СТОУС 9-ийн дагуу санхүүгийн баталгааг хэрхэн бүртгэх вэ?
Санхүүгийн баталгаа нь СТОУС 9 Санхүүгийн хэрэглүүр-д тодорхойлсон санхүүгийн өр төлбөрийн тодорхой төрөл буюу үүсмэл бус санхүүгийн өр төлбөр юм. Энэ нь тухайн байгууллага өөр аж ахуйн нэгжийн авсан зээл эсвэл өрийг нөөцлөх үед үүсдэг бөгөөд ихэвчлэн групп компаниудын дунд тохиолддог. Мөн энэ нь компани доторх учраас хариуцагчаас батлан даалт гаргасан талд төлөх шимтгэл байдаггүй. Жишээ нь: A толгой компани гадаадад охин компанитай бөгөөд тухайн компани зээл авах шаардлагатай байгаа. Банкнаас зээл олгосон ч охин компани төлж чадахгүй бол өрийг нь төлөх баталгааг толгой компани гаргах ёстой байсан. Энэ тохиолдолд аудиторууд СТОУС 9-ийн дагуу санхүүгийн баталгаа гаргаж байгаа тул үүнийг бүртгэх ёстой гэж зөвлөдөг. Гэхдээ хэрхэн бүртгэх вэ? Түүнчлэн охин компани алдагдалтай тохиолдолд дэмжих зорилгоор ерөнхий баталгаа гаргасан - энэ баталгааг хариуцах ёстой юу?
Санхүүгийн баталгаа гэж юу вэ?
СТОУС 9 Санхүүгийн хэрэглүүр гэсэн стандартад санхүүгийн баталгаа гэж тухайн зээлдэгч нь өрийн хэрэглүүрийн анхны буюу засварлан өөрчилсөн нөхцлийн дагуу төлөх ёстой төлбөрөө барагдуулаагүйн улмаас учирсан алдагдлын хувьд уг гэрээг эзэмшигчид нөхөн төлбөр болгон тодорхой төлбөр төлөхийг түүний гаргагчаас шаарддаг гэрээ гэж тодорхойлсон байдаг.
Өөрийн салбар компани алдагдалтай гарсан тохиолдолд охин компанийг дэмжих ерөнхий баталгааг авч үзье. Энэ нь СТОУС 9-ийн дагуу санхүүгийн баталгаа биш. Энэ нь тодорхой бус учраас тусгай төлбөр байхгүй бөгөөд энэ төрлийн баталгаа нь өр дээрх бараг бүх зүйлийг хамарч болно.
Санхүүгийн баталгаа: Анхны хүлээн зөвшөөрөлт ба хэмжилт
Юун түрүүнд бодит үнэ цэнээр олгосон санхүүгийн баталгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь СТОУС 9 Санхүүгийн хэрэглүүр гэсэн стандартын хэмжилтийн үндсэн дүрэм юм. Тэгвэл ийм баталгааны бодит үнэ цэнэ гэж юу вэ?
Санхүүгийн баталгааг групп доторх бус гуравдагч этгээдэд гаргахдаа баталгааны тодорхой хэмжээний шимтгэл буюу тэр баталгааг гаргасны төлөө тодорхой хэмжээний хураамж авах бөгөөд энэ тохиолдолд энэ нь түүний бодит үнэ цэнэ юм. Ихэнх тохиолдолд баталгааг ямар ч төлбөргүйгээр групп дотор олгодог. Энэ тохиолдолд СТОУС 13 Бодит үнэ цэнийн хэмжилт гэсэн стандартын дагуу өөр аргуудыг ашиглах ёстой. Жишээлбэл: Баталгааны үр дүнд зээлдэгчийн үр ашгийг хэмжиж болно.
Тэгвэл хариуцагч батлан даалтад ямар хүү төлөх вэ? Баталгаа гаргаагүй тохиолдолд зээлдэгч ямар хүү төлөх вэ? гэсэн асуултууд гарна.
Хэрэв хариуцагч 5%-ийг батлан даалтад төлөх байтал, баталгаагүй зээлийн зах зээлийн хүү 6% байвал баталгааны бодит үнэ цэнэ нь баталгаатай болон баталгаагүй зээлийн хүүгийн зөрүүний өнөөгийн үнэ цэнэ байна.
Журналын бичилт хэрхэн хийх вэ?
Жишээ: 5 жилийн хугацаатай зээлд санхүүгийн баталгаа гаргасныхаа төлөө 2 000 000 төгрөгийн урамшуулал авсан гэж бодъё.
Журналын бичилт нь:
Дт Бэлэн мөнгө: 2 000 000 төгрөг
Кт Санхүүгийн баталгааны өр төлбөр: 2 000 000 төгрөг
Хэрэв ямар нэгэн урамшуулал аваагүй бол:
Дт Ашиг, алдагдал: Таны баталгааны бодит үнэ цэнэ;
Кт Санхүүгийн баталгааны өр төлбөр: Таны баталгааны бодит үнэ цэнэ
Санхүүгийн баталгаа: Дараа үеийн хэмжилт
Санхүүгийн баталгааны дүнг СТОУС 15 Худалдан авагчтай байгуулсан гэрээний орлого гэсэн стандарттай нийцүүлэн хорогдуулах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд үүнийг зээлийн хугацаанд шулуун шугамаар хорогдуулдаг.
Дараа нь СТОУС 9-д санхүүгийн баталгааг дараахь үзүүлэлтийг өндөр түвшинд хэмжихийг заажээ.
● СТОУС 9-ийн дагуу хүлээгдэж буй зээлийн алдагдал гэж тодорхойлсон алдагдлын нөөц
● СТОУС 15-ын дагуу хүлээн зөвшөөрөгдсөн орлого/ хорогдлын хуримтлагдсан дүнг хасч тооцсон дүн (бодит үнэ цэнэ)
Тиймээс охин компанийн зээлсэн дүнгээс хүлээгдэж буй зээлийн алдагдлыг тодорхойлох шаардлагатай болно. Үүнд:
1. Охин компанийн зээл аль шатанд байгааг тодорхойлох – 1, 2, 3-р шат;
2. Зээлийн үе шатнаас хамааран хүлээгдэж буй алдагдлын нөөцийг 12 сарын хүлээгдэж буй зээлийн алдагдал эсвэл насан туршийн хүлээгдэж буй зээлийн алдагдал гэж тооцно.
Нөгөөтэйгүүр, хүлээгдэж буй зээлийн алдагдлын хэмжээг өөрийн санхүүгийн баталгааны дансны үнэтэй харьцуулах хэрэгтэй бөгөөд энэ нь аливаа элэгдлийг хассан анхны бодит үнэ цэнэ болно.
● Хэрэв хүлээгдэж буй зээлийн алдагдал нь дансны үнээс доогуур байвал асуудал байхгүй.
● Хэрэв хүлээгдэж буй зээлийн алдагдал нь дансны үнээс өндөр байвал санхүүгийн баталгааг дахин үнэлж, дахин хэмжилтийг ашиг, алдагдалд оруулах шаардлагатай.
Дүрслэл: Санхүүгийн баталгааны дараа үеийн хэмжилт
Өмнөх жишээ: 5 жилийн хугацаатай зээлд санхүүгийн баталгаа гаргасныхаа төлөө 2 000 000 төгрөгийн урамшуулал авсан гэж бодъё. Үүнийг 5 жилийн хугацаанд шулуун шугамаар хорогдуулах бөгөөд журналын бичилт нь:
Дт Санхүүгийн баталгааны өр төлбөр: 400 000 төгрөг (2 000 000/5)
Кт Санхүүгийн баталгааны орлого: 400 000 төгрөг
Дараа нь зээлийнхээ хүлээгдэж буй зээлийн алдагдлыг тодорхойлох хэрэгтэй. Зээл хэвийн, зээлийн эрсдэл мэдэгдэхүйц нэмэгдээгүй тул хүлээгдэж буй зээлийн алдагдал 600 000 төгрөг гэж бодъё. Санхүүгийн баталгааны дансны үнэ 1 000 000 төгрөг, хүлээгдэж буй зээлийн алдагдал нь 600 000 төгрөг гэвэл санхүүгийн баталгааг 1 000 000 төгрөгөөр хэмжсээр байх болно. Харин хүлээгдэж буй зээлийн алдагдал нь 1 200 000 төгрөг гэвэл 200 000 төгрөгийн зөрүүг ашиг, алдагдалд бүртгэх шаардлагатай болно.