Программ хангамжийн борлуулалтын бүртгэл

2024-02-19 / Кейс №13

Программ хангамжийн борлуулалтын бүртгэл

Танай компани санхүүгийн болон хүний нөөцийн зэрэг төрөл бүрийн программыг боловсруулж, уг программаа ашиглах эрхээ бусад компаниудад борлуулах үйл ажиллагаа явуулдаг уу? Хэрэв тийм бол та энэхүү кейсийг анхааралтай уншиж судлаарай.

Ихэнх тохиолдолд программ хангамжийн компаниуд төрөл бүрийн программ хангамжуудыг боловсруулж, уг программын тодорхой хугацаанд ашиглах эрхийг борлуулах үйлчилгээг үзүүлдэг. Үүний нэг энгийн жишээ нь та бидний ажилдаа өдөр тутам ашигладаг санхүүгийн тайлан гаргадаг программууд орно.

Ашиглах эрхээ борлуулна гэдэг нь программ хөгжүүлэгч компани уг программыг өмчилсөн хэвээр байх бөгөөд үйлчлүүлэгчид зөвхөн хэрэглэгчийн эрх өгнө гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчийн зүгээс уг программыг цааш нь ашиглуулах, эсвэл борлуулах боломжгүй гэсэн үг.

Иймэрхүү үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хувьд НББОУС 38 Биет Бус Хөрөнгө-ийн дагуу программаа биет бус хөрөнгөөр бүртгэдэг. Яагаад? Учир  нь уг программыг компани зараагүй, зөвхөн бусдад ашиглуулж байгаа.

Тэгвэл, тухайн программыг ашиглахын зэрэгцээ дагалдах сайжруулалтыг хийх, өөрчлөлт шинэчлэлт (update) хийх үйлчилгээг давхар борлуулдаг бол яах вэ?

Тэгвэл эдгээр борлуулалтын үйл явдлыг хэрхэн бүртгэх вэ?

Хариулт: СТОУС 15-ын удирдамжийг ашиглана.

Учир нь СТОУС 15 Худалдан Авагчидтай Байгуулсан Гэрээний Орлого нь аливаа аж ахуйн нэгжийн үндсэн үйл ажиллагааны орлогоо бүртгэж толилуулахдаа ашигладаг стандарт юм. Уг стандартад заасны дагуу 5 алхамт загварыг ашиглах ба зарим нэмэлт зүйлсийг анхаарч үзэх нь зүйтэй.

СТОУС 15-ын 5 алхамт загвар (Лицензийн борлуулалт)

СТОУС 15 Худалдан авагчидтай байгуулсан гэрээний орлого гэсэн стандартад  оюуны өмчийн лиценз” нь тухайн аж ахуйн нэгжийн оюуны өмчийг ашиглах уг худалдан авагчийн эрхийг илэрхийлдэг гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл та “лиценз” борлуулж байна гэсэн үг.

Харин, дагалдах үйлчилгээ нь юу вэ?

Алхам №1: Гэрээг тодорхойлох

1-р алхам бол үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээг тодорхойлох явдал юм. Энэ тохиолдолд Программ хөгжүүлэгч компани үйлчлүүлэгчид программаа ашиглуулах, дагалдах үйлчилгээг авах эрхээ борлуулах гэрээ, хэлцлийг илэрхийлнэ.

Алхам №2: Гүйцэтгэх үүргүүдийг тодорхойлох

2-р алхам нь гэрээнд тусгагдсан гүйцэтгэх үүргийг тодорхойлох явдал юм.

Борлуулж буй лиценз нь нэг жилийн сайжруулалт, засвар үйлчилгээнээс тусдаа эсэхийг үнэлэх хэрэгтэй. Лиценз нь ялгаатай эсэхийг тодорхойлохын тулд СТОУС 15-д заасан тусдаа байх шалгуурыг хангасан байх ёстой.

Энэ тохиолдолд нэг жилийн сайжруулалт болон засвар үйлчилгээ нь программыг ашиглах эрх бүрийг дагалддаггүй, хэрэглэгч өөрөө хүссэн учраас худалдаж авсан гэж үзье.  Өөрөөр хэлбэл, уг үйлчилгээ нь тусдаа үнэлгээтэй, тусдаа үйлчилгээ гэсэн үг.

ГЭХДЭЭ, хэрэв программ хангамжийг авсны төлөө бүх үйлчлүүлэгчид үнэ төлбөргүй үзүүлдэг үйлчилгээ байгаа бол энэ үйлчилгээг СТОУС 15-д заасны дагуу тусдаа бүтээгдэхүүн, үйлчилгээ гэж үзэхгүй болохыг анхаараарай.  

Яагаад?

Яагаад гэвэл программ хангамжийг худалдан авагч тал нэмэлт сайжруулалт болон засвар үйлчилгээ авахгүйгээр ашиглах боломжтой.  Тухайлбал, ихэнх хэрэглэгчид сайжруулалт хийхгүйгээр ажиллах боломжтой. Харин, хүссэн үедээ нэмэлт төлбөр төлөөд сайжруулалт болон засвар үйлчилгээг авч болно.

Дээрхээс дүгнэвэл, уг гэрээ нь  2 бие даасан гүйцэтгэлийн үүрэгтэй байна:

1.    Программ хангамжийн лиценз

2.    Сайжруулалт болон засвар үйлчилгээ

  Алхам №3: Ажил гүйлгээний үнийг тодорхойлох

Алхам 3 нь ажил гүйлгээний үнийг тодорхойлох явдал юм. Ажил гүйлгээний үнэ гэдэг нь бүх хөнгөлөлт, урамшуулал зэрэг аж ахуйн нэгжийн байгуулсан гэрээний дүнд нөлөөлөх зүйлсийг тооцсоны дараах  хүлээн зөвшөөрөх орлогын дүн буюу худалдан авагчаас авахаар авахаар тооцсон төлбөрийн дүн юм. Жишээ нь: Программ хангамжийг 1 жилийн шинэчлэлтийн хамт 10,000,000 төгрөгөөр борлуулах гэрээ.

