалтыг хийхгүй байж болно. Мөн холбоогүй талуудын хооронд хийсэн ажил гүйлгээний тэрхүү дүнгээр холбоотой талуудын хоорондох ажил гүйлгээг хийхгүй байж болох юм.
Холбоотой талуудын ажил гүйлгээ гараагүй байсан ч гэсэн холбоотой талуудын харилцаа нь аж ахуйн нэгжийн ашиг, алдагдал болон санхүүгийн байдалд нөлөө үзүүлж болно. Ийм харилцаа ердөө оршин байх нь тухайн аж ахуйн нэгжийн бусад талуудтай хийх ажил гүйлгээнд нөлөөлөхөд хангалттай байж болох юм. Жишээлбэл; тухайн охин компанитай ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг өөр нэг охин компанийг толгой компани нь худалдан авсан тохиолдолд уг охин компани нь тэрхүү охин компанийн хуучин худалдааны түнш болох өөрийн худалдааны түншээс харилцаагаа цуцалж болох юм. Үүнтэй адилаар, нэг тал нь нөгөө талын мэдэгдэхүйц нөлөөний улмаас, тухайлбал, судалгаа ба хөгжүүлэлтийн ажиллагаанд түүнийг оролцохгүй байх заавар удирдамжийг толгой компаниас өгсөн тул үйл ажиллагаанаас татгалзаж болно.
Ийм учраас холбоотой талуудтай аж ахуйн нэгжийн хийсэн ажил гүйлгээ, төлөгдөөгүй үлдэгдэл, үүн дотроо хүлээсэн хариуцлага, түүнчлэн холбоотой талын харилцааны талаар мэдлэгтэй байх нь санхүүгийн тайлангийн хэрэглэгчдийн зүгээс түүний үйл ажиллагаанд хийх үнэлгээ, үүнд тухайн аж ахуйн нэгжид тулгарч буй эрсдэл ба боломжит байдлын талаархи үнэлгээнд нөлөө үзүүлж болох юм.
Тиймээс ч энэ Стандарт холбоотой тал болон түүний гэр бүлийн гишүүн болон ойр дотны хүн гэж хэнийг хэлэх, тэдгээрийг хэрхэн тодорхойлж санхүүгийн тайланд ямар ямар мэдээллийг хэрхэн тодруулахыг заасан байдаг.
Хамрах хүрээ
Тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийн хөтөлбөрийн санхүүгийн тайланг бэлтгэх үед уг санхүүгийн тайланд энэхүү Стандартыг мөрдөнө.
Агуулгын хураангуй
Тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийн хөтөлбөрийг зарим үед “тэтгэврийн хөтөлбөр”, “өндөр насны тэтгэврийн хөтөлбөр” эсвэл “тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийн хөтөлбөр” гэх мэт янз бүрийн өөр нэрээр нэрлэдэг. Энэхүү Стандарт нь тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийн хөтөлбөрийг уг хөтөлбөрт оролцогч ажил олгогчдоос тусдаа байх тайлагнагч аж ахуйн нэгж гэж үздэг. Энэ Стандартаар хориглоогүй тохиолдолд бусад бүх Стандартыг тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийн хөтөлбөрийн санхүүгийн тайланд мөрдөнө.
Энэ Стандарт нь уг хөтөлбөрийн нягтлан бодох бүртгэл ба тайлагналыг бүх оролцогчдын хувьд нэг бүлэг байдлаар авч үздэг. Тухайлсан тодорхой оролцогчдын тэтгэвэр тэтгэмжийн эрхийн талаархи тайланг энд авч үзэхгүй.
НББОУС 19 Ажилтны Тэтгэмж нь ийм хөтөлбөр бүхий ажил олгогчдын санхүүгийн тайлан дахь тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийн зардлын тодорхойлолтонд хамаарна. Иймээс энэ Стандарт нь НББОУС 19-ийн гүйцээлт, түүний үргэлжлэл юм.
Тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийн хөтөлбөр нь тогтоосон шимтгэлийн хөтөлбөр эсвэл тогтоосон тэтгэмжийн хөтөлбөр байж болох юм. Ийм олон хөтөлбөр нь тусдаа сан байгуулахыг шаарддаг, тэр нь тусдаа хуулийн этгээд байж болно эсвэл тийм биш ч байж болно. Мөн шимтгэлийн орлогоо төвлөрүүлэх ба тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийг төлөх итгэмжлэгдсэн этгээдтэй байж болно эсвэл итгэмжлэгдсэн этгээдгүй ч байж болно. Ингэж сан байгуулсан эсэх болон итгэмжлэгдсэн этгээдтэй, үгүй эсэхээс үл хамааран энэ Стандартыг мөрдөнө.
Хөрөнгөөрөө даатгалын компаниудад хөрөнгө оруулалт хийсэн тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийн хөтөлбөр нь хувиараа хөрөнгө оруулах хөтөлбөр арга хэмжээтэй нэг адилаар нягтлан бодох бүртгэл ба санхүүжилтийн ижил шаардлагуудыг дагаж мөрдөнө. Иймээс даатгалын компанитай байгуулсан гэрээг тухайн нэг оролцогчийн эсвэл оролцогчдын бүлгийн нэрээр хийсэн бөгөөд тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийн үүрэг нь зөвхөн уг даатгалын компанийн хариуцлага байхаас бусад тохиолдолд хөтөлбөр нь энэ Стандартын хамрах хүрээнд хамаарна.
Энэ Стандарт нь ажлаас халагдалтын нөхөн төлбөр, хойшлогдсон нөхөн төлбөрийн хөтөлбөр, удаан хугацаанд ажилласны тэтгэмж, тэтгэвэрт тусгайлан эрт гаргалт буюу цомхотгол, эрүүл мэнд ба нийгмийн хамгааллын хөтөлбөр, шагналын хөтөлбөр гэх мэт ажил эрхлэлтийн бусад төрлийн тэтгэмжүүдийг авч үзэхгүй. Засгийн газрын нийгмийн хамгаалал хэлбэрийн хөтөлбөр арга хэмжээ нь мөн энэ Стандартын хамрах хүрээнд хамаарахгүй.
Зорилго
Энэ Стандартын зорилго нь аж ахуйн нэгж тусдаа санхүүгийн тайлан гаргах үедээ охин компани, хамтарсан үйлдвэр, хараат компани дахь хөрөнгө оруулалтаа бүртгэж тодруулах арга хандлагыг нь тодорхойлох юм.
Хамрах хүрээ
Аж ахуйн нэгж нь тусдаа санхүүгийн тайлан толилуулахаар өөрөө сонголт хийсэн эсвэл ингэж толилуулахыг орон нутгийн хууль тогтоомжоор шаардсан тохиолдолд охин компани, хамтарсан үйлдвэр, хараат компани дахь хөрөнгө оруулалтын нягтлан бодох бүртгэлд энэхүү Стандартыг мөрдөнө.
Энэ Стандарт нь ямар аж ахуйн нэгж тусдаа санхүүгийн тайлан гаргахыг албан ёсоор тогтоохгүй. Харин аж ахуйн нэгж нь Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарттай нийцсэн тусдаа санхүүгийн тайлан гаргах тохиолдолд энэ Стандартыг мөрдөнө.
Агуулгын хураангуй
Энэ Стандартад тусдаа санхүүгийн тайлан гаргах үедээ охин компани, хамтарсан үйлдвэр, хараат компани дахь хөрөнгө оруулалтаа аж ахуйн нэгж ямар дүнгээр хэрхэн хэмжиж толилуулахыг заасан байдаг. Түүнчлэн эдгээртэй холбоотой ямар ямар мэдээллийг хэрхэн тодруулахыг тайлбарласан байдаг.
Зорилго
Энэхүү Стандартын зорилго нь хараат компани дахь хөрөнгө оруулалтын нягтлан бодох бүртгэлийг тодорхойлох ба хараат компани болон хамтарсан үйлдвэр дэх хөрөнгө оруулалтыг бүртгэх үед өмчийн аргыг хэрэглэх шаардлагуудыг тогтоох явдал юм.
Хамрах хүрээ
Санхүүжигчийн хувьд хамтын хяналттай эсвэл мэдэгдэхүйц нөлөөтэй хөрөнгө оруулагч болох бүх аж ахуйн нэгжүүд нь энэхүү Стандартыг мөрдөнө.
Агуулгын хураангуй
СТОУС 11 Хамтын Хэлэлцээр 2014 онд шинээр гарснаар уг Стандартад нэлээдгүй өөрчлөлт орсон. Тиймээс уг Стандарт нь СТОУС 11-тэй олон талаараа холбогддог. Энэ Стандартын хувьд Хараат болон Хамтарсан үйлдвэр гэж юуг хэлдэг, тэдгээр дэх хөрөнгө оруулалтыг өмчийн аргын дагуу хэрхэн толилуулахыг тайлбарласан удирдамжаар хангадаг. Түүнчлэн, мэдэгдэхүйц нөлөө гэж юу болох
Хамрах хүрээ
Бүртгэлийн валют нь хэт инфляцитай эдийн засгийн үеийн валют байх аливаа аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, үүн дотроо нэгтгэсэн санхүүгийн тайлангийн хувьд энэ Стандартыг мөрдөнө.
Хэт инфляцитай эдийн засгийн үед үйл ажиллагааны үр дүн ба санхүүгийн байдлыг дахин илэрхийлэхгүйгээр тухайн орон нутгийн валютаар тайлагнах нь ач холбогдолгүй юм. Өөр өөр цаг хугацаанд, түүнчлэн нягтлан бодох бүртгэлийн нэг тайлант үеийн дотор гарч тохиолдсон ажил гүйлгээ ба бусад үйл явдлуудаас үүссэн дүнгүүдийн зэрэгцүүлэлт нь төөрөгдөлд хүргэхүйц тийм хувь хэмжээгээр мөнгөний худалдан авах чадвар буурч байдаг.
Агуулгын хураангуй
Энэ Стандарт нь хэт инфляци үүссэн гэж үзэхэд хүргэх үнэмлэхүй дүнг тогтоохгүй. Энэ Стандартын дагуу санхүүгийн тайланг хэзээ дахин илэрхийлэх шаардлагатай эсэхийг тогтоох нь шүүн тунгаалтын асуудал юм. Хэт инфляци үүссэнийг илэрхийлэх улс орны эдийн засгийн шинж байдлуудад дараах зүйлс хамаарах боловч үүгээр хязгаарлагдахгүй:
(а) ард түмэн нь өөрийн эд баялагийг мөнгөн бус хөрөнгөөр эсвэл харьцангуй тогтвортой гадаад валютаар хадгалахыг эрхэмлэдэг байх. Худалдан авах чадварыг хадгалахын тулд эзэмшиж буй дотоодын валютаар нэн даруй хөрөнгө оруулалт хийдэг байх;
(б) ард түмэн нь мөнгөн дүнг дотоодын валютаар бус харин харьцангуй тогтвортой гадаад валютаар харгалзан үздэг байх. Үнийг мөн ийм гадаад валютаар тогтоох;
(в) хэдийгээр зээлийн хугацаа богино байлаа ч гэсэн зээлээр борлуулалт ба худалдан авалт нь тухайн зээлийн хугацааны туршид худалдан авах чадварт гарах хүлээгдэж буй алдагдлыг нөхөх үнээр тооцогдох;
(г) хүүний түвшин, цалин хөлс ба үнэ нь үнийн индекстэй холбогдсон байх;
(д) сүүлийн гурван жилийн инфляцийн хуримтлагдсан түвшин нь 100 хувьд ойртох буюу түүнээс давж гарах.
Хэт инфляцитай эдийн засгийн үеийн валютаар тайлагнаж буй бүх аж ахуйн нэгжүүд нь уг тайлагналын өдрөөс эхлэн энэ Стандартыг мөрдөхийг зохистой гэж үзнэ. Гэхдээ тайлагнах уг валютын хамаарах улс оронд хэт инфляци үүссэн гэдгийг тогтоосон тухайн тайлант үеийн эхнээс энэ Стандартыг аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд мөрдөнө.
Зорилго
Энэ Стандартын зорилго нь санхүүгийн хэрэглүүрийг өр төлбөр эсвэл өмч байдлаар толилуулах, түүнчлэн санхүүгийн хөрөнгө ба санхүүгийн өр төлбөрийг харилцан суутгаж, цэвэр дүн гаргах зарчмуудыг тогтооход оршино. Гаргагчийн зүгээс санхүүгийн хэрэглүүрийг санхүүгийн хөрөнгө, санхүүгийн өр төлбөр, өмчийн хэрэглүүр гэж ангилах ангилал; холбогдох хүү, ногдол ашиг, олз, гарзын ангилал; санхүүгийн хөрөнгө ба санхүүгийн өр төлбөрийг харилцан суутгаж, цэвэр дүнг гаргах нөхцөл байдал зэргийн хувьд Стандартыг мөрдөнө.
Энэ Стандартад заасан зарчмууд нь санхүүгийн хөрөнгө, санхүүгийн өр төлбөрийг хүлээн зөвшөөрч, хэмжих СТОУС 9 Санхүүгийн Хэрэглүүр-ийн зарчмууд болон санхүүгийн хөрөнгө, санхүүгийн өр төлбөрийн талаархи мэдээллийг тодруулах СТОУС 7 Санхүүгийн Хэрэглүүр: Тодруулга-ын зарчмуудын нэмэлт гүйцээлт юм.
Хамрах хүрээ
Бүх аж ахуйн нэгжүүд нь доор дурдсанаас бусад бүх төрлийн санхүүгийн хэрэглүүрийн хувьд энэ Стандартыг мөрдөнө:
(a) СТОУС 10 Нэгтгэсэн Санхүүгийн Тайлан, НББОУС 27 Тусдаа Санхүүгийн Тайлан, НББОУС 28 Хараат Компани ба Хамтарсан Үйлдвэр дэх Хөрөнгө Оруулалт-ын дагуу тайлагнадаг охин компани, хараат компани, хамтарсан үйлдвэр дэх хувь оролцоо. Гэвч зарим тохиолдолд СТОУС 10, НББОУС 27, НББОУС 28 нь охин компани, хараат компани, хамтарсан үйлдвэр дэх хувь оролцоог СТОУС 9-ийг ашиглан тайлагнахыг аж ахуйн нэгжээс шаарддаг буюу зөвшөөрдөг; ийм тохиолдолд аж ахуйн нэгжүүд нь энэ Стандартын шаардлагуудыг мөрдөнө. Мөн аж ахуйн нэгжүүд нь охин компани, хараат компани, хамтарсан үйлдвэр дэх хувь оролцоотой холбоотой бүх үүсмэл хэрэглүүрийн хувьд энэ Стандартыг мөрдөнө.
(б) НББОУС 19 Ажилтны Тэтгэмж-ийг мөрдөх ажилтны тэтгэмжийн хөтөлбөрийн дагуу хүлээх ажил олгогчийн эрх ба үүрэг;
(в) СТОУС 17 Даатгалын Гэрээ-ний цар хүрээнд хамаарах гэрээнүүд. Гэвч доорх зүйлсийн хувьд энэ Стандартыг мөрдөнө:
(i) СТОУС 17-гийн цар хүрээнд хамаарах гэрээнүүдийг дагалдах, үүсмэл хэрэглүүрийг хэрэв СТОУС 9 нь тусдаа тайлагнахыг аж ахуйн нэгжүүдээс шаарддаг бол дагалдах үүсмэл хэрэглүүрт;
(ii) СТОУС 17-гийн цар хүрээнд хамаарах гэрээнүүдээс салган тусгаарласан бөгөөд ингэж салгаж тусгаарлахыг СТОУС 17-гоор шаарддаг уг гэрээний хөрөнгө оруулалтын бүрэлдэхүүн хэсгүүд.
Түүнчлэн, гаргагч нь санхүүгийн баталгааны гэрээг хүлээн зөвшөөрөх ба хэмжихдээ СТОУС 9-ийг мөрддөг бол уг гэрээнд энэхүү Стандартыг мөрдөнө. Харин гаргагч нь тухайн гэрээг хүлээн зөвшөөрөх ба хэмжихдээ СТОУС 17-гийн 7(д) параграфын дагуу СТОУС 17-г мөрдөх сонголт хийсэн бол СТОУС 17-г мөрдөнө.
(г) Доор дурдснаас бусад бөгөөд СТОУС 2 Хувьцаанд Суурилсан Төлбөр-ийг мөрдөх хувьцаанд суурилсан төлбөртэй ажил гүйлгээний дагуух санхүүгийн хэрэглүүр, гэрээ ба үүрэг:
(i) Санхүүгийн бус зүйлийг худалдан авах буюу борлуулах бөгөөд цэвэр дүнгээр нь мөнгөөр буюу бусад санхүүгийн хэрэглүүрээр барагдуулах, эсвэл санхүүгийн хэрэглүүрүүдээр солилцож болох гэрээнүүдэд, тэдгээр гэрээнүүд,
(ii) Ажилтны хувьцааны опционы хөтөлбөр, ажилтны хувьцаа худалдан авах хөтөлбөр болон хувьцаанд суурилсан төлбөр бүхий бусад бүх хэлцэлтэй холбоотойгоор худалдан авсан, борлуулсан, гаргасан буюу хүчингүй болгосон халаасны хувьцаа.
Энэ стандартын хувьд бусад санхүүгийн хэрэглүүрийн стандартууд болох НББОУС 39, СТОУС 7, СТОУС 9-тэй хамт хэрэглэгддэг. Санхүүгийн хэрэглүүрийн хувьд түүнийг хэрхэн ангилж хэмжих, тодруулах асуудал нь энэ стандартад хамаарах бөгөөд зөвхөн хамрах хүрээнд нь багтах санхүүгийн хэрэглүүдийг санхүүгийн тайланд хэрхэн бүртгэж толилуулах асуудлыг зохицуулдаг. Тиймээс, аж ахуйн нэгжүүд энэ стандартын хамрах хүрээнд орсон санхүүгийн гэрээ хэлэлцээрүүдийг санхүүгийн тайланд толилуулах удирдамжыг авахыг хүсвэл энэ стандарттай дэлгэрэнгүй танилцаарай.
Зорилго
Энэхүү Стандартын зорилго нь нэгж хувьцаанд ногдох ашиг болон түүнийг толилуулах зарчмуудыг тодорхойлох явдал юм. Ингэснээр, зэрэгцүүлэгдэхүйц байдал нэмэгдэнэ гэж үздэг.
Хамрах хүрээ
Энэхүү Стандартыг дараах санхүүгийн тайланд мөрдөнө:
(а) Доорх аж ахуйн нэгжийн тусдаа буюу бие даасан санхүүгийн тайлан:
(i) энгийн хувьцаа буюу боломжит энгийн хувьцаа нь хөрөнгийн зах зээлд (дотоодын буюу гадаадын хөрөнгийн бирж, эсвэл орон нутгийн болон бүс нутгийн албан бус зах зээлд) арилжаалагддаг; эсвэл
(ii) хөрөнгийн зах зээлд энгийн хувьцаа гаргах зорилгоор өөрийн санхүүгийн тайланг Үнэт цаасны хороо буюу бусад зохицуулагч байгууллагад танилцуулдаг эсвэл ингэж танилцуулахаар бэлтгэж байгаа; ба
(б) Доорх толгой компанийн нэгтгэсэн санхүүгийн тайлан:
(i) энгийн хувьцаа буюу боломжит энгийн хувьцаа нь хөрөнгийн зах зээлд (дотоодын буюу гадаадын хөрөнгийн бирж, эсвэл орон нутгийн болон бүс нутгийн албан бус зах зээлд) арилжаалагддаг; эсвэл
(ii) хөрөнгийн зах зээлд энгийн хувьцаа гаргах зорилгоор өөрийн санхүүгийн тайланг Үнэт цаасны хороо буюу бусад зохицуулагч байгууллагад танилцуулдаг эсвэл ингэж танилцуулахаар бэлтгэж байгаа; ба
Нэгж хувьцаанд ногдох ашгийн тодруулга хийдэг аж ахуйн нэгж нь энэхүү Стандартын дагуу нэгж хувьцаанд ногдох ашгийг тооцоолж, тодруулна.
Аж ахуйн нэгж нь СТОУС 10 Нэгтгэсэн Санхүүгийн Тайлан ба НББОУС 27 Тусдаа Санхүүгийн Тайлан-гийн дагуу тус тус бэлтгэсэн, нэгтгэсэн болон тусдаа санхүүгийн тайлангийн аль алиныг толилуулж буй тохиолдолд энэ Стандартаар шаардсан тодруулгыг зөвхөн нэгтгэсэн мэдээлэлд үндэслэн толилуулах хэрэгтэй. Нэгж хувьцаанд ногдох ашгийг өөрийн тусдаа санхүүгийн тайланд үндэслэн тодруулахаар сонголт хийсэн аж ахуйн нэгж нь нэгж хувьцаанд ногдох ашгийн ийм мэдээллийг зөвхөн дэлгэрэнгүй орлогын тайландаа толилуулна. Аж ахуйн нэгж нь нэгж хувьцаанд ногдох ашгийн ийм мэдээллийг нэгтгэсэн санхүүгийн тайландаа толилуулахгүй.
Хэрэв аж ахуйн нэгж нь ашиг, алдагдлын зүйлсийг НББОУС 1 Санхүүгийн Тайлангийн Толилуулга-ын дагуу тусдаа тайланд толилуулдаг бол нэгж хувьцаанд ногдох ашгийг зөвхөн уг тусдаа тайланд толилуулна.
Агуулгын хураангуй
Энэ Стандартыг судалснаараа та нэгж хувьцаанд ногдох ашигтай холбоотой нэлээдгүй олон нэр томьёонуудын талаар мэдэж авах болно. Тухайлбал, сөрөг хорогдуулалт, болзошгүй хувьцааны хэлцэл, гаргаж болзошгүй энгийн хувьцаа, опцион, боломжит энгийн хувьцаа гэх мэт. Мөн нэгж хувьцаанд ногдох суурь болон хорогдуулсан ашгийн хэрхэн тооцдог болох, эдгээр дүнгүүд сөрөг үед хэрхэн толилуулж тодруулдаг зэрэгт суралцана.
Зорилго
Энэ Стандартын зорилго нь завсрын үеийн санхүүгийн тайлангийн хамгийн наад захын агуулга, завсрын үеийн иж бүрэн буюу хураангуй санхүүгийн тайлан дахь хүлээн зөвшөөрөлт ба хэмжилтийн зарчмуудыг тодорхойлоход оршино. Цаг хугацаандаа, найдвартай бэлтгэгдсэн завсрын үеийн санхүүгийн тайлагнал нь аж ахуйн нэгжийн ашиг ба мөнгөн гүйлгээ бий болгох чадвар, түүний санхүүгийн нөхцөл байдал, төлбөрийн чадварыг ойлгох хөрөнгө оруулагч, зээлдэгч болон бусад талуудын боломжийг нэмэгдүүлж өгдөг.
Хамрах хүрээ
Ямар аж ахуйн нэгж нь завсрын үеийн санхүүгийн тайланг ямар давтамжтайгаар эсвэл уг завсрын үеийн эцсээс хойш хэдий хугацааны дотор хэвлэн нийтлэх шаардлагатай эсэхийг энэхүү Стандартад албан ёсоор заагаагүй. Гэвч засгийн газар, үнэт цаасны зохицуулагчид, хөрөнгийн бирж, нягтлан бодох бүртгэлийн байгууллагууд нь өрийн буюу өмчийн үнэт цаасаа олон нийтэд арилжаалдаг аж ахуйн нэгжүүдийг завсрын үеийн санхүүгийн тайлангаа хэвлэн нийтлэхийг ихэвчлэн шаарддаг. Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (СТОУС)-ын дагуу завсрын үеийн санхүүгийн тайлангаа хэвлэн нийтлэх шаардлагатай эсвэл ингэж хэвлэх сонголт хийсэн аж ахуйн нэгж нь энэ Стандартыг мөрдөнө.
Агуулгын хураангуй
Уг Стандартад заасны дагуу "Завсрын үеийн санхүүгийн тайланд хамгийн наад зах нь дараах бүрэлдэхүүн хэсгүүд хамаарна:
(а) хураангуй санхүүгийн байдлын тайлан;
(б) ашиг, алдагдал ба бусад дэлгэрэнгүй орлогын хураангуй тайлан эсвэл хураангуй тайлангууд;
(в) хураангуй өмчийн өөрчлөлтийн тайлан;
(г) хураангуй мөнгөн гүйлгээний тайлан;
(д) сонгон авсан тайлбар тодруулга.
Хэрэв аж ахуйн нэгж нь өөрийн завсрын үеийн санхүүгийн тайландаа иж бүрэн санхүүгийн тайланг хэвлэн нийтэлдэг бол тэдгээр тайлангийн хэлбэр ба агуулга нь иж бүрэн санхүүгийн тайлангийн хувьд заасан НББОУС 1-ийн шаардлагуудтай нийцсэн байх ёстой. Иж бүрэн санхүүгийн тайлангийн шаардлагуудыг НББОУС 1-д заасан дэлгэрэнгүй заасан байдаг. Илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энэ Стандартын талаарх хичээл болон мэдээ, мэдээлэлтэй танилцана уу.
Зорилго
Энэ Стандартын зорилго нь хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг тооцох, бүртгэж толилуулах, тодруулах арга аргачлалаар хангах юм. Ингэхдээ, аливаа хөрөнгийн дансны үнэ нь нөхөгдөх дүнгээсээ хэтэрсэн тохиолдолд үнэ цэнийн бууралт гэж үзэхийг шаардсан байдаг. Мөн дан ганц хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг тооцох боломжгүй үед бүлэг хөрөнгийн хувьд хэрхэн тооцож, үүссэн гарзыг хуваарилах удирдамжаар хангадаг.
Хамрах хүрээ
Энэ Стандартыг доор дурдсанаас бусад бүх хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг тайлагнахад мөрдөнө:
(а) НББОУС 2 Бараа Материал-ын хамрах хүрээнд багтах бараа материал;
(б) СТОУС 15 Худалдан Авагчидтай Байгуулсан Гэрээний Орлого-ын дагуу хүлээн зөвшөөрөх гэрээний хөрөнгө, түүнчлэн гэрээг байгуулах буюу гүйцэтгэхийн тулд гаргах өртөг зардлаас үүссэн хөрөнгө;
(в) НББОУС 12 Орлогын Албан Татвар-ын хамрах хүрээнд багтах хойшлогдсон татварын хөрөнгө;
(г) НББОУС 19 Ажилтны Тэтгэмж-ийн хамрах хүрээнд хамаарах ажилтны тэтгэмжтэй холбоотойгоор үүссэн хөрөнгө;
(д) СТОУС 9 Санхүүгийн Хэрэглүүр-ийн хамрах хүрээнд хамаарах санхүүгийн хөрөнгө;
(е) НББОУС 40 Хөрөнгө Оруулалтын Зориулалттай Үл Хөдлөх Хөрөнгө-д заасан бодит үнэ цэнээр нь хэмжсэн хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө
(ж) НББОУС 41 Хөдөө Аж Ахуй-н хамрах хүрээнд хамаарах хөдөө аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой бөгөөд борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнээр хэмжигддэг биологийн хөрөнгө;
(и) СТОУС 17 Даатгалын Гэрээ-ний хамрах хүрээнд хамаарах хөрөнгө болох гэрээнүүд болон
(к) СТОУС 5 Борлуулах Зорилгоор Эзэмшиж Буй Эргэлтийн Бус Хөрөнгө ба Зогсоосон Үйл Ажиллагаа-ны дагуу борлуулах зорилгоор эзэмшиж байгаа гэж ангилсан эргэлтийн бус хөрөнгө болон хөрөнгийн бүлгүүд.
Агуулгын хураангуй
Уг Стандарт нь маш олон хөрөнгүүдэд хэрэглэгддэг, тэдгээрийн үнэ цэнийг үнэн зөв илэрхийлэхэд чиглэгдсэн томоохон стандартуудын нэг юм. Мөн тооцооллын олон шалгуур, шаардлага, мэргэжлийн шийдэл шаардагддаг тул аж ахуйн нэгжийн хувьд хэрэглэхэд томоохон сорилт болдог.
НББОУС 36-ийн үндсэн зарчим нь аливаа хөрөнгө эсвэл мөнгө бий болгогч нэгжийн дансны үнэ нь нөхөгдөх дүнгээсээ их байгаа үед үнэ цэнийн бууралтыг хүлээн зөвшөөрч бүртгэхийг шаарддаг. Нөхөгдөх дүн гэдэг нь тухайн хөрөнгийн ашиглалтын үнэ цэнэ болон борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнэ хоёрын аль их нь байдаг. Дээр дурдсанчилан, "ашиглалтын үнэ цэнэ"-ийн тооцооллийг хийх нь уг стандартын хамгийн том сорилт болсон асуудлын нэг. Учир нь, ААН нь тухайн хөрөнгөөс бий болох ирээдүйн олон жилийн үр өгөөжийг тооцохдоо мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ, тодорхой бус байдал, техник технологийн ирээдүйн хэтийн төлөв, таамаг зэргийг харгалзаж үзэх болдог.
Мөн дан ганц хөрөнгийн хувьд бус мөнгөн дотогш урсгал үүсгэх боломжтой хөрөнгүүдийн хамгийн бага нэгдлийн хувьд дээрх дүнгүүдийг тооцох хэрэг гардаг. Энэ үед мөн корпорацийн хөрөнгүүдийн асуудал үүсдэг. Энэ стандарттай холбоотой дурдахгүй өнгөрч болохгүй томоохон шаардлагуудын нэг нь дийлэнх хөрөнгүүдийн үнэ цэнийн бууралтыг тайлант жил бүрт шалгах, хэрэв үнэ цэнэ нь өссөн бол өмнөх үеийн үнэ цэнийн бууралтын гарзыг буцаах асуудал юм.
Зорилго
Энэ Стандартын зорилго нь нөөц, болзошгүй өр төлбөр ба болзошгүй хөрөнгөнд тохирох хүлээн зөвшөөрөлтийн шалгуур ба хэмжилтийн суурийг мөрдсөн бөгөөд тэдгээрийн шинж төрөл, хугацаа, дүнг ойлгох боломжийг хэрэглэгчдэд олгох хангалттай мэдээллийг тодруулсан эсэхийг бататгахад оршино.
Хамрах хүрээ
Энэхүү Стандартыг доор дурдсанаас бусад нөөц, болзошгүй өр төлбөр ба болзошгүй хөрөнгийн тайлагналд бүх аж ахуйн нэгжүүд мөрдөнө:
(а) алдагдалтай гэрээнээс бусад, бүрэн биелэгдээгүй гэрээнээс үүссэн нөөц, болзошгүй өр төлбөр, болзошгүй хөрөнгө; ба
(б) бусад Стандартын хамрах хүрээнд хамаарах нөөц, болзошгүй өр төлбөр, болзошгүй хөрөнгө.
СТОУС 9 Санхүүгийн Хэрэглүүр-ийн хамрах хүрээнд хамаарах баталгаа зэрэг санхүүгийн хэрэглүүрт энэ Стандартыг мөрдөхгүй.
Бүрэн биелэгдээгүй гэрээ гэдэг нь аль нэг тал өөрийн ямар нэг үүргийг биелүүлээгүй эсвэл хоёр талын аль аль нь өөрсдийн үүргийг адил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн биелүүлсэн гэрээ юм. Алдагдалтай гэрээ байхаас бусад тохиолдолд энэ Стандартыг бүрэн биелэгдээгүй гэрээнд мөрдөхгүй.
Агуулгын хураангуй
Уг Стандартад нөөц, болзошгүй хөрөнгө болон болзошгүй өр төлбөр гэж юуг хэлдэг, тэдгээрийг тайлагнаж, тодруулдаг талаар тайлбарласан байдаг. Түүнчлэн, болзшгүй зүйлсийг хэрхэн хэмждэг, тооцооллыг найдвартай байдлыг хэрхэн тодорхойлдог талаарх удирдамжаар хангадаг. Мөн өнгөрсөн хугацаанд болсон ямар үйл явдлын улмаас хариуцлага хүлээх үйл явдал үүсдэг, тэдгээртэй холбоотойгоор ирээдүйд үүсэж болох нөөцийн гадагш урсгалыг хэрхэн тодорхойлж тодруулах асуудал энэ Стандартад багтсан байдаг.
Зорилго
Энэ Стандартын зорилго нь бусад Стандартаар зохицуулаагүй биет бус хөрөнгийн бүртгэлийн арга хандлагыг тодорхойлох юм. Өөрөөр хэлбэл, хэрэв биет бус шинж чанартай ч НББОУС 38-аас өөр стандартаар бүртгэж толилуулахыг шаардсан бол энэ Стандартыг мөрдөхгүй гэсэн үг.
Хамрах хүрээ
Энэ Стандартыг доор дурдснаас бусад бүх биет бус хөрөнгийн нягтлан бодох бүртгэлд мөрдөнө:
(а) бизнесийн хэвийн үйл ажиллагааны явцад аж ахуйн нэгж нь борлуулах зорилгоор эзэмшиж буй биет бус хөрөнгийг НББОУС 2 Бараа Материал-аар бүртгэнэ.
(б) хойшлогдсон татварын хөрөнгө-ийг НББОУС 12 Орлогын Албан Татвар-аар бүртгэнэ.
(в) биет бус хөрөнгийн түрээсийг СТОУС 16 Түрээс-ийн дагуу тайлагнана.
(г) ажилтны тэтгэмжээс үүсэх хөрөнгө-ийг НББОУС 19 Ажилтны Тэтгэмж-ийн дагуу тайлагнана.
(д) НББОУС 32-т тодорхойлсон санхүүгийн хөрөнгө. Зарим санхүүгийн хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт ба хэмжилтийг СТОУС 10 Нэгтгэсэн Санхүүгийн Тайлан, НББОУС 27 Тусдаа Санхүүгийн Тайлан, НББОУС 28 Хараат Компани ба Хамтарсан Үйлдвэр Дэх Хөрөнгө Оруулалт-д заасан байдаг;
(е) бизнесийн нэгдлээр олж авсан гүүдвил-ийг СТОУС 3 Бизнесийн Нэгдэл-ээр бүртгэнэ.
(ё) СТОУС 17 Даатгалын Гэрээ-ний хамрах хүрээнд хамаарах гэрээнүүд.
(ж) СТОУС 5 Борлуулах Зорилгоор Эзэмшиж Буй Эргэлтийн Бус Хөрөнгө ба Зогсоосон Үйл Ажиллагаа-ны дагуу борлуулах зорилгоор эзэмшиж байгаа гэж ангилсан эргэлтийн бус биет бус хөрөнгө.
(з) СТОУС 15 Худалдан Авагчидтай Байгуулсан Гэрээний Орлого-ын дагуу хүлээн зөвшөөрсөн, худалдан авагчидтай байгуулсан гэрээнээс үүссэн хөрөнгө.
(и) хайгуул ба үнэлгээний хөрөнгөд хамаарах биет бус хөрөнгийг СТОУС 6 Ашигт Малтмалын Хайгуул ба Үнэлгээ-ний дагуу бүртгэх; ба
(й) ашигт малтмал, газрын тос, байгалийн хий болон тэдгээртэй адилтгах үл нөхөн сэргээгдэх нөөцийн хөгжүүлэлт ба олборлолтын зардал.
Агуулгын хураангуй
Биет бус хөрөнгүүдийн хувьд бусад хөрөнгүүдээс ялгагдах гол ялгаа нь "биет шинж чанаргүй" байдагт оршино. Биет шинж чанаргүй тул түүнийг элэгдүүлэх бус хорогдуулах ёстой. Мөн энэ шинж чанар нь бусад хөрөнгүүдээс ялгагдах бүртгэлийн хамгийн том ялгаа буюу хорогдуулахгүй байх нөхцөлийг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, тодорхойгүй ашиглалтын хугацаа-тай биет бус хөрөнгийг хорогдуулахгүй бөгөөд зөвхөн үнэ цэнийн бууралтыг нь шалгана гэсэн үг. Түүнчлэн ихэнх биет бус хөрөнгүүд нь үлдэх өртөггүй байдаг. Эдгээр онцлогууд нь биет бус хөрөнгийн бүртгэлийн биет хөрөнгүүдээс онцгой болгодог тул аж ахуйн нэгжүүдийн хувьд биет бус хөрөнгийн бүртгэлд нэлээдгүй анхаарах шаардлагыг үүсгэдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг НББОУС 38-тай холбоотой видео хичээлээс үзээрэй.
Хамрах хүрээ
Бүх аж ахуйн нэгж нь дараах тохиолдолд СТОУС 9 Санхүүгийн Хэрэглүүр-ийн хамрах хүрээнд багтах санхүүгийн хэрэглүүрийн хувьд энэхүү Стандартыг мөрдөнө. Үүнд:
(а) СТОУС 9 нь энэ Стандартад заасан хейжийн нягтлан бодох бүртгэлийн шаардлагуудыг даган мөрдөхийг зөвшөөрдөг;
(б) тухайн санхүүгийн хэрэглүүр нь энэ Стандартын дагуу хейжийн нягтлан бодох бүртгэлийн шалгуурыг хангах хейжийн харилцааны нэг хэсэг байх.
Агуулгын хураангуй
Санхүүгийн хэрэглүүрийн бүртгэлийн асуудал нь олон улсын хэмжээнд нэлээдгүй маргаантай сэдвүүдийн нэг юм. Тэр ч утгаараа СТОУС-ыг шүүмжлэх томоохон асуудал нь байсаар ирсэн. Санхүүгийн хэрэглүүртэй холбоотой бүртгэлийн асуудал жил бүр өөрчлөгдөж байдаг ба СТОУС 9 Санхүүгийн Хэрэглүүр-т үүнтэй холбоотой бүх шаардлагуудыг нэгтгэх ажил олон жил хийгдсээр ирсэн. Үүнтэй холбоотойгоор санхүүгийн хэрэглүүрийн хэйжийн бүртгэл зөвхөн НББОУС 39-д үлдсэн бөгөөд ойрын ирээдүйд мөн СТОУС 9-рүү нэгтгэгдэх төлөвтэй байна. Хэрэв та хейжийн бүртгэлийн талаар судлахыг хүсвэл энэ Стандартыг дэлгэрэнгүй үзээрэй.
Зорилго
Энэ Стандартын зорилго нь хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийн арга хандлага болон холбогдох тодруулгын шаардлагыг тодорхойлоход оршино.
Хамрах хүрээ
Энэ Стандартыг хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт, хэмжилт болон тодруулгад мөрдөнө.
Агуулгын хураангуй
Энэ Стандартад заасны хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэж бусдад түрээслүүлэх, эсвэл үнийн өсөлтөөс ашиг олох юм уу уг хоёр зорилгыг нэгэн зэрэг агуулсан үл хөдлөх хөрөнгийг хэлнэ гэж заасан байдаг. Аж ахуйн нэгжүүдийн хувьд өөрийн газар болон барилгаа бусдад түрээслүүлэх, эсвэл урт хугацаанд үнийг нь өсгөж борлуулах замаар ашиг олох зорилгоор ийм хөрөнгүүдийг олж авах үед байдаг. Ийм зорилгоор ашиглаж буй үл хөдлөх хөрөнгүүдийг ХОЗҮХХ гэх ба бүртгэл бусад хөрөнгүүдээс ялгаатай байдаг. Тиймээс ААН-үүд уг зорилгыг хангасан хөрөнгүүдийн бүртгэлээ хийхдээ энэ Стандартыг мөрдөнө.
Зорилго
Энэхүү Стандартын зорилго нь хөдөө аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой нягтлан бодох бүртгэлийн арга хандлага болон тодруулгыг тодорхойлоход оршино. Өөрөөр хэлбэл, биологийн хөрөнгө буюу амьтан болон ургамлыг өсгөн үржүүлэх, түүнээс анхдагч түүхий эдийг авч борлуулдаг аж ахуйн нэгжүүдийг нягтлан бодох бүртгэлийн удирдамжаар хангах юм.
Хамрах хүрээ
Дараах зүйлс нь хөдөө аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой тохиолдолд тэдгээрийн нягтлан бодох бүртгэлд энэхүү Стандартыг мөрдөнө:
(а) эх ургамлаас бусад биологийн хөрөнгө;
(б) үр шим хүртэх үеийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн;
(в) Борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнээр нь биологийн хөрөнгийн бүртгэлээ хийдэг аж ахуйн нэгжүүдэд хамаарах засгийн газрын буцалтгүй тусламж.
Энэ Стандартыг дараах зүйлсэд мөрдөхгүй:
(а) хөдөө аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой газрын хувьд НББОУС 16 Үндсэн Хөрөнгө, НББОУС 40 Хөрөнгө Оруулалтын Зориулалттай Үл Хөдлөх Хөрөнгө-ийг мөрдөнө.
(б) хөдөө аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой эх ургамлыг мөн НББОУС 16 Үндсэн Хөрөнгө-өөр бүртгэнэ.
(в) эх ургамалтай холбоотой засгийн газрын буцалтгүй тусламж (НББОУС 20 Засгийн Газрын Буцалтгүй Тусламжийн Нягтлан Бодох Бүртгэл ба Засгийн Газрын Туслалцааны Тодруулга-ыг үзнэ үү).
(г) хөдөө аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой биет бус хөрөнгө-ийг НББОУС 38 Биет Бус Хөрөнгө-өөр бүртгэнэ.
(д) хөдөө аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой газрын түрээсээс үүссэн хөрөнгийг ашиглах эрх-ийг СТОУС 16 Түрээс-ийн дагуу тус тус бүртгэнэ.
Агуулгын хураангуй
Бусад стандартаас ялгагдах гол ялгаа нь уг Стандартаар амьд амьтан, ургамлын бүртгэлийн асуудлыг авч үздэг. Өөрөөр хэлбэл, амьгүй хөрөнгүүд элэгдэж хорогддог бол амьтай хөрөнгө нь өсөж үрждэг. Тиймээс ч ХАА-н үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдийн хувьд салбарын хэмжээнд зориулсан тусдаа стандарттай байдаг.
Энэ стандартаар биологийн хөрөнгийн төрөл зүйл, тэдгээрийг хэрхэн анх хүлээн зөвшөөрч хэмжих, санхүүгийн тайланд хэрхэн толилуулж тодруулахыг заасан байдаг. Гэвч амьт амьтан, ургамал болгон нь биологийн хөрөнгө гэсэн үг биш юм. Учир нь зөвхөн ХАА-н үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд ийм хөрөнгө байх ба бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд амьт амьтан, ургамлаа энэ Стандартаар бүртгэж тайлагнахгүй гэдгийг анхаарарай. Тухайлбал, тохижолтын зорилгоор суулгаж ургуулсан мод, бут нь энэ Стандартад хамаарах биологийн хөрөнгөд орохгүй бөгөөд НББОУС 16 Үндсэн Хөрөнгө-ийн дагуу түүнийг "газрын сайжруулалт" гэж үзэн бүртгэнэ. Уг стандарттай холбоотой дэлгэрэнгүй зүйлсийг холбогдох видео хичээлээс дэлгэрэнгүй үзээрэй.
Зорилго
Энэхүү СТОУС-ын зорилго нь аж ахуйн нэгж анх удаагаа СТОУС-ыг мөрдөж, түүнд нийцсэн санхүүгийн тайлан гаргахад зориулсан удирдамжаар хангах явдал юм. Өөрөөр хэлбэл, СТОУС-д нийцсэн анхны санхүүгийн тайлан болон уг санхүүгийн тайланг хамрах тайлант үеийн тодорхой хэсэгт хамаарах завсар үеийн санхүүгийн тайлангуудад тусгасан мэдээллүүдэд тавигдах шаардлагыг тодорхойлдог. Уг шаардлагууд нь:
(а) Хэрэглэгчдэд ил тод, ойлгомжтой бөгөөд толилуулсан бүх тайлант үеүдийн хувьд зэрэгцүүлэгдэх боломжтой,
(б) СТОУС-д нийцсэн НББ-ийн зохих эхлэлийн цэгийг бүрдүүлэх,
(в) СТОУС-ыг мөрдсөнөөр үүсэх үр өгөөжөөс хэтрэхгүй байх өртөг зардлаар бий болгох боломжтой.
Хамрах хүрээ
Энэхүү Аж ахуйн нэгж нь уг СТОУС-ыг дараах зүйлсэд мөрдөнө:
(а) СТОУС-д нийцсэн анхны санхүүгийн тайлан болон
(б) завсар үеийн санхүүгийн тайлан.
Агуулгын хураангуй
СТОУС-д нийцсэн анхны санхүүгийн тайлан гэдэг нь аливаа аж ахуйн нэгж СТОУС-ыг мөрдөж эхэлснээсээ хойш гаргаж хамгийн эхний тайлант жилийн санхүүгийн тайлан юм. Тухайн ААН өмнө нь үндэсний, эсвэл өөр ямар нэг стандартын дагуу санхүүгийн тайлангаа бэлтгэдэг байсан байж болно. Тэгвэл, СТОУС-д шилжсэнээр гаргаж буй санхүүгийн тайлангийн мэдээлэл нь зэрэгцүүлэгдэхүйц байдлыг хангасан байх үүднээс СТОУС-ыг анх мөрдөж буй тайлант үеийн завсар үеийн тайлангуудыг мэдээллийг мөн СТОУС-ын дагуу бэлтгэсэн байхыг энэ Стандартаар шаарддаг. Мөн өмнө нь СТОУС-ыг мөрддөж байсан ч тодорхой шалтгааны улмаар өөр стандартын дагуу санхүүгийн тайлангаа бэлтгэж байгаад, дахин СТОУС-ын дагуу санхүүгийн тайлангаа бэлтгэхээр болсон бол тухайн аж ахуйн нэгж энэ Стандартыг, эсвэл хамгийн сүүлийн СТОУС-ыг мөрдсөн санхүүгийн тайлангаасаа хойших тайлант үеүдийн тайланг СТОУС-ын дагуу мөрдсөн бол санхүүгийн тайлан одоо ямар байх байсныг илэрхийлэх замаар СТОУС-руу шилжинэ. Илүү дэлгэрэнгүй зүйлсийн талаар мэдэхийг хүсвэл энэ Стандартыг судлаарай.
Зорилго
Энэхүү СТОУС-ын зорилго нь аж ахуйн нэгж хувьцаанд суурилсан төлбөрийн ажил гүйлгээ хийсэн бол уг ажил гүйлгээг хэрхэн тайлагнахыг тодорхойлох явдал юм. Тухайлбал; энэ Стандарт нь хувьцаанд суурилсан төлбөрийн ажил гүйлгээний үр нөлөөг, үүн дотроо ажилтнуудад хувьцааны опцион олгох ажил гүйлгээтэй холбоотой зардлыг өөрийн ашиг, алдагдлын болон санхүүгийн байдлын тайландаа тусгахыг аж ахуйн нэгжээс шаарддаг.
Хамрах хүрээ
Аж ахуйн нэгж нь хүлээн авах бүх эсвэл зарим бараа, үйлчилгээг тусгайлан тодорхойлж чадах эсэхээс үл хамааран тухайн аж ахуйн нэгж нь хувьцаанд суурилсан төлбөрийн бүх ажил гүйлгээний хувьд энэ СТОУС-ыг мөрдөнө. Үүнд:
(a) өмчөөр барагдуулах хувьцаанд суурилсан төлбөрийн ажил гүйлгээ,
(б) мөнгөөр барагдуулах хувьцаанд суурилсан төлбөрийн ажил гүйлгээ, болон
(в) аж ахуйн нэгж нь бараа, үйлчилгээг хүлээн авах буюу олж эзэмших бөгөөд хэлцлийн нөхцлүүд нь уг ажил гүйлгээг мөнгөөр (буюу бусад хөрөнгөөр) эсвэл өмчийн хэрэглүүр гаргаснаар тухайн аж ахуйн нэгж барагдуулах сонголтыг түүнд эсвэл тэрхүү бараа, үйлчилгээний нийлүүлэгчид олгодог ажил гүйлгээ.
Танилцуулга
Хувьцаанд суурилсан төлбөрийн ажил гүйлгээ гэж дараах төрлийн ажил гүйлгээг хэлнэ:
(a) аж ахуйн нэгж нь бараа, үйлчилгээний нийлүүлэгчээс (үүн дотроо, ажилтнаас) хувьцаанд суурилсан төлбөрийн хэлцлээр дамжуулан бараа, үйлчилгээг нь хүлээн авдаг;
(б) өөр аж ахуйн нэгж нь тэдгээр бараа, үйлчилгээг хүлээн авдаг тохиолдолд хувьцаанд суурилсан төлбөрийн хэлцлээр дамжуулан бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн ажил гүйлгээг барагдуулах үүрэг хүлээдэг.
Тиймээс, ААН-үүд иймэрхүү төрлийн ажил гүйлгээг хийсэн бол уг хэлцлийг хэрхэн хүлээн зөвшөөрч хэмжих, санхүүгийн тайланд хэрхэн толилуулахаа мэдэхийг хүсвэл энэ Стандартыг дэлгэрэнгүй судлаарай.
Зорилго
Энэхүү СТОУС-ын зорилго нь бизнесийн нэгдэл болон түүний үр нөлөөний талаар тайлагнагч аж ахуйн нэгж өөрийн санхүүгийн тайландаа тусгасан мэдээллийн хамааралтай, найдвартай, зэрэгцүүлэгдэх байдлыг сайжруулахад оршино. Уг зорилгыг хангахын тулд дараах зүйлсийг нэгтгэгч хэрхэн гүйцэтгэх талаархи зарчим ба шаардлагуудыг энэ СТОУС-д тогтоосон:
(а) олж эзэмшсэн тодорхойлогдох хөрөнгө, хариуцсан өр төлбөр болон нэгдэгч дэх аливаа хяналтын бус хувь оролцоог өөрийн санхүүгийн тайландаа хүлээн зөвшөөрөх ба хэмжих;
(б) бизнесийн нэгдлээр олж эзэмшсэн гүүдвил болон тохиролцоот худалдан авалтаас үүссэн олзыг хүлээн зөвшөөрөх ба хэмжих; ба
(в) бизнесийн нэгдлийн шинж төрөл ба санхүүгийн үр нөлөөг үнэлэх боломжийг санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд олгохын тулд тодруулга хийх мэдээллийг тодорхойлох.
Хамрах хүрээ
Энэхүү СТОУС-ыг бизнесийн нэгдлийн тодорхойлолтыг хангаж буй ажил гүйлгээ буюу бусад үйл явдалд мөрдөнө. Энэ СТОУС-ыг дараах зүйлсэд мөрдөхгүй:
(a) Байгуулсан хамтын хэлэлцээрийг тухайн хамтын хэлэлцээрийн өөрийнх нь санхүүгийн тайланд тайлагнах.
(б) бизнесийг бүрдүүлэхгүй хөрөнгө буюу хөрөнгүүдийн бүлгийг олж эзэмших. Энэ тохиолдолд нэгтгэгч нь олж эзэмшсэн тухайн тодорхойлогдох хөрөнгө (үүн дотроо, НББОУС 38 Биет Бус Хөрөнгө-нд заасан биет бус хөрөнгийн тодорхойлолт болон хүлээн зөвшөөрөлтийн шалгуурыг хангадаг хөрөнгүүд) ба хариуцах өр төлбөрийг тогтоож, хүлээн зөвшөөрнө. Хөрөнгүүдийн бүлгийн өртгийг тухайн худалдан авалтын өдрөөрх тэдгээрийн харгалзах бодит үнэ цэнэд үндэслэн тэдгээр тодорхойлогдох хөрөнгө, өр төлбөрт хуваарилна. Ийм ажил гүйлгээ буюу үйл явдал нь гүүдвил үүсэхэд хүргэхгүй.
(в) ерөнхий хяналтанд буй аж ахуйн нэгжүүд буюу бизнесүүдийн нэгдэл).
СТОУС 10 Нэгтгэсэн Санхүүгийн Тайлан-д тодорхойлсончлон, ашиг, алдагдлаар дамжуулан бодит үнэ цэнээр хэмжихийг шаарддаг, хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжийн охин компани дахь хөрөнгө оруулалтыг олж эзэмшихэд энэ Стандартын шаардлагуудыг мөрдөхгүй. Өөрөөр хэлбэл, үндсэн үйл ажиллагаа нь бусад аж ахуйн нэгжийн хувьцааг худалдан авч борлуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нэгтгэлийн үйл ажиллагаа гэж үзэхгүй тул энэ Стандартыг мөрдөхгүй гэсэн үг юм.
Танилцуулга
2001 оны 4 дүгээр сард Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын Зөвлөл (Зөвлөл) нь анх 1998 оны 10 дугаар сард Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын Хорооноос гаргасан НББОУС 22 Бизнесийн Нэгдэл-ийг шинэчлэн гаргасан. Энэхүү НББОУС 22 нь 1983 оны 11 дүгээр сард гаргасан НББОУС 22 Бизнесийн Нэгдэл-ийн хянан засварласан хувилбар байсан. 2008 оны 1 дүгээр сард Зөвлөл нь СТОУС 3-ыг дахин хянаж, шинэчлэн гаргасан байдаг.
Аж ахуйн нэгж өөр аж ахуйн нэгжийн хяналтыг олж авах үедээ энэ Стандартыг мөрдөх бөгөөд уг Стандартад нэгдлийн үед нэгдэгч аж ахуйн нэгжийн хөрөнгө, өр төлбөрүүдийг хэрхэн хэмжиж хүлээн зөвшөөрөх талаар дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Харин, ААН-үүд группын буюу нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргахдаа энэ Стандартыг мөрдөхгүй бөгөөд энэ тохиолдолд СТОУС 10-ыг мөрдөнө гэдгийг анхаараарай.
Зорилго
Энэхүү СТОУС-ын зорилго нь борлуулах зорилгоор эзэмшиж буй хөрөнгийн нягтлан бодох бүртгэл ба зогсоосон үйл ажиллагааны толилуулга, тодруулгыг тодорхойлоход оршино.
Хамрах хүрээ
Энэ СТОУС-ын ангилал ба толилуулгын шаардлагуудыг тухайн аж ахуйн нэгжийн хүлээн зөвшөөрсөн бүх эргэлтийн бус хөрөнгө ба бүх данснаас хасах бүлгүүдийн хувьд мөрдөнө.
Бие даасан хөрөнгө байдлаар эсвэл данснаас хасах бүлгийн нэг хэсэг байдлаар дараах СТОУС-уудад хамаардаг, доор дурдсан хөрөнгүүдийн хувьд энэхүү СТОУС-ын хэмжилтийн зүйл заалтуудыг мөрдөхгүй:
(а) хойшлогдсон татварын хөрөнгө (НББОУС 12 Орлогын Албан Татвар).
(б) ажилтны тэтгэмжээс үүссэн хөрөнгө (НББОУС 19 Ажилтны Тэтгэмж).
(в) СТОУС 9 Санхүүгийн Хэрэглүүр-ийн хамрах хүрээнд хамаарах санхүүгийн хөрөнгө.
(г) НББОУС 40 Хөрөнгө Оруулалтын Зориулалттай Үл Хөдлөх Хөрөнгө-д дурдсан бодит үнэ цэнийн загварын дагуу тайлагнасан эргэлтийн бус хөрөнгө.
(д) НББОУС 41 Хөдөө Аж Ахуй-н дагуу борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнээр хэмжсэн эргэлтийн бус хөрөнгө.
(е) СТОУС 17 Даатгалын Гэрээ-ний хамрах хүрээнд хамаарах бүлэг гэрээ.
Танилцуулга
2004 оны 3 дугаар сард НББОУСЗ нь НББОУС 35 Зогсоосон үйл ажиллагаа-г орлуулахын тулд СТОУС 5 Борлуулах Зорилгоор Эзэмшиж Буй Эргэлтийн Бус Хөрөнгө ба Зогсоосон Үйл Ажиллагаа-г гаргасан.
Эргэлтийн бус хөрөнгийг (буюу данснаас хасах бүлгийг) үргэлжлүүлэн ашиглах замаар биш, харин борлуулах ажил гүйлгээгээр түүний дансны үнийг үндсэндээ нөхөх бол аж ахуйн нэгж нь уг хөрөнгийг борлуулах зорилгоор эзэмшиж буй гэж ангилна гэж энэ Стандартад заасан байдаг. Тиймээс, ААН-үүд эргэлтийн бус дан ганц болон бүлэг хөрөнгөө богино хугацаанд данснаас хасахаар шийдсэн бол тухайн хөрөнгөө хэмжиж бүртгэхдээ энэ Стандартыг ашиглана. Мөн энэ СТОУС-аар дараах зүйлсийг шаарддаг:
(a) борлуулах зорилгоор эзэмшиж буй гэж ангилах шалгуурыг хангасан хөрөнгийг түүний дансны үнэ ба борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнийн аль багаар хэмжих бөгөөд ийм хөрөнгийн элэгдлийг зогсоох;
(б) борлуулах зорилгоор эзэмшиж буй гэж ангилах шалгуурыг хангасан хөрөнгийг санхүүгийн байдлын тайланд тусад нь, харин зогсоосон үйл ажиллагааны үр дүнг дэлгэрэнгүй орлогын тайланд тусад нь толилуулах.
Зорилго
Энэхүү СТОУС-ын зорилго нь ашигт малтмалын хайгуул ба үнэлгээний санхүүгийн тайлагналыг тодорхойлоход оршино.
Ялангуяа, энэхүү СТОУС нь дараах зүйлсийг шаардана:
(а) хайгуул ба үнэлгээний ажилтай холбоотой зардлын одоогийн нягтлан бодох бүртгэлийн практикт зарим сайжруулалтыг хийх.
(б) хайгуул ба үнэлгээний хөрөнгийг хүлээн зөвшөөрдөг аж ахуйн нэгжүүд нь ийм хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг энэхүү СТОУС-ын дагуу үнэлэх ба аливаа үнэ цэнийн бууралтыг НББОУС 36 Хөрөнгийн Үнэ Цэнийн Бууралт-ын дагуу хэмжих.
(в) ашигт малтмалын хайгуул ба үнэлгээний үр дүнд үүсэж, тухайн аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд тусгагдсан дүнгүүдийг тодорхойлж, тайлбарлах түүнчлэн, тэдгээр санхүүгийн тайлангийн хэрэглэгч нар нь аливаа хүлээн зөвшөөрсөн хайгуул ба үнэлгээний хөрөнгөөс бий болох ирээдүйн мөнгөн гүйлгээний дүн, хугацаа, магадлалыг ойлгоход тэдэнд туслах тодруулгыг хийх.
Хамрах хүрээ
Аж ахуйн нэгж нь гарсан хайгуул ба үнэлгээний ажилтай холбоотой зардлын хувьд энэ СТОУС-ыг мөрдөнө.
Энэхүү СТОУС нь ашигт малтмалын хайгуул ба үнэлгээний үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн нягтлан бодох бүртгэлийн бусад асуудлуудыг авч үзэхгүй.
Аж ахуйн нэгж нь дараах байдлаар гарсан зарлагын хувьд энэ СТОУС-ыг мөрдөхгүй:
(а) аж ахуйн нэгж нь тодорхой газар нутагт хайгуул хийх хууль ёсны эрхийг олж авахын өмнө гарсан зарлага гэх мэт тухайн ашигт малтмалын хайгуул ба үнэлгээний өмнөх.
(б) ашигт малтмалыг олборлох техник, эдийн засгийн үндэслэлтэй гэдгийг батлан харуулах боломжтой болсны дараах.
Танилцуулга
2004 оны 12 дугаар сард Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын Зөвлөл нь СТОУС 6 Ашигт Малтмалын Хайгуул ба Үнэлгээ-г гаргасан. Уг Стандартыг уул уурхайн хайх, үнэлэх, бүтээн байгуулах, олборлох, хаах гэсэн үе шатуудын зөвхөн хайгуул ба үнэлгээний үе шатанд гарсан зардлуудыг бүртгэхэд ашиглана. Өөрөөр хэлбэл, тухайн байгалийн нөөцтэй холбоотой Техник эдийн засгийн үндэслэл нь батлагдсан цагаас хойших үеийн бүртгэл нь энэ Стандартад хамаарахгүй.
Зорилго
Энэхүү Стандартын зорилго нь дараах зүйлсийг үнэлэх боломжийг хэрэглэгчдэд олгох байдлаар өөрсдийн санхүүгийн тайландаа тодруулга хийхийг аж ахуйн нэгжүүдээс шаардахад оршино. Үүнд:
(а) тухайн ААН-ийн санхүүгийн байдал болон санхүүгийн үр дүнд санхүүгийн хэрэглүүрийн үзүүлэх ач холбогдол болон
(б) санхүүгийн хэрэглүүрээс үүсэх бөгөөд ААН-д тухайн тайлант үеийн туршид болон тайлант үеийн эцэст учрах эрсдэлийн шинж төрөл ба хэмжээ, түүнчлэн тэдгээр эрсдэлийг уг ААН хэрхэн удирдах зохицуулах эсэх.
НББОУУС 32, СТОУС 9-д санхүүгийн хөрөнгө болон санхүүгийн өр төлбөрийг хүлээн зөвшөөрөх, хэмжих, толилуулах зарчмуудыг тодорхойлсон байдаг бол энэ Стандартад тэдгээрийг тодруулах шаардлагуудыг агуулсан байдаг.
