Энэ удаад та бүхэнд доорх асуултуудад хариулахад хэрэг болох мэдээллийг бэлдлээ. Материаллагийн хэмжээ, материаллаг асуудлын шинж чанарыг найдвартай тодорхойлсноор компанийн санхүүгийн тайлан дахь мэдээлэл үнэн зөв толилуулагдана гэдгийг анхаараарай.
Материаллаг байдлын талаарх шийдэл
Танай байгууллагын хувьд 1,000,000 төгрөг материаллаг уу? Эсвэл танд компанийнхаа захиралд өгсөн 5,000,000 төгрөгийн урамшууллыг орлогын дэлгэрэнгүй тайланд тусад нь зардал болгож харуулах уу? эсвэл удирдлагын зардалд нэгтгэж тайлагнах уу? гэдгээ мэдэхгүй үе тохиож байсан уу? Ямар орлого, зардал, хөрөнгө, өр төлбөрийн дүнг материаллаг гэж үзэн санхүүгийн тайланд тусдаа мөр болгох эсэхээ шийдэж чадахгүй байна уу?
Тэгвэл “МАТЕРИАЛЛАГ” гэж ямар дүнг, ямар мэдээллийг хэлэх вэ? Энэ талаар СТОУС-д хэрхэн тодорхойлсон байдаг бол?
СТОУС-ын Үзэл Баримтлалын 2.11-р параграфт “Хэрэв аливаа мэдээллийг орхигдуулснаар, буруу тайлагнаснаар, эсвэл нуун дарагдуулсан буюу бүрхэгдүүлснээр санхүүгийн тайлангийн хэрэглэгчдийн шийдвэрт нөлөө үзүүлэхүйц байвал тухайн мэдээллийг материаллаг гэж үзнэ” гэж заасан байдаг. Түүнчлэн, материаллаг байдал нь аж ахуйн нэгж бүрийн хувьд тусгайлан тооцсон зүйл байх ба аливаа мэдээлэл нь шинж чанарын хувьд, дангаараа эсвэл нэгдэж нийлээд материаллаг байж болдог. Гэсэн хэдий ч СТОУС-д материаллаг байдлыг хэрхэн тодорхойлох, материаллагийн түвшингийн талаар тодорхой дурдаагүй байдаг.
Харин 2017 оны 9 дүгээр сард Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын Зөвлөлөөс баталж гаргасан “СТОУС-ын Практикийн мэдэгдэл 2: Материаллаг байдлын талаар шийдэл гаргах нь”-д дараах зүйлсийг дурдсан байдаг:
- Материаллаг байдлын ерөнхий шинж чанаруудын талаарх тойм;
- Материаллаг байдлыг тодорхойлох 4 алхамт процесс;
- Онцгой нөхцөл байдлуудад материаллаг байдлыг хэрхэн тодорхойлох.
Гэхдээ, уг мэдэгдэл нь ЖДААН-ийн СТОУС-ыг мөрддөг аж ахуйн нэгжүүдэд зориулагдаагүй гэдгийг санаарай.
“Санхүүгийн тайлангийн зорилго нь санхүүгийн тайлангийн үндсэн хэрэглэгчдэд тайлагнагч аж ахуйн нэгжийн талаарх эдийн засгийн шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг өгөх юм”
Дээрх тодорхойлолтоос харвал материаллаг байдлыг тодорхойлоход анхаарч үзэх хамгийн чухал зүйл нь “санхүүгийн тайлангийн үндсэн хэрэглэгчид” гэдэг нь харагдаж байна. СТОУС-д санхүүгийн тайлангийн хэрэглэгчид гэж “одоогийн болон боломжит ирээдүйн хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчид болон зээл олгогчид буюу аж ахуйн нэгжээс тусгайлсан мэдээлэл гаргаж өгөхийг шаардах эрхгүй, зөвхөн нийтлэг зорилготой санхүүгийн тайлангийн мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргагч этгээдүүд юм.
Жишээ нь, аж ахуйн нэгж материаллаг байдлын тодорхойлсон түвшинд хүрээгүй худалдан авалтын өртөг бүхий хөрөнгийг олж авах үеийн зардлыг тайлант үеийн зардлаар бүртгэх нь санхүүгийн тайлангийн үндсэн хэрэглэгчдийн шийдвэрт материаллаг нөлөө үзүүлэхгүй гэж үзэж болно. Гэхдээ, материаллаг байдлын түвшнийг тайлант үе бүрд дахин нягталж үзэх нь зүйтэй юм.
Тодруулгын жишээний хувьд, аж ахуйн нэгжийн томоохон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг тухайн улсад ашиглахыг дараагийн тайлант үед хориглох гэж байгаа нь шинж чанарын хувьд материаллаг байж болно. Тиймээс, ийм мэдээллийг тодруулах шаардлагатай. Учир нь, тухайн аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаатай холбоотой иймэрхүү мэдээллийг орхигдуулах нь ихэнх тохиолдолд санхүүгийн тайлангийн хэрэглэгчдийн шийдвэрт мэдэгдэхүйц хэмжээнд нөлөөлөхүйц байдаг.
Материаллаг байдлыг тодорхойлох 4 алхам
Дараах 4 алхмын дагуу санхүүгийн тайланг бэлтгэхдээ материаллаг байдлыг тодорхойлох нь боломжит хувилбар гэж тооцогддог:
1. Тодорхойлох: Материаллаг байж болзошгүй мэдээллийг тодорхойлох.
2. Үнэлэх: Нэгдүгээр алхмаар материаллаг гэж тодорхойлсон мэдээллийг үнэлнэ.
3. Зохион байгуулах: Урьдчилсан санхүүгийн тайлан дээр тухайн мэдээллийг үндсэн санхүүгийн хэрэглэгчдэд ойлгомжтой, товч байдлаар толилуулна.
4. Хянах: Иж бүрэн санхүүгийн тайланд бүх материаллаг мэдээллийг оруулж өргөн хүрээнд, нэгтгэн харуулсан байдлаар материаллаг байдлыг тодорхойлсон эсэхийг нягтлах үүднээс урьдчилсан санхүүгийн тайланг хянана.
Нэгдүгээр алхам: Тодорхойлох
Энэ алхмын үед аж ахуйн нэгж нь ажил гүйлгээ, үйл явдал, нөхцөл байдал тус бүрийг материаллаг эсэхийг анхаарч үзнэ.
Жишээ нь: Гүйцэтгэх удирдлагад тайлант үед алдагдалтай ажилласан ч улирал бүр урамшуулал олгосон гэж үзье. Дүнгийн хувьд бага байж болох ч санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд уг үйл явдал нь шийдвэр гаргалтад нөлөөлж болно. Тиймээс уг үйл явдлыг материаллаг гэж үзнэ.
Мөн өөр тохиолдолд, тайлант үед компани зар сурталчилгааны зардалд үйлдвэрлэлийн зардлаас илүү хөрөнгө зарцуулсан гэж үзье. Борлуулалтыг дэмжих зорилготой ч иймэрхүү үйл явдал нь үйлдвэрлэлийн байгууллагын хувьд зохисгүй байж болно. Иймд, уг зардлын дүн, зориулалт, шалтгааныг санхүүгийн тайланд тодруулах нь зүйтэй.
Хоёрдугаар алхам: Үнэлэх
Нэгдүгээр алхмаар материаллаг гэж тодорхойлсон мэдээллүүд санхүүгийн тайлангийн үндсэн хэрэглэгчдийн шийдвэр гаргалтад бодитоор нөлөө үзүүлэхүйц байж чадах эсэхийг үнэлнэ. Ингэхийн тулд санхүүгийн тайлангийн хэрэглэгчдийн мэдээллийн хэрэгцээ, шаардлагын талаарх аж ахуйн нэгжийн ойлголт сайн байх ёстой.
Энэ алхмын үед материаллаг гэж тооцсон мэдээллийг дүнгийн хувьд, эсвэл шинж чанарын хувьд материаллаг эсэхийг үнэлнэ.
Гуравдугаар алхам: Зохион байгуулах
Өмнөх алхмуудаар тодорхойлсон мэдээллийг ангилан зохион байгуулж, ойлгомжтой, товч тодорхой байдлаар толилуулна. Ингэхийн тулд:
- Материаллаг асуудлуудыг онцолно.
- Аж ахуйн нэгжийн хувьд үүсээд буй нөхцөл байдлын талаарх мэдээллийг дурдана.
- Санхүүгийн тайланг сунжруулахааргүй, материаллаг мэдээллийг бүрхэгдүүлэхээргүй байдлаар ажил гүйлгээ, үйл явдлыг аль болох товч тодорхой тайлбарлана.
- Өөр хоорондоо хамааралтай мэдээллүүдийг уялдаа холбоог онцолно.
- Хүснэгтлэн эсвэл тайлбарласан гэх мэт ойлгомжтой хэлбэрээр мэдээллийг харуулна.
- Зэрэгцүүлэгдэхүйц байдлыг дээд зэргээр хангах байдлаар мэдээллийг бэлтгэнэ.
- Мэдээллийг санхүүгийн тайлангийн бусад хэсгүүдэд давхцаж орох тохиолдлыг аль болох бага байлгана.
- Материаллаг мэдээллийг материаллаг бус мэдээллээр бүрхэгдүүлээгүй байх явдлыг хангана.
Энэ алхмын эцсийн үр дүнд санхүүгийн тайлан урьдчилсан байдлаар гарна.
Алхам 4: Хянах
Гуравдугаар алхмын эцсийн үр дүнд гарсан урьдчилсан тайланг нягтлах нь аливаа алдаа гараагүй байх, санхүүгийн тайлан дахь материаллаг мэдээллүүд зохих ёсоор үнэн зөв толилуулагдсан гэдгийг бататгаж өгдөг.
Уг алхмын үед хоёрдугаар алхмаар тодорхойлсон материаллаг мэдээллийн үнэлгээ дахин нэг удаа хийгдэхэд хүрдэг ба эцсийн үр дүн нь бэлэн болсон санхүүгийн тайлан байна.
Дээрх мэдээлэл нь та бүхний ажилд хэрэг болно гэж найдаж байна. Хэрэв дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. Мөн, НББОУСЗ-ийн баталсан “IFRS Practice Statement 2: Making Materiality Judgement”-ийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл ifrs.org сайтаар зочилно уу.