Бэлгийн картыг хэрхэн бүртгэх вэ?

2024-04-15 / Кейс №14

 

Өнөө үед хэрэглэгчдийг татахын тулд олон төрлийн маркетингийн арга хэлбэрүүд шинээр гарч ирж байгаагийн нэг нь компаниуд өөрсдийн худалдан авагчиддаа "тодорхой үнийн бүхий бэлгийн карт бэлэглэх" арга юм. Ийм картыг авсан худалдан авагч нь өөрийн хүссэн хүндээ уг картыг өгснөөр карт эзэмшигч тухайн компаниар үйлчлүүлж бараа, бүтээгдэхүүн авах эрх үүсдэг. Маркетингийн хувьд энэ санаа нь шинэ хэрэглэгчидтэй болох үнэхээр шилдэг санаа гэдэгтэй санал нийлэх байх.

Тэгвэл үүнийг нягтлан бодох бүртгэлд хэрхэн хэмжиж толилуулах вэ? 

Жишээ нь: Жижиглэн худалдааны сүлжээ компани болох “А” нь хувцас, гоёлын  хэрэглэл, гэрийн чимэглэл гэх мэт бараанууд борлуулдаг.  Мөн тодорхой үнийн дүн бүхий бэлгийн картыг санал болгодог. Б үйлчлүүлэгч В гэх өөрийн сайн найзынхаа төрсөн өдрөөр юу авч өгөхөө сайн мэдэхгүй байсан тул 300,000 төгрөгийн бэлгийн картыг А компанийн дэлгүүрээс худалдан авч өгөхөөр шийдэв. Тайлант үеийн эцсээр В үйлчлүүлэгч А компанийн дэлгүүрээс өөрийн бэлгийн картаар хараахан бараа, бүтээгдэхүүн худалдан авч амжаагүй байв. А компанийн хувьд бэлгийн картыг борлуулсан гэж үзэн бэлгийн картыг Б үйлчлүүлэгчид өгөх үедээ "Борлуулалтын орлого" хүлээн зөвшөөрч бүтгэсэн байна. Гэвч тайлант үеийн дараа А компанийн санхүүгийн тайланд орсон хараат бус аудиторын зүгээс бэлгийн картын борлуулалт нь СТОУС 15 Худалдан авагчидтай байгуулсан гэрээний орлого-ын дагуу орлого хүлээн зөвшөөрөх нөхцөлийг хангахгүй тул санхүүгийн тайланд залруулга хийх хүсэлт ирүүлсэн байна. Хараат бус аудиторын зөв үү?

Хариулт: Аудиторуудын зөв

Бэлгийн картын борлуулалтыг шууд "Борлуулалтын орлого"-оор бүртгэж болохгүй. Яагаад?

Үүний шалтгаан нь СТОУС 15 “Худалдан авагчидтай байгуулсан гэрээний орлого”-д аж ахуйн нэгж гэрээгээр амласан гүйцэтгэлийн үүргээ биелүүлсэн үедээ л орлого хүлээн зөвшөөрнө гэж заасан байдаг. Дээрх жишээний хувьд бэлгийн карт нь өөрөө гүйцэтгэлийн үүрэг буюу А компанийн бараа, бүтээгдэхүүн биш бөгөөд зөвхөн ирээдүйд бараа худалдан авах эрхийн бичиг юм. А компанийн хувьд "Борлуулалтын орлого"-ыг В үйлчлүүлэгч бэлгийн картыг ашиглах үед хүлээн зөвшөөрнө. Б үйлчлүүлэгчийн бэлгийн картыг худалдан авч буй үед А компани зөвхөн "Урьдчилж орсон орлого" бүртгэх юм. 

Бэлгийн картыг борлуулахдаа хэрхэн бүртгэх вэ?

СТОУС 15-ын В44 дүгээр параграфт заасны дагуу бэлгийн карт нь ирээдүйд хэзээ нэгэн цагт хэрэгжих үйлчлүүлэгчийн эдлээгүй эрх бөгөөд аж ахуйн нэгж тэрхүү эдлээгүй эрхэд хамаарах дүнг гэрээний үүрэг гэж хүлээн зөвшөөрөх ёстой. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч тухайн дэлгүүрт ирээд хувцас худалдаж аваад бэлгийн картаар төлбөрөө хийх үед гэрээний хариуцлагыг арилгаж, борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрөх юм. Үүний шалтгаан нь тухайн үед гүйцэтгэлийн үүргээ биелүүлсэн буюу үйлчлүүлэгчид барааг хүргэсэн юм.

Бэлгийн картын эрхээ бүрэн ашиглаагүй бол яах вэ?

А компаниас авсан 300,000 төгрөгийн бэлгийн картынхаа зөвхөн 280,000 төгрөгт В үйлчлүүлэгч бараа авсан гэж төсөөлөе. Үлдсэн 20,000 төгрөг нь ашиглаагүй эрх болж үлдэнэ.  Үүнийг урьдчилгаа төлбөртэй хохирол буюу үйлчлүүлэгчид ашиглаагүй үйлчилгээ гэж нэрлэдэг. Үүнийг үйлчлүүлэгчийн эдэлж буй эрхийн загвартай пропорциональ орлого гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бэлгийн картын хувьд үйлчлүүлэгч үүнийг хэрхэн ашиглахаас хамаарна.

