ҮНДСЭН ХӨРӨНГӨ
НББОУС 16 нь Үндсэн хөрөнгийн бүртгэлийн арга хандлагыг тайлбарласан стандарт бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг чухал стандартуудын нэг юм.
Энэ стандартаар үндсэн хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт, хэмжилт, үнэ цэнийн бууралт, үл хүлээн зөвшөөрөлт, тодруулга-ын асуудлыг зохицуулдаг.
Гэхдээ, үнэ цэнийн бууралтыг тооцох дэлгэрэнгүй зохицуулалт нь НББОУС 36 Хөрөнгийн үнэ цэнийн бууралт-д дурдагдсан байдаг.
Үндсэн хөрөнгө
Үндсэн хөрөнгө гэдэг нь нэгээс дээш тайлант үед ашиглагдахаар хүлээгдэж хөрөнгө бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэл болон нийлүүлэтэд ашиглах, бусдад түрээслүүлэх эсвэл удирдлагын зориулалтаар ашиглагдах хөрөнгийг хэлнэ.
НББОУС 16-д үндсэн хөрөнгийн тодорхойлолтод нийцсэн, дараах хоёр шалгуурыг хангасан хөрөнгийг үндсэн хөрөнгөөр хүлээн зөвшөөрнө гэж заасан байдаг:
· Тухайн хөрөнгөтэй холбоотой ирээдүйн эдийн засгийн үр өгөөж нь тухайн аж ахуйн нэгжид орох магадлалтай байх.
· Өртгийг нь найдвартай хэмжих боломжтой байх. |
Үндсэн хөрөнгийн хүлээн зөвшөөрөлтийн энэхүү зарчим нь үндсэн хөрөнгийг олж авах, барьж байгуулах анхны болон түүний нэг хэсгийг солих, сайжруулах, нэмэгдүүлэх зэрэг хүлээн зөвшөөрөлтийн дараа үеийн бүх төрлийн зардлуудад мөрдөгдөнө.
Зардлууд
Анхдагч зардлууд
Зарим төрлийн үндсэн хөрөнгийн зүйлсийг аюулгүй байдал болон хүрээлэн буй орчны зориулалтаар олж авах шаардлага үүсдэг. Хэдийгээр ийм төрлийн хөрөнгүүд нь ирээдүйд эдийн засгийн үр өгөөж шууд бий болгохгүй боловч бусад хөрөнгүүдээс эдийн засгийн үр өгөөж хүртэхийн тулд зайлшгүй байх шаардлагатай байж болно. Тиймээс ийм хөрөнгүүдийг үндсэн хөрөнгөөр хүлээн зөвшөөрч бүртгэнэ.
Тухайлбал, Агуулах, үйлдвэрийн байрны харуул хамгаалалтын байр, хашаа, камер зэрэг нь агуулах болон үйлдвэр дэх эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахаас бус шууд эдийн засгийн үр өгөөж аж ахуйн нэгжид өгдөггүй.
Дараа үеийн зардал
Үндсэн хөрөнгөд хийсэн өдөр тутмын засвар, үйлчилгээний зардлыг гарсан үед нь тайлант үеийн зардлаар хүлээн зөвшөөрнө. Учир нь эдгээр зардлууд нь тухайн хөрөнгийн ирээдүйд бий болгох эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлдэггүй.
Гэхдээ, томоохон үндсэн хөрөнгийн зүйлсийн зарим эд анги, сэлбэг хэрэгслийг тодорхой давтамжтайгаар солих шаардлагатай байдаг.
Энэ тохиолдолд, аж ахуйн нэгж хуучин эд ангийн дансны үнийг хасч, шинэ хөрөнгийн дансны үнийн өртгийн дүнгээр тухайн үндсэн хөрөнгийн дансны үнийг нэмэгдүүлнэ. Эвдрэл гэмтэлийн техникийн шалгалт, их засвар болон ижил төстэй зүйлсийн хувьд мөн дээрх зарчмыг баримтална.
Хэмжилт
Анхдагч хэмжилт
Хөрөнгийн тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөх шалгуурыг хангасан үндсэн хөрөнгийг өртгөөр нь хэмжинэ.
Үндсэн хөрөнгийн өртөгт дараах зардлууд орно:
1. Худалдан авалтын үнэ: үүнд импортын татвар, эргэн төлөгдөхгүй худалдан авалтын татваруудууд орох худалдааны хөнгөлөлт, буцаалтыг оруулахгүй.
2. Тухайн хөрөнгийг удирдлагын төлөвлөсөн зорилгоор ашиглахад бэлэн болгоход шаардлагатай байршилд авчрах, нөхцөл байдлыг бий болгох шууд холбогдох зардлууд. Ажлын хөрөнгийг ашиглах байршлийг бэлдэх, мэргэжлийн үйлчилгээний хөлс, анхдагч хүргэлт болон ачиж буулгах зардал, суурилуулалт болон угсралтын зардлууд нь ийм төрлийн зардалд орно.
3. Тухайн хөрөнгийг байршуулах газрыг хөрөнгийн ашиглалтын хугацаа дууссаны дараа нөхөн сэргээх, тухайн байршлаас нүүлгэх зардлын анхдагч тооцоолол.
Үндсэн хөрөнгийн өртөг нь хүлээн зөвшөөрөлтийн өдрөөрх мөнгөөр илэрхийлсэн үнийн дүнтэй адилтгах дүн байна.
Хэрэв төлбөрийг зээлийн хэвийн хугацаанаас илүү хугацаагаар хойшлуулбал тэрхүү мөнгөн үнэтэй адилтгах дүн ба нийт төлбөрийн хоорондох зөрүүг НББОУС 23-ын дагуу капиталжуулахаас бусад тохиолдолд уг зээлийн хугацаанд хүүгийн зардлаар хүлээн зөвшөөрнө.
Хэрэв үндсэн хөрөнгийг өөр мөнгөн бус хөрөнгөөр солилцож авсан бол өртөг нь дараахаас бусад тохиолдолд авсан хөрөнгийн бодит үнэ цэнэ байна:
· Солилцооны ажил гүйлгээний арилжааны зорилгогүй байх
· Өгсөн болон авсан хөрөнгийн аль алинийх нь бодит үнэ цэнийг найдвартай хэмжих боломжгүй байх.
Хэрэв авсан хөрөнгийг бодит үнэ цэнээр бүртгэх боломжгүй бол түүний өртгийг өгсөн хөрөнгийн дансны үнээр хэмжиж бүртгэнэ.
Дараа үеийн хэмжилт
Аж ахуйн нэгж үндсэн хөрөнгөө бүртгэхдээ дараах хоёр загварын аль нэгийг хэрэглэнэ:
1. Өртгийн загвар: Аж аж ахуйн нэгж үндсэн хөрөнгөө хуримтлагдсан элэгдэл болон хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассан дүнгээр бүртгэнэ.
2. Дахин үнэлгээний загвар: Аж ахуйн нэгж үндсэн хөрөнгөө дахин үнэлсэн дүнгээр бүртгэнэ. Дахин үнэлсэн дүн нь дахин үнэлгээний өдрөөрх хөрөнгийн бодит үнэ цэнээс дараа үеийн хуримтлагдсан элэгдэл, хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассан дүн юм.
Аж ахуйн нэгж үндсэн хөрөнгийн дансны үнэ нь тайлант үеийн эцсээрх түүний бодит үнэ цэнээс материаллаг дүнгээр зөрүүтэй байх нөхцөлийг хангахуйц давтамжаар дахин үнэлгээг хийж байх ёстой. Хэрэв үндсэн хөрөнгийг дахин үнэлсэн бол ижил төстэй үндсэн хөрөнгийг ангийг бүхэлд нь дахин үнэлнэ.
Дахин үнэлгээний дүнд үүссэн үндсэн хөрөнгийн дансны үнийн өөрчлөлтийг дараах байдлаар бүртгэнэ:
Элэгдэл
Элэгдэл гэдэг нь хөрөнгийн элэгдүүлэх дүнг түүний ашиглалтын хугацааных нь турш системтэй хуваарилах үйлдэл юм.
Үндсэн хөрөнгө нь нэгээс дээш жилийн хугацаанд аж ахуйн нэгжид эдийн засгийн үр өгөөж өгөх тул уг эдийн засгийн өгөөжтэй уялдуулах үүднээс элэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн үндсэн хөрөнгийн өртгийг эдийн засгийн үр өгөөж бий болгох хугацаанд системтэйгээр хуваарилж зардал болгоно гэсэн үг юм.
Элэгдэл тооцохдоо дараах үндсэн гурван зүйлийг анхаарах хэрэгтэй:
· Элэгдүүлэх дүн: энэ нь тухайн хөрөнгийн анхны өртгөөс түүний үлдэх өртгийг хассан дүн юм. Өөрөөр хэлбэл ашиглалтын хугацаанд тухайн хөрөнгийн хуваарилах ёстой өртгийн нэг хэсэг юм.
· Элэгдүүлэх хугацаа: энэ нь тухайн хөрөнгөд элэгдэл тооцох хугацаа буюу түүний ашиглалтын хугацаа юм.
· Ашиглалтын хугацаа: гэдэг нь тухайн хөрөнгөөс аж ахуйн нэгж эдийн засгийн өгөөж хүртэхээр тооцсон хугацаа эсвэл тухайн хөрөнгөөс аж ахуйн нэгжид бий болох үйлдвэрлэлийн нэгж юм уу ижил төстэй нэгжийн тоо юм.
СТОУС 16-д ашиглалтын хугацааг тодорхойлохдоо анхаарч үзэх ёстой хэд хэдэн зүйлсийг дурдсан байдаг:
· Тухайн зүйлийн тооцсон ашиглалт
· Тооцсон биет эвдрэл, гэмтэл
· Тухайн зүйлийн техникийн болон эдийн засгийн хуучралт
· Тухайн хөрөнгийн хэрэглээнд тогтоосон хууль эрх зүйн болон бусад хориг, хязгаарлалтууд.
Ашиглалтын хугацаа болон хөрөнгийн үлдэх өртгийг тайлант жил бүрийн эцэст хамгийн багадаа шалгаж байх ёстой гэж НББОУС 16-д заасан байдаг.
Хэрэв эдгээр зүйлсийн өмнөх тооцоололд өөрчлөлт орсон байвал уг өөрчлөлтийн НББОУС 8-ийн дагуу нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт гэж үзэх ба өмнөх үе рүү залруулга хийхгүй.
Элэгдлийн арга: гэдэг нь элэгдлийг ямар байдлаар хэрхэн тооцох вэ гэдгийг харуулсан системтэй хуваарилалтын арга юм.
Элэгдлийн арга нь тухайн хөрөнгөөс аж ахуйн нэгжид бий болох ирээдүйн эдийн засгийн үр өгөөжийн урсгалтай нийцсэн байх ёстой.
Аж ахуйн нэгж байгууллага элэгдлийн янз бүрийн аргыг сонгож хэрэглэж болно. Тухайлбал, шулуун шугамын арга, үлдэгдлийг давхар бууруулах арга, бүтээгдэхүүний нэгжид ногдуулах арга гэх мэт.
Сонгосон аргаа хамгийн багадаа тайлант жил бүрийн эцэст шалгах ёстой. Хэрэв хөрөнгийн ашиглалтын урьдчилан тооцсон хэлбэрт өөрчлөлт гарсан бол элэгдлийг аргыг мөн өөрчилж, уг өөрчлөлтийг НББОУС 8-ийн дагуу нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлтөөр бүртгэнэ. Өөрөөр хэлбэл өмнөх үе рүү буцаан толилуулахгүй.
Элэгдлийн зардлыг өөр хөрөнгийн дансны үнэд капиталжуулахаас (тухайлбал, тухайн хөрөнгийг ашиглан үйлдвэрлэж байгаа бараа материал, өөр үндсэн хөрөнгийн өртөгт шингээх) бусад тохиолдолд тайлант үеийн ашиг, алдагдлаар бүртгэнэ.
Үндсэн хөрөнгийн зүйлийн нийт өртөгтэй харьцуулахад материаллаг дүнтэй бүрэлдэхүүн хэсэг бүрийг тус тусад нь элэгдүүлэх ёстой. Тухайлбал, автомашины томоохон эд ангийг түүний бусад хэсгүүдийн ашиглалтын хугацаатай ижил хугацаагаар бус харин өөрийнх нь ашиглалтын хугацаанд үндэслэн элэгдүүлнэ.
Үнэ цэнийн бууралт
Үндсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг тооцох бүртгэлийн арга хандлага нь НББОУС 36 Хөрөнгийн үнэ цэнийн бууралт-аар зохицуулагдана. Өөрөөр хэлбэл үндсэн хөрөнгийн үнэ цэнийг бууралтыг тооцох үеийн ашиглалтын үнэ цэнэ, борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнийг тодорхойлох, нөхөгдөх дүнг олох асуудал нь НББОУС 36-д дурдагдсан.
НББОУС 16-д үнэ цэнэ нь буурсан үндсэн хөрөнгийн зүйлийн нөхөн төлбөрийг гуравдагч талаас авахаар бол уг нөхөн төлбөрийг авлагаар бүртгэх үедээ олз, гарзын хэсэгт үнэ цэнийн бууралтын гарзыг бүртгэнэ гэж заасан байдаг.
Тухайлбал, даатгагдсан үл хөдлөх хөрөнгөд учирсан хохирлын нөхөн төлбөрийн нэхэмжлэхийг даатгалын компани уг нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрч, тухайн хэргийг хааж, нөхөн төлбөр олгохоор зөвшөөрсөн үед хөрөнгийн үнэ цэнийн бууралтын гарзыг олз, гарзаар хэсэгт хүлээн зөвшөөрнө.
Үл хүлээн зөвшөөрөлт
НББОУС 16-д үндсэн хөрөнгийг зарж борлуулсан эсвэл ирээдүйд эдийн засгийн үр өгөөж бий болгохооргүй болсон үедээ түүний дансны үнийг үл хүлээн зөвшөөрөх ёстой гэж заасан байдаг.
Үндсэн хөрөнгийн үл хүлээн зөвшөөрөлтөөс үүссэн олз, гарзыг түүнийг үл хүлээн зөвшөөрсөн үедээ ашиг, алдагдлын хэсэгт харуулах ёстой. Үндсэн хөрөнгийг данснаас хасах үед үүсэх олз нь үндсэн бус үйл ажиллагааны орлогод ангилагдана. Үл хүлээн зөвшөөрөлтийн үед үүсэх олз, гарз нь түүний дансны үнээс данснаас хасах үедээ хүлээн авсан төлбөр хоёрын зөрүүгээр тодорхойлно.