Орлого: Бартер буюу Мөнгөн бус төлбөр

2024-02-06 / Кейс №12

Орлого: Бартер буюу Мөнгөн бус төлбөр

“Бартераар авсан байр”, “Бартердах уу”, “Үлдсэн дүнд нь бартердая” гэдэг нэр томьёо, хэллэгийг та сонссон л байлгүй. Зөвхөн нягтлан бодогч гэлтгүй энгийн хүмүүсийн өдөр тутмын амьдралд тохиолдох болсон уг үйлдлийг хэрхэн бүртгэж толилуулдаг болохыг энэ удаагийн сэдвээр дурдах болно.

Бартер гэдэг нь өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ оронд мөнгө биш харин өөр бүтээгдэхүүн, үйлчилгээ солилцож авах үйлдлийг хэлнэ гэсэн нийтлэг тодорхойлолт бий.

Харин, нягтлан бодогч бид бүгдийн хувьд уг нэр томьёог СТОУС 15 Худалдан авагчидтай байгуулсан гэрээний орлого гэсэн стандартад “мөнгөн бус солилцоо” буюу өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний оронд авч бараа, бүтээгдэхүүнийг “мөнгөн бус төлбөр” гэж нэрлэдэг.

Тухайлбал, А компани хүнсний ногоо борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Харин Б компани нь тавилга угсралт, борлуулалтын чиглэлээр ажиллагаа явуулдаг бөгөөд тайлант онд А компаниас авсан хүнсний ногооныхоо төлбөрт оффисын зориулалттай ширээ 3 ширхэг, 1 ширхэг хүлээлгийн өрөөний буйдан өгөхөөр тохиролцсон. Үүнтэй холбоотойгоор дараах асуултууд гарч ирнэ:

 

 

Тэгвэл, дээрх ажил гүйлгээг А болон Б компаниуд хэрхэн бүртгэх вэ?

Дээрх ажил гүйлгээг А болон Б компаниуд борлуулалт гэж үзэх үү?

Хэрэв тийм бол, СТОУС 15-ыг хэрэглэх үү?

 

СТОУС 15-ыг аж ахуйн нэгж өөрийн бизнесийн ердийн үйл ажиллагааны явцад худалдан борлуулдаг, үзүүлдэг үйлчилгээнийхээ борлуулалтын орлогыг бүртгэхдээ ашигладаг. Мэдээж зарим нэг онцгой тохиолдлууд бий. Үүний нэг нь талууд яг ижил салбарт ижил бараа бүтээгдэхүүн борлуулдаг, үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжүүдийн хоорондох бартерын ажил гүйлгээнд СТОУС 15-ыг мөрдөхгүй.

Дээрх жишээний хувьд СТОУС 15-ыг А болон Б компаниуд хоёулаа мөрдөнө. Учир нь уг хоёр компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ нь өөр юм.

Дурдахгүй өнгөрч болохгүй бас нэг асуудал нь “Борлуулалтаа хөнгөвчлөхийн тулд худалдан авагчтай бараа материалын дериватив гэрээ хийсэн бол СТОУС 15-ыг мөрдөхгүй” гэсэн заалт бий.

Өөрөөр хэлбэл, гэрээний талууд нь аж  ахуйн нэгжийн ердийн үйл ажиллагааны үр дүн болох барааг олж авах биш, харин тухайн үйл ажиллагаа буюу процессоос үүсэх эрсдэл, өгөөжийг хамтран хариуцаж бий болгон хөгжүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд СТОУС 15-ыг мөрдөхгүй.

Жишээнд дурдсан эдгээр 2 компани цар хүрээгээ тэлэх эсвэл өөр өