Та бүхний мэдэж байгаачлан санхүүгийн тайлангуудыг бэлтгэн гаргахдаа мөрддөг Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-уудыг Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын Зөвлөл батлан гаргадаг.
Тэгвэл, СТОУС-ын Сан 2024 оноос эхлэн СТОУС-ыг СТОУС: Нягтлан Бодох Бүртгэлийн Стандартууд гэж нэрлэх шаардлага үүсээд байна. Учир нь СТОУС-ын Сан нь дэргэдээ хараат бусаар стандарт баталдаг 2 тусдаа Зөвлөлтэй болсонтой холбоотой юм.
СТОУС-ын Сангийн дэргэд 2021 онд албан ёсоор Тогтвортой Хөгжлийн Тайлагналын Зөвлөл гэж байгуулагдсан. Энэ Зөвлөлөөс 2023 оны 06 дугаар сард гаргасан стандартыг мөн СТОУС: Тогтвортой Хөгжлийн Стандарт гэж нэрлэдэг. Одоогийн байдлаар дараах 2 стандартыг уг Зөвлөлөөс гаргаад байна:
- СТОУС Тогтвортой Хөгжил 1 - Тогтвортой Хөгжилтэй холбоотой Санхүүгийн Мэдээллийн Тодруулгын Ерөнхий Шаардлагууд (General Requirements for Disclosure of Sustainability-related Financial Information)
- СТОУС Тогтвортой Хөгжил 2 – Цаг Ууртай холбоотой Тодруулгууд (Climate-related Disclosures)
СТОУС-ын Тогтвортой хөгжил-ийн стандартууд цаашид гарсаар байх бөгөөд энэ талаар та бүхэндээ тусад нь мэдээ бэлдэж хүргэх болно.
СТОУС-ын ерөнхий нэршил ингэж өөрчлөгдсөн хэдий ч санхүүгийн тайлан гаргахад мөрддөг тусдаа стандартууд хэвээрээ байгаа гэдгийг сануулах нь зүйтэй. Зөвхөн СТОУС гэдэг үндсэн нэршилтэй 2 дахь стандарт гарсан гэдэгт анхаарлаа хандуулаарай.
Өмнөх тайлант хугацаанд аж ахуйн нэгжүүд тайлангаа гаргахдаа Санхүүгийн тайлангийн тэмдэглэлийн хэсэгт “...Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт-ын дагуу бэлтгэсэн” гэж дурддаг байсан. Тэгвэл одоо СТОУС маань дотроо 2 тусдаа, өөр өөр тайланд зориулсан стандарттай болсон тул аж ахуйн нэгжүүд “... СТОУС: Нягтлан бодох бүртгэлийн стандартуудын дагуу бэлтгэсэн...” гэх нь зүйтэй болоод байна.
Үүнтэй холбоотойгоор, аудитын компани болон аудиторууд маань аудитын дүгнэлтээ “... Санхүүгийн тайлангийн олон улсын стандарт: Нягтлан бодох бүртгэлийн стандартад ...” гэж өөрчлөх шаардлага үүсээд байна.
Мөн, СТОУС-ын Сан саяхан 2024 оны СТОУС: Нягтлан бодох бүртгэлийн стандарт-аа гарган, цахим хуудсандаа байршуулсан байна.
Хэрэв та 2024 оны СТОУС: Нягтлан бодох бүртгэлийн стандарт-ыг авахыг хүсвэл СТОУС-ын Сангийн ifrs.org сайтад хандаж хэвлэмэл болох цахим хэлбэрээр авах боломжтой.