Хамрах хүрээ
Бүх аж ахуйн нэгжүүд нь доор дурдсанаас бусад бүх төрлийн санхүүгийн хэрэглүүрийн хувьд энэ Стандартыг мөрдөнө:
(а) СТОУС 10 Нэгтгэсэн Санхүүгийн Тайлан, НББОУС 27 Тусдаа Санхүүгийн Тайлан, НББОУС 28 Хараат Компани ба Хамтарсан Үйлдвэр дэх Хөрөнгө Оруулалт-ын дагуу тайлагнадаг охин компани, хараат компани, хамтарсан үйлдвэр дэх хувь оролцоо. Гэвч зарим тохиолдолд СТОУС 10, НББОУС 27, НББОУС 28 нь охин компани, хараат компани, хамтарсан үйлдвэр дэх хувь оролцоог СТОУС 9-ийн дагуу тайлагнахыг аж ахуйн нэгжээс шаарддаг буюу зөвшөөрдөг; ийм тохиолдолд аж ахуйн нэгж нь энэ СТОУС-ын шаардлагуудыг, харин бодит үнэ цэнээр хэмждэг хувь оролцооны хувьд СТОУС 13 Бодит Үнэ Цэнийн Хэмжилт-ийн шаардлагуудыг мөрдөнө. Охин компани, хараат компани, хамтарсан үйлдвэр дэх хувь оролцоотой холбоотой үүсмэл хэрэглүүр нь НББОУС 32-д заасан өмчийн хэрэглүүрийн тодорхойлолтыг хангахгүй тохиолдолд аж ахуйн нэгжүүд нь ийм бүх үүсмэл хэрэглүүрийн хувьд мөн энэ СТОУС-ыг дагаж мөрдөнө.
(б) НББОУС 19 Ажилтны Тэтгэмж-ийг мөрдөх ажилтны тэтгэмжийн хөтөлбөрийн дагуу хүлээх ажил олгогчийн эрх ба үүрэг.
(в) СТОУС 17 Даатгалын Гэрээ-ний хамрах хүрээнд хамаарах гэрээ. Гэхдээ энэ СТОУС-ыг дараах зүйлсэд мөрдөнө:
(i) хэрэв СТОУС 9 нь СТОУС 17-гийн хамрах хүрээнд хамаарах гэрээг дагалдан гардаг үүсмэл хэрэглүүрийг тусдаа тайлагнахыг аж ахуйн нэгжээс шаарддаг бол тэдгээр үүсмэл хэрэглүүрт;
(ii) хэрэв СТОУС 17 нь ингэж салгаж тусгаарлахыг шаарддаг бол СТОУС 17-гийн хамрах хүрээнд хамаарах гэрээнээс салган тусгаарласан хөрөнгө оруулалтын бүрэлдэхүүн хэсэгт.
Түүнчлэн, хэрэв санхүүгийн баталгааны гэрээг гаргагч нь тухайн гэрээг хүлээн зөвшөөрөх ба хэмжихдээ СТОУС 9-ийг мөрддөг бол уг санхүүгийн баталгааны гэрээнд энэ СТОУС-ыг мөрдөнө, харин гаргагч нь СТОУС 17-гийн 7(д) параграфын дагуу тэрхүү гэрээг хүлээн зөвшөөрөх ба хэмжихдээ СТОУС 17-г мөрдөх сонголт хийсэн бол СТОУС 17-г мөрдөнө.
(г) СТОУС 9-ийн хамрах хүрээнд хамаарах гэрээний хувьд энэ СТОУС-ыг мөрдөхөөс бусад тохиолдолд СТОУС 2 Хувьцаанд Суурилсан Төлбөр-ийг мөрддөг хувьцаанд суурилсан төлбөрийн ажил гүйлгээний дагуу үүсэх санхүүгийн хэрэглүүр, гэрээ болон үүрэг.
(д) НББОУС 32-ын 16А, 16Б буюу 16В, 16Г параграфуудын дагуу өмчийн хэрэглүүр гэж анилах шаардлагатай санхүүгийн хэрэглүүр.
Танилцуулга
2005 оны 8 дугаар сард Зөвлөл нь НББОУС 30 Банк ба Адилтгах Санхүүгийн Байгууллагын Санхүүгийн Тайлангийн Тодруулга-ыг орлуулахын тулд СТОУС 7 Санхүүгийн Хэрэглүүр-г гаргасан бөгөөд тодруулгын шаардлагуудыг НББОУС 32 Санхүүгийн Хэрэглүүр: Тодруулга ба Толилуулга-д тусгасан. НББОУС 32-ыг дараа нь НББОУС 32 Санхүүгийн Хэрэглүүр: Толилуулга гэж өөрчлөн нэрлэсэн.
Санхүүгийн хөрөнгө ба санхүүгийн өр төлбөрийн ангилалтай холбоотойгоор гаргасан, санхүүгийн хэрэглүүрийн шинэ стандарт болох СТОУС 9 Санхүүгийн Хэрэглүүр-ийг тусгахын тулд Зөвлөл нь СТОУС 7-д мөн нэмэлт өөрчлөлт оруулсан.
Шилжүүлсэн хөрөнгөнд зарим оролцоотой хэвээр байгаа тохиолдолд үл хүлээн зөвшөөрдөггүй, тэдгээр шилжүүлсэн бүх санхүүгийн хөрөнгийн хувьд нэмэлт тодруулга хийхийг аж ахуйн нэгжээс шаардахын тулд 2010 оны 10 дугаар сард СТОУС 7-д бас нэмэлт өөрчлөлт оруулсан. Санхүүгийн хөрөнгө ба санхүүгийн өр төлбөртэй холбоотой цэвэр дүнгээр тооцох хэлцлийн тодруулгыг сайжруулахын тулд Зөвлөл нь 2011 оны 12 дугаар сард СТОУС 7-д нэмэлт өөрчлөлт оруулсан.
Аж ахуйн нэгж тусгайлан заасан халаасны хувьцаандаа, эсвэл тохиролцсон нөхцөлд өөрөө буцаан худалдан авсан санхүүгийн өр төлбөртөө чөлөөлөх нөхцлийг мөрдөхөд хамаарах тодруулгын шаардлагуудыг Зөвлөл нь СТОУС 17 Даатгалын Гэрээ-г гаргасан үе буюу 2017 оны 5 дугаар сард шинээр нэмж оруулсан.
ААН-үүдийн хувьд НББОУС 32, СТОУС 9-ийн дагуу хүлээн зөвшөөрч, тайлагнасан санхүүгийн хэрэглүүрүүдийнхээ талаарх мэдээллийг санхүүгийн тайланд тодруулахдаа энэ Стандартыг ашиглана. Өөрөөр хэлбэл уг Стандарт нь цэвэр тодруулгын цөөн хэдэн стандартуудын нэг юм.
Үндсэн зарчим
Аж ахуйн нэгж нь өөрийн эрхэлдэг бизнесийн үйл ажиллагаа болон үйл ажиллагаа явуулдаг эдийн засгийн орчны шинж чанар ба санхүүгийн үр нөлөөг үнэлэх боломжийг санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд олгох мэдээллийг тодруулна.
Хамрах хүрээ
Энэ СТОУС-ыг дараах зүйлсэд мөрдөнө:
(a) доорх аж ахуйн нэгжийн тусдаа буюу бие даасан санхүүгийн тайланд:
(i) өрийн буюу өмчийн хэрэглүүр нь хөрөнгийн зах зээлд (дотоодын буюу гадаадын хөрөнгийн бирж, эсвэл орон нутгийн болон бүс нутгийн албан бус зах зээлд) арилжаалагддаг; эсвэл
(ii) хөрөнгийн зах зээлд аль нэг төрлийн санхүүгийн хэрэглүүр гаргах зорилгоор өөрийн санхүүгийн тайланг Үнэт цаасны хороо буюу бусад зохицуулагч байгууллагад танилцуулдаг эсвэл ингэж танилцуулахаар бэлтгэж байгаа; ба
(б) Доорх толгой компанийн нэгтгэсэн санхүүгийн тайланд:
(i) өрийн буюу өмчийн хэрэглүүр нь хөрөнгийн зах зээлд (дотоодын буюу гадаадын хөрөнгийн бирж, эсвэл орон нутгийн болон бүс нутгийн албан бус зах зээлд) арилжаалагддаг; эсвэл
(ii) хөрөнгийн зах зээлд аль нэг төрлийн санхүүгийн хэрэглүүр гаргах зорилгоор өөрийн нэгтгэсэн санхүүгийн тайланг Үнэт цаасны хороо буюу бусад зохицуулагч байгууллагад танилцуулдаг эсвэл ингэж танилцуулахаар бэлтгэж байгаа.
Танилцуулга
Анх НББОУС 14 Сегментийн Тайлагнал-ыг 1981 оны 8 дугаар сард гаргасан ба 2006 оны 11 дүгээр сард Зөвлөл нь НББОУС 14-ийг орлуулахын тулд СТОУС 8 Үйл Ажиллагааны Сегмент-ийг гаргасан. Уг стандартаар ААН өөрийн сегментийг бүтээгдэхүүний төрлөөр, үйлчлүүлэгчээр, салбар байршилаар гэх мэтчилэн тогтоож болно гэж заасан байдаг. Ингэж тогтоосноор тухайн сегмент бүрийн үйл ажиллагааны үр дүнг дэлгэрэнгүй мэдэх боломж үүсдэг. Ингэж тодорхойлж санхүүгийн тайланд тусгахдаа ААН энэ Стандартыг ашиглах юм.
Зорилго
Энэ Стандартын зорилго нь санхүүгийн хөрөнгө ба санхүүгийн өр төлбөрийн санхүүгийн тайлагналын зарчмуудыг тогтооход оршино. Санхүүгийн хөрөнгө ба санхүүгийн өр төлбөрийн санхүүгийн тайлагнал нь аж ахуйн нэгжийн ирээдүйн мөнгөн гүйлгээний дүн, хугацаа, тодорхойгүй байдлын талаар өөрсдийн үнэлгээг хийхэд зориулан хамааралтай ба ач холбогдолтой мэдээллийг санхүүгийн тайлангийн хэрэглэгч нарт толилуулах юм.
Хамрах хүрээ
ААН-үүдийн хувьд нэлээд олон төрлийн санхүүгийн хэрэглүүрт энэ Стандартыг хэрэглэх ёстой. Нарийн шаардлагуудын талаар та СТОУС 9-өөс дэлгэрэнгүй үзнэ үү.
Танилцуулга
2001 оны 4 дүгээр сард Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын Зөвлөл (Зөвлөл) нь анх 1999 оны 3 дугаар сард Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын Хорооноос гаргасан НББОУС 39 Санхүүгийн Хэрэглүүр-ийг батлан гаргасан. НББОУСЗ нь Санхүүгийн хэрэглүүртэй холбоотой стандартуудыг нэгтгэх, өөрчлөх зорилгоор СТОУС 9-ийг гаргасан бөгөөд ингэхдээ үе шаттайгаар уг ажлыг гүйцэтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн хэрэглүүрийн томоохон сэдэв бүрийг шинэчлэх бүрдээ СТОУС 9-д нэмэлт бүлэг оруулж, НББОУС 39-өөс хасах замаар уг хоёр Стандартад нэмэлт өөрчлөлт оруулдаг.
Уг Стандартын хувьд санхүүгийн хэрэглүүртэй холбоотой тодруулгаас бусад дийлэнх шаардлагууд агуулагдсан байдаг. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр хийгдэж буй гэрээ хэлцлүүдийн өөрчлөлт уг Стандартыг өөрчлөгдөхөд том хүчин зүйл болдог бөгөөд ААН-үүдийн хувьд мөрдөхөд нэлээдгүй сорилт болсон стандартуудын нэг юм.
Зорилго
Энэ СТОУС-ын зорилго нь аж ахуйн нэгж нэг буюу хэд хэдэн өөр аж ахуйн нэгжүүдийг хянадаг тохиолдолд нэгтгэсэн санхүүгийн тайланг бэлтгэх ба толилуулах зарчмыг тогтооход оршино.
Хамрах хүрээ
Толгой компани болох аж ахуйн нэгж нь нэгтгэсэн санхүүгийн тайлан толилуулна. Дараах аж ахуйн нэгжүүдээс бусад бүх аж ахуйн нэгжүүд нь энэ СТОУС-ыг дагаж мөрдөнө:
(а) толгой компани нь дараах бүх нөхцлийг хангаж байвал нэгтгэсэн санхүүгийн тайлан толилуулах шаардлагагүй:
(i) уг толгой компани нь өөр аж ахуйн нэгжийн бүрэн буюу бүрэн бус эзэмшлийн охин компани бөгөөд түүний бусад бүх эздэд, үүн дотроо саналын эрхгүй эзэмшигчдэд тухайн толгой компани нэгтгэсэн санхүүгийн тайлан толилуулахгүй гэдгийг мэдэгдсэн бөгөөд тэд эсэргүүцээгүй;
(ii) түүний өрийн буюу өмчийн хэрэглүүрийг хөрөнгийн зах зээл (дотоодын буюу гадаадын хөрөнгийн бирж, орон нутгийн болон бүс нутгийн албан бус зах зээл)-д арилжаалдаггүй;
(iii) уг толгой компани нь хөрөнгийн зах зээлд ямар нэг санхүүгийн хэрэглүүр гаргах зорилгоор өөрийн санхүүгийн тайланг үнэт цаасны хороо буюу бусад зохицуулагч байгууллагад танилцуулаагүй, мөн ингэж танилцуулахаар бэлтгээгүй; ба
(iv) уг толгой компанийн хамгийн эцсийн эсвэл завсрын аль нэг толгой компани нь олон нийт ашиглах боломжтой ба СТОУС-уудад нийцсэн санхүүгийн тайланг бэлтгэдэг, тэрхүү санхүүгийн тайландаа охин компаниудыг нэгтгэдэг буюу энэ СТОУС-ын дагуу ашиг, алдагдлаар дамжуулан бодит үнэ цэнээр нь хэмждэг.
Зорилго
Энэ СТОУС-ын зорилго нь хамтран хянадаг хэлэлцээрт хувь оролцоотой аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн тайлагналын зарчмыг тогтооход оршино.
Зорилгоо биелүүлэх нь
1-р параграфт дурдсан зорилгыг биелүүлэхийн тулд энэ СТОУС нь хамтын хяналтыг тодорхойлсон бөгөөд өөрийн эрх, үүргийг үнэлэх замаар тухайн оролцсон хамтын хэлэлцээрийнхээ төрлийг тодорхойлох, түүнчлэн уг хамтын хэлэлцээрийн төрлийн дагуу тэдгээр эрх, үүргээ тайлагнахыг хамтын хэлэлцээрийн оролцогч тал болох аж ахуйн нэгжээс шаарддаг.
Хамрах хүрээ
Хамтын хэлэлцээрийн оролцогч тал болох бүх аж ахуйн нэгжүүд нь энэ СТОУС-ыг дагаж мөрдөнө.
Зорилго
Энэ СТОУС-ын зорилго нь дараах зүйлсийг үнэлэх боломжийг өөрийн санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд олгох мэдээллийг тодруулахыг аж ахуйн нэгжээс шаардахад оршино:
(а) бусад аж ахуйн нэгжүүд дэх өөрийн хувь оролцооны шинж төрөл ба холбогдох эрсдэл; ба
(б) өөрийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээнд тэдгээр хувь оролцооны үзүүлэх нөлөө.
Зорилгыг биелүүлэх
1-р параграфт дурдсан зорилгыг биелүүлэхийн тулд аж ахуйн нэгж нь дараах зүйлсийг тодруулна:
(а) доорх зүйлсийг тодорхойлохын тулд хийсэн гол шүүн тунгаалт ба таамаглалууд:
(i) өөр аж ахуйн нэгж буюу хэлэлцээр дэх өөрийн хувь оролцооны шинж төрөл;
(ii) өөрөө хувь оролцоотой байгаа хамтын хэлэлцээрийн төрөл (7-9-р параграф);
(iii) хэрэв хамааралтай бол хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжийн тодорхойлолтыг өөрөө хангаж буй эсэх (9А параграф); ба
(б) доорх зүйлс дэх өөрийн хувь оролцооны талаархи мэдээлэл:
(i) охин компани (10-19-р параграф);
(ii) хамтын хэлэлцээр ба хараат компани (20-23-р параграф); ба
(iii) өөрөө хянадаггүй тусгай бүтэц бүхий аж ахуйн нэгжүүд (нэгтгэдэггүй, тусгай бүтэц бүхий аж ахуйн нэгжүүд) (24-31-р параграф).
Бусад СТОУС-аар шаардсан тодруулгуудын хамтаар энэ СТОУС-аар шаардсан тодруулга нь 1-р параграфт дурдсан зорилгыг ханган биелүүлэхгүй бол аж ахуйн нэгж нь уг зорилгыг биелүүлэхэд шаардлагатай аливаа нэмэлт мэдээллийг тодруулна.
Аж ахуйн нэгж нь уг тодруулгын зорилгыг хангахад шаардлагатай дэлгэрэнгүй байдлын түвшин болон энэ СТОУС-д заасан шаардлага нэг бүрд хэр их ач холбогдол өгөх эсэхээ харгалзан үзнэ. Аж ахуйн нэгж нь хангалттай дэлгэрэнгүй бус том дүнд багтаан оруулснаар эсвэл өөр өөр шинж чанар бүхий зүйлсийг нэгтгэн нийлүүлснээр чухал мэдээллийг бүрхэгдүүлэхгүйн тулд тодруулгыг нэгтгэн нийлүүлж эсвэл салган зааглаж харуулна (Б2-Б6-р параграфыг үз).
Хамрах хүрээ
Дараах зүйлсийн аль нэгэнд хувь оролцоотой аж ахуйн нэгж нь энэ СТОУС-ыг мөрдөнө:
(а) охин компани
(б) хамтын хэлэлцээр (өөрөөр хэлбэл, хамтын үйл ажиллагаа эсвэл хамтарсан үйлдвэр)
(в) хараат компани
(г) нэгтгэдэггүй, тусгай бүтэц бүхий аж ахуйн нэгжүүд.
Б17-р параграфт зааснаас бусад тохиолдолд, СТОУС 5 Борлуулах Зорилгоор Эзэмшиж Буй Эргэлтийн Бус Хөрөнгө ба Зогсоосон Үйл Ажиллагаа-ны дагуу борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эсвэл зогсоосон үйл ажиллагаа гэж ангилсан (эсвэл ингэж ангилсан данснаас хасах бүлэгт багтсан), дээрх 5-р параграфт жагсаан харуулсан аж ахуйн нэгжийн хувь оролцооны хувьд энэ СТОУС-ын шаардлагуудыг мөрдөнө.
Энэ СТОУС-ыг дараах зүйлсэд мөрдөхгүй:
(а) НББОУС 19 Ажилтны Тэтгэмж-ийг мөрддөг, ажил эрхлэлтийн дараах тэтгэмжийн хөтөлбөр буюу ажилтны бусад урт хугацаат тэтгэмжийн хөтөлбөр.
(б) НББОУС 27 Тусдаа Санхүүгийн Тайлан-г мөрддөг, аж ахуйн нэгжийн тусдаа санхүүгийн тайлан. Гэвч:
(i) аж ахуйн нэгж нь нэгтгэдэггүй, тусгай бүтэц бүхий аж ахуйн нэгжүүдэд хувь оролцоотой бөгөөд өөрийн цорын ганц санхүүгийн тайлан болгон уг тусдаа санхүүгийн тайланг бэлтгэдэг бол тухайн аж ахуйн нэгж нь тэрхүү тусдаа санхүүгийн тайланг бэлтгэхдээ 24-31-р параграфын шаардлагуудыг мөрдөнө.
(ii) өөрийн бүх охин компанийг СТОУС 10-ын 31-р параграфын дагуу ашиг, алдагдлаар дамжуулан бодит үнэ цэнээр хэмжиж, тусгадаг тийм санхүүгийн тайланг бэлтгэдэг хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгж нь хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжүүдтэй холбоотойгоор энэ СТОУС-аар шаардсан тодруулгыг толилуулна.
(в) хамтын хэлэлцээрт оролцдог боловч хамтын хяналтгүй аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хувь оролцоо нь уг хэлэлцээрт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх үр дүнтэй, эсвэл тусгай бүтэц бүхий аж ахуйн нэгж дэх хувь оролцоо байхаас бусад тохиолдолд тэрхүү аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хувь оролцоо.
(г) СТОУС 9 Санхүүгийн Хэрэглүүр-ийн дагуу тайлагнадаг, өөр аж ахуйн нэгж дэх хувь оролцоо. Гэвч аж ахуйн нэгж нь доорх тохиолдолд энэ СТОУС-ыг мөрдөнө:
(i) уг хувь оролцоо нь НББОУС 28 Хараат Компани ба Хамтарсан Үйлдвэр дэх Хөрөнгө Оруулалт-ын дагуу ашиг, алдагдлаар дамжуулан бодит үнэ цэнээр хэмждэг, хараат компани эсвэл хамтарсан үйлдвэр дэх хувь оролцоо байх тохиолдолд; эсвэл
(ii) уг хувь оролцоо нь нэгтгэдэггүй, тусгай бүтэц бүхий аж ахуйн нэгж дэх хувь оролцоо байх тохиолдолд.
Зорилго
Энэ СТОУС нь:
(а) бодит үнэ цэнийг тодорхойлдог;
(б) бодит үнэ цэнийг хэмжих үзэл баримтлалыг бие даасан нэг СТОУС-д заасан;
(в) бодит үнэ цэнийн хэмжилтийн талаар тодруулга хийхийг шаарддаг.
Хамрах хүрээ
6 ба 7-р параграфт тусгайлан зааснаас бусад тохиолдолд, өөр бусад СТОУС нь бодит үнэ цэнийн хэмжилт эсвэл бодит үнэ цэнийн хэмжилтийн тодруулга (бодит үнэ цэнэд үндэслэсэн, борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнэ гэх мэт хэмжилтүүд буюу тэдгээр хэмжилтийн талаархи тодруулга) хийхийг шаарддаг буюу зөвшөөрдөг бол түүнд энэ СТОУС-ыг мөрдөнө.
Энэ СТОУС-ын хэмжилт ба тодруулгын шаардлагуудыг дараах тохиолдолд мөрдөхгүй:
(а) СТОУС 2 Хувьцаанд Суурилсан Төлбөр-ийн цар хүрээнд хамаарах, хувьцаанд суурилсан төлбөрийн ажил гүйлгээ;
(б) СТОУС 16 Түрээс-ийн дагуу тайлагнадаг, түрээсийн ажил гүйлгээ; ба
(в) НББОУС 2 Бараа материал-д заасан цэвэр боломжит үнэ цэнэ, НББОУС 36 Хөрөнгийн Үнэ Цэнийн Бууралт-д заасан ашиглалтын үнэ цэнэ гэх мэт бодит үнэ цэнэтэй зарим талаар ижил төсөөтэй боловч бодит үнэ цэнэ биш хэмжилтүүд.
Энэ СТОУС-д заасан тодруулгыг дараах тохиолдолд бэлтгэх шаардлагагүй:
(а) НББОУС 19 Ажилтны Тэтгэмж-ийн дагуу бодит үнэ цэнээр хэмжсэн, хөтөлбөрийн хөрөнгө;
(б) НББОУС 26 Тэтгэвэрт Гарах Үеийн Тэтгэмжийн Хөтөлбөрийн Нягтлан Бодох Бүртгэл ба Тайлагнал-ын дагуу бодит үнэ цэнээр хэмжсэн, тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалт; ба
(в) нөхөгдөх дүн нь НББОУС 36-д заасан, данснаас хасах зардлыг хассан бодит үнэ цэнэ байх хөрөнгүүд.
Бусад СТОУС-аар бодит үнэ цэнийг шаарддаг буюу зөвшөөрдөг бол энэ СТОУС-д заасан бодит үнэ цэнийн хэмжилтийн үзэл баримтлалыг анхны болон дараагийн тайлант үеийн хэмжилтийн аль алинд мөрдөнө.
Зорилго
Энэхүү Стандартын зорилго нь үнийн зохицуулалтанд хамаарах үнэ буюу ханшаар аж ахуйн нэгж бараа, үйлчилгээг худалдан авагчдад нийлүүлэх үед үүсдэг зохицуулалтаар хойшлогдсон дансны үлдэгдлүүдийн хувьд санхүүгийн тайлагналын шаардлагуудыг тодорхойлоход оршино.
Хамрах хүрээ
Зөвхөн дараах тохиолдолд энэ Стандартын шаардлагуудыг өөрийн СТОУС-д нийцсэн анхны санхүүгийн тайландаа мөрдөхийг аж ахуйн нэгжид зөвшөөрдөг:
(а) үнийн зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэн явуулдаг; ба
(б) зохицуулалтаар хойшлогдсон дансны үлдэгдэл болох шалгуурыг хангасан дүнгүүдийг өөрийн санхүүгийн тайланд өмнөх НББНХЗЗ-ын дагуу хүлээн зөвшөөрсөн.
Аж ахуйн нэгж нь зохицуулалтаар хойшлогдсон дансны үлдэгдлүүдийг СТОУС-д нийцсэн өөрийн анхны санхүүгийн тайланд энэ Стандартын шаардлагуудыг мөрдөх сонголт хийснээр хүлээн зөвшөөрсөн бол, зөвхөн тийм тохиолдолд уг аж ахуйн нэгж нь дараагийн тайлант үеүдийн санхүүгийн тайланд энэ Стандартын шаардлагуудыг мөрдөнө.
Энэ Стандарт нь үнийн зохицуулалттай үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлийн бусад төлөв байдлуудыгг авч үздэггүй. Бусад Стандартын дагуу хөрөнгө, өр төлбөр гэж хүлээн зөвшөөрөхийг шаарддаг буюу зөвшөөрдөг аливаа дүнг энэ Стандартын шаардлагуудыг мөрдснөөр, тэрхүү зохицуулалтаар хойшлогдсон дансны үлдэгдэл гэж ангилсан дүнд хамруулан оруулахгүй.
Энэ Стандартын цар хүрээнд хамаарах бөгөөд түүнийг мөрдөх сонголт хийсэн аж ахуйн нэгж нь үнийн зохицуулалттай өөрийн бүх үйл ажиллагаанаас үүссэн, зохицуулалтаар хойшлогдсон бүх дансны үлдэгдлүүдэд энэ Стандартын бүх шаардлагуудыг мөрдөнө.
Зорилго
Энэ Стандартын зорилго нь худалдан авагчтай байгуулсан гэрээнээс үүссэн орлого болон мөнгөн гүйлгээний шинж төрөл, дүн, цаг хугацаа, тодорхойгүй байдлын талаархи ач холбогдолтой мэдээллийг санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд тайлагнахын тулд тухайн аж ахуйн нэгжийн даган мөрдөх зарчмуудыг тодорхойлоход оршино.
Хамрах хүрээ
Аж ахуйн нэгж нь худалдан авагчидтай байгуулсан, доор дурдсанаас бусад бүх гэрээнд энэ Стандартыг мөрдөнө:
(а) СТОУС 16 Түрээс-ийн цар хүрээнд хамаарах түрээсийн гэрээ;
(б) СТОУС 17 Даатгалын Гэрээ-ний цар хүрээнд хамаарах даатгалын гэрээ. Гэвч аж ахуйн нэгж нь СТОУС 17-гийн 8-р параграфын дагуу тогтмол хураамжаар үйлчилгээ үзүүлэх үндсэн зорилго бүхий даатгалын гэрээний хувьд энэ Стандартыг мөрдөх сонголт хийж болно;
(в) СТОУС 9 Санхүүгийн Хэрэглүүр, СТОУС 10 Нэгтгэсэн Санхүүгийн Тайлан, СТОУС 11 Хамтын Хэлэлцээр, НББОУС 27 Тусдаа Санхүүгийн Тайлан, НББОУС 28 Хараат Компани ба Хамтарсан Үйлдвэр дэх Хөрөнгө Оруулалт гэсэн стандартуудын цар хүрээнд хамаарах санхүүгийн хэрэглүүр болон гэрээний бусад эрх, үүрэг;
(г) худалдан авагч буюу боломжит худалдан авагчдад хийх борлуулалтанд дэмжлэг үзүүлж, хялбарчлахын тулд ижил төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн хооронд хийгдэх мөнгөн бус арилжаа. Жишээлбэл; тодорхой нэг өөр байршилд буй худалдан авагчдынхаа эрэлт хэрэгцээг цаг тухайд нь хангахын тулд газрын тосоо харилцан солилцохыг зөвшөөрсөн газрын тосны хоёр компанийн хоорондох гэрээнд энэ Стандартыг мөрдөхгүй.
Зорилго
Энэ Стандарт нь түрээсийн хүлээн зөвшөөрөлт, хэмжилт, толилуулга, тодруулгын зарчмуудыг тогтоодог. Стандартын зорилго нь тэдгээр ажил гүйлгээг үнэн зөв илэрхийлэх байдлаар түрээслэгч ба түрээслүүлэгч нар холбогдох мэдээллийг бэлтгэдэг эсэхийг ханган магадлах явдал юм. Энэхүү мэдээлэл нь аж ахуйн нэгжийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээнд түрээсийн үзүүлэх үр нөлөөг санхүүгийн тайлангийн хэрэглэгч нар үнэлэх суурь үндэслэл болно.
Энэ Стандартыг мөрдөх үедээ аж ахуйн нэгж нь гэрээний хугацаа, нөхцөл болон холбогдох бүх баримт материал, нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ. Аж ахуйн нэгж нь ижил нөхцөл байдалд болон ижил төсөөтэй шинж чанар бүхий гэрээнүүдэд энэ Стандартыг тууштай мөрдөнө.
Хамрах хүрээ
Аж ахуйн нэгж нь доор дурдснаас бусад бүх түрээст, үүн дотроо дамжуулан түрээслэх гэрээнд хамаарах, ашиглах эрхтэй хөрөнгийн түрээст энэ Стандартыг дагаж мөрдөнө:
(а) ашигт малтмал, газрын тос, байгалийн хий болон эдгээртэй ижил төсөөтэй үл нөхөн сэргээгдэх баялгийн хайгуул хийх буюу ашиглах зориулалттай түрээс;
(б) түрээслэгчийн эзэмшиж байгаа бөгөөд НББОУС 41 Хөдөө Аж Ахуй-н цар хүрээнд хамаарах биологийн хөрөнгийн түрээс;
(в) СТОУТХ 12 Үйлчилгээний Концессын Хэлцэл-ийн цар хүрээнд хамаарах үйлчилгээний концессын хэлцэл;aep
(г) СТОУС 15 Худалдан Авагчидтай Байгуулсан Гэрээний Орлого-ын цар хүрээнд хамаарах бөгөөд түрээслүүлэгчийн олгосон, оюуны өмчийн лиценз;
(д) НББОУС 38 Биет Бус хөрөнгө–ийн цар хүрээнд хамаарах кино хальс, дүрс бичлэг, урлагийн тоглолт, гар бичмэл, патент, зохиогчийн эрх гэх мэт зүйлсийн хувьд лицензийн гэрээгээр түрээслэгчийн эзэмшиж буй эрх.
Түрээслэгч нь 3(д) параграфт дурдсан зүйлсээс бусад, биет бус хөрөнгийн түрээст энэ Стандартыг мөрдөж болох боловч үүгээр хязгаарлагдахгүй.
Зорилго
СТОУС 17 Даатгалын гэрээ нь түүний цар хүрээнд хамаарах даатгалын гэрээний хүлээн зөвшөөрөлт, хэмжилт, толилуулга, тодруулгын зарчмуудыг тогтоодог. СТОУС 17-гийн зорилго нь даатгалын гэрээг үнэн зөв илэрхийлэх, холбогдох мэдээллийг аж ахуйн нэгж бэлтгэдэг эсэхийг ханган магадлахад оршино. Энэ мэдээлэл нь аж ахуйн нэгжийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээнд тухайн даатгалын гэрээний үзүүлэх үр нөлөөг санхүүгийн тайлангийн хэрэглэгч нар үнэлэх суурь үндэслэлээр хангадаг.
Хамрах хүрээ
Аж ахуйн нэгж нь СТОУС 17-г дараах зүйлсэд мөрдөнө:
(а) өөрийн гаргасан даатгалын гэрээ, үүн дотроо давхар даатгалын гэрээнд;
(б) өөрийн эзэмшиж буй давхар даатгалын гэрээнд; ба
(в) хэрэв аж ахуйн нэгж нь даатгалын гэрээг бас гаргадаг бол уг аж ахуйн нэгжийн гаргасан, сонголттой оролцох шинж бүхий хөрөнгө оруулалтын гэрээнд.
СТОУС 17-д даатгалын гэрээ гэж дурдсан бүх хэллэг нь доорх зүйлсэд бас хамаарна:
(а) эзэмшиж буй давхар даатгалын гэрээнд, гэвч дараах тохиолдолд хамаарахгүй:
(i) гаргасан даатгалын гэрээ гэсэн хэллэгт; ба
(ii) 60-70-р параграфт дурдсан давхар даатгалын гэрээнд.
(б) 3(в) параграфт заасан, сонголттой оролцох шинж бүхий хөрөнгө оруулалтын гэрээнд, гэвч энэ нь 3(в) параграфт дурдсан даатгалын гэрээ гэсэн хэллэгт болон 71-р параграфт тайлбарласан нөхцөлд хамаарахгүй.
Гаргасан даатгалын гэрээ гэж СТОУС 17-д дурдсан бүх хэллэг нь эзэмшиж буй давхар даатгалын гэрээнээс бусад, тухайн аж ахуйн нэгж даатгалын гэрээний шилжүүлэлт эсвэл бизнесийн нэгдлээр олж эзэмшсэн даатгалын гэрээнд бас хамаарна.
Даатгалын гэрээг Хавсралт А-д тодорхойлсон бөгөөд даатгалын гэрээний тодорхойлолтын талаархи заавар удирдамжийг Хавсралт Б-гийн Б2–Б30-р параграфт тусгасан.
Аж ахуйн нэгж нь СТОУС 17-г дараах зүйлсэд мөрдөхгүй:
(а) өөрийн бараа, үйлчилгээг худалдан авагчдад борлуулахтай холбоотойгоор үйлдвэрлэгч, дилер, жижиглэн худалдаачны гаргасан баталгаанд (СТОУС 15 Худалдан Авагчидтай Байгуулсан Гэрээний Орлого-ыг үзнэ үү).
(б) ажилтны тэтгэмжийн хөтөлбөрөөс үүссэн ажил олгогчийн хөрөнгө, өр төлбөр (НББОУС 19 Ажилтны Тэтгэмж, СТОУС 2 Хувьцаанд Суурилсан Төлбөр-ийг үзнэ үү) ба тэтгэвэрт гарах үеийн тогтоосон тэтгэмжийн хөтөлбөрийн тайлагнасан тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийн өглөгт (НББОУС 26 Тэтгэвэрт Гарах Үеийн Тэтгэмжийн Хөтөлбөрийн Нягтлан Бодох Бүртгэл ба Тайлагнал-ыг үзнэ үү).
(в) санхүүгийн бус зүйлийн ирээдүйн ашиглалт буюу ашиглах эрхээс болзошгүй хамаардаг гэрээний эрх эсвэл гэрээний үүрэгт (жишээлбэл; зарим лицензийн төлбөр, эрхийн шимтгэл, хувьсах ба бусад болзошгүй түрээсийн төлбөр, тэдгээртэй адилтгах зүйлс: СТОУС 15, НББОУС 38 Биет Бус Хөрөнгө, СТОУС 16 Түрээс-ийг үзнэ үү).
(г) үйлдвэрлэгч, дилер, жижиглэн худалдаачны олгосон үлдэх өртгийн баталгаа ба түрээст агуулагдсан, түрээслэгчийн гаргасан үлдэх өртгийн баталгаанд (СТОУС 15, СТОУС 16-г үзнэ үү).
(д) баталгаа гаргагч нь ийм гэрээг даатгалын гэрээ гэж үздэг бөгөөд даатгалын гэрээнд хамаарах нягтлан бодох бүртгэлийг ашигладаг гэдгээ өмнө нь тодорхой илэрхийлснээс бусад тохиолдолд санхүүгийн баталгааны гэрээнд. Баталгаа гаргагч нь ийм санхүүгийн баталгааны гэрээнүүдэд СТОУС 17 эсвэл НББОУС 32 Санхүүгийн Хэрэглүүр: Толилуулга, СТОУС 7 Санхүүгийн Хэрэглүүр: Тодруулга, СТОУС 9 Санхүүгийн Хэрэглүүр-ийн аль нэгийг мөрдөх сонголт хийнэ. Баталгаа гаргагч нь гэрээ тус бүрээр сонголт хийж болох боловч тухайн хийсэн сонголт нь эргэлт буцалтгүй байна.
(е) бизнесийн нэгдлээр үүссэн болзошгүй төлбөрийн өглөг эсвэл авлагад (СТОУС 3 Бизнесийн Нэгдэл-ийг үзнэ үү).
(ж) даатгалын гэрээ нь эзэмшиж буй давхар даатгалын гэрээ байхаас бусад тохиолдолд тухайн аж ахуйн нэгж нь даатгалын гэрээ эзэмшигч байх даатгалын гэрээнд (3(б) параграфыг үзнэ үү).