       Хэрэв үйлчлүүлэгч үүнийг зөвхөн нэг удаагийн төлбөрт ашиглах боломжтой бол ашиглах үед үүнийг орлого гэж хүлээн зөвшөөрдөг.

       Хэрэв үйлчлүүлэгч үүнийг бүрэн хэмжээгээр зарцуулах хүртэл илүү их төлбөр хийх боломжтой бол орлогыг пропорциональ байдлаар хүлээн зөвшөөрнө.

Бэлгийн картыг авахаар хэн ч ирэхгүй бол яах вэ?

Бэлгийн карт зарагдсан ч, хэн ч ирэхгүй байх тохиолдол маш их байдаг. Энэ тохиолдолд үйлчлүүлэгчийн эрхээ хэрэгжүүлэх магадлал бага байх үед олсон орлогыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Жишээлбэл: бэлгийн картууд хүчинтэй байх тодорхой хугацаатай бол хугацаа дууссаны дараа ашиглагдаагүй үйлчилгээний орлогыг хүлээн зөвшөөрөх боломжтой. Хэрэв бэлгийн картууд нь хүчинтэй байх хугацаагүй буюу үргэлж хүчинтэй байвал үйлчлүүлэгч ашиглаагүй бэлгийн картыг мартаж, хэзээ ч ирэхгүй байх хүртэл хэр  хугацаа өнгөрөх ёстойг үнэлэхийн тулд өнгөрсөн үеийн статистик мэдээлэлтэй байх хэрэгтэй.

Байнгын худалдан авалттай бэлгийн картууд

Их хэмжээний худалдан авалт хийх үед бэлгийн картыг урамшуулал болгон үнэгүй өгөх тохиолдол гарч болзошгүй. Энэ тохиолдолд ажил гүйлгээний үнийг борлуулсан бүтээгдэхүүн болон бэлгийн картуудад бие даасан борлуулалтын үнээр хувааж, хуваарилах ёстой.

Жишээ: Их хэмжээний худалдан авалт хийхэд бэлгийн картыг урамшуулал болгон өгөх нь

Хэрэв үйлчлүүлэгч 200 000 төгрөгийн худалдан авалт хийвэл 20 000 төгрөгийн бэлгийн картыг үнэгүй бэлэглэнэ гэж бодъё. Үйлчлүүлэгч  200 000 төгрөгөөр бараа худалдаж авбал дахин 20 000 төгрөгийн бэлгийн карт авна гэх мэт. Энэ тохиолдолд ажил гүйлгээний нийт үнэ нь 200 000 төгрөг, учир нь энэ дүнгээр үйлчлүүлэгч бараа болон бэлгийн карт авах болно. Ажил гүйлгээний үнийг бие даасан борлуулалтын үнэд үндэслэн гүйцэтгэлийн үүргүүдэд хуваах хэрэгтэй.

Хуваарилалтыг доорх хүснэгтэд харуулав. 

 

Гүйцэтгэлийн үүрэг

Борлуулалтын үнэ

Хуваарилагдсан ажил гүйлгээний үнэ

Бараа

200,000

181,818 (200,000/220,000*100)

Бэлгийн карт

20,000

18,182 (20,000/220,000*100)

Нийт

220,000

200,000                                                

 

Борлуулалт болон бэлгийн карт өгөх үед дансны бичилт:

Дт Бэлэн мөнгө     200 000

   Кт Борлуулалтын орлого 181 818

   Кт Гэрээний өр төлбөр (бэлэгний карт)  18 182

Бэлгийн картууд 1 сарын хугацаанд хүчинтэй гэж үзье.

Хэрэв үйлчлүүлэгч ирээд 20 000 төгрөгөөр  бүтээгдэхүүнээ худалдаж аваад бэлгийн картаар төлбөрөө хийвэл журналын бичилт:

Дт Гэрээний өр төлбөр 18 182

    Кт Борлуулалтын орлого 18 182

 

Мөн борлуулсан бүтээгдэхүүнтэй холбоотой борлуулалтын зардлыг бүртгэх  хэрэгтэй. Хэрэв үйлчлүүлэгч бэлгийн картыг ашиглаагүй бөгөөд хүчинтэй байх хугацаа дуусвал дансны бичилт ижил байх ба орлого гэж хүлээн зөвшөөрнө. Энд ямар ч бараа борлуулаагүй тул борлуулалтын зардал гарахгүй. Дүгнэхэд, компаниуд бэлгийн карт ашиглагдах магадлалыг тооцоолж, бэлгийн картыг нийт ажил гүйлгээний үнэд оруулах шаардлагатай байдаг.

 

Сэтгэгдэл хаалттай байна. Та эхлээд нэвтэрч орно уу?