Алхам №4: Ажил гүйлгээний үнийг гэрээний гүйцэтгэх үүргүүдэд хуваарилах

Алхам 4 нь гэрээний үнийг гүйцэтгэх үүргүүдэд хуваарилах явдал юм.  СТОУС 15-д ажил гүйлгээний хуваарилахдаа гүйцэтгэлийн үүрэг тус бүрийн борлуулалтын үнэд үндэслэн гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, нийт борлуулалтын үнийг  программ хангамжийн лицензийн үнэ болон шинэчлэлтийн үнэд хуваарилна.

Энэ тохиолдолд юу яах вэ?

Жишээлбэл: Программын лицензийн тусдаа борлуулалтын үнэ 9,000,000 төгрөг, сайжруулалт болон дагалдах үйлчилгээний 1 жилийн төлбөр 3,000,000 төгрөг, хамтад нь 10,000,000 төгрөгөөр борлуулах гэрээ хийсэн гэж бодъё.

Ажил гүйлгээний үнийг гүйцэтгэлийн үүргүүдэд хуваарилахдаа:

1.    Тусдаа борлуулалтын үнийн хамтад нь борлуулсан үнэд эзлэх хувийг олно.

 

Программ хангамжийн лиценз = 9,000,000 нь 12,000,000 (9,000,000 + 3,000,000)-ийн 75 хувь

Сайжруулалт = 3,000,000 нь 12,000,000 (9,000,000 + 3,000,000)-ийн 25 хувь

 

2.    Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний үнэ нь 10,000,000 төгрөг. Тэгвэл, уг ажил гүйлгээний үнийг дээрх хувиар үржүүлэх замаар программ хангамжийн лиценз болон сайжруулалт 2-т хуваарилна.

 

Программ хангамжийн лиценз = 10,000,000 x 75% = 7,500,000 төгрөг

Сайжруулалт = 310,000,000 x 25% = 2,500,000 төгрөг

 

Алхам №5: Орлогыг хүлээн зөвшөөрөх

Алхам 5 нь орлогыг гүйцэтгэлийн үүргээ биелүүлсэн үед хүлээн зөвшөөрөх явдал юм.

СТОУС 15-д лиценз нь хэрвээ тусдаа байх шалгуурыг хангасан бол түүнийг борлуулах үед орлогыг хэзээ бүртгэх талаар тусгайлан заасан. Өөрөөр хэлбэл, орлогыг нь хүлээн зөвшөөрөх хугацааны хувьд лицензийг 2 ангилж болно:

1.    Лицензийн хугацааны туршид аж ахуйн нэгжийн оюуны өмчид ашиглах эрх - энэ тохиолдолд гүйцэтгэлийн ахиц дэвшил буюу үйл явцад үндэслэн орлогыг цаг хугацааны явцад хүлээн зөвшөөрнө. Өөрөөр хэлбэл, 1 жилийн хугацаатай ашиглах эрх өгсөн бол улирал бүр гэрээний орлогын 4-ний 1-ийг аж ахуйн нэгж орлогоор хүлээн зөвшөөрнө гэсэн үг.  

2.    Лицензийг олгосон хугацааны тодорхой агшинд тухайн аж ахуйн нэгжийн оюуны өмчийг ашиглах эрх- орлогыг программ хангамжийг үйлчлүүлэгчид ашиглах боломжтой болгох тэр мөчид хүлээн зөвшөөрнө.

Энэ кейсийн хувьд, зөвхөн эхнийх буюу тодорхой хугацаанд программыг ашиглах эрхийг түүний сайжруулалт болон засвар үйлчилгээний хамт борлуулсан гэж үзвэл НББ-ийн бичилт нь дараах байдалтай байна:

СТОУС 15-д заасан эхний 4-н алхмын үед ямар нэгэн НББ-ийн бичилт хийхгүй. Эдгээр нь зөвхөн 5 дахь алхмаар хүлээн зөвшөөрөх орлогыг тодорхойлж буй процесс юм.

Лицензийн 10,000,000 төгрөгийг хуваарилан борлуулах үед дараах бичилтийг хийнэ.

Дт Авлага (Мөнгөн хөрөнгө)         7,500,000

     Кт Орлого                                                7,500,000

Үүний дараа 1 жилийн сайжруулалтуудыг яах вэ?

Энэ бол үйлчилгээ бөгөөд гүйцэтгэлийн үүрэг болон гүйцэтгэлийн ахиц дэвшилд тулгуурлан цаг хугацааны явцад хангагдаж байгаа тул борлуулалт хийх үед бичилт нь:

Дт Авлага (Мөнгөн хөрөнгө)             2,500,000

     Кт Гэрээний өр төлбөр                           2,500,000

Дараа нь  цаг хугацааны явцад орлогыг хүлээн зөвшөөрнө.

Дт Гэрээний өр төлбөр                     2,500,000

    Кт Орлого                                                 2,500,000

Дүн нь 1 жилийн сайжруулалт үзүүлэх үйлчилгээний гүйцэтгэлийн хувь хэмжээнээс хамаарна.

 

 

Сэтгэгдэл хаалттай байна. Та эхлээд нэвтэрч орно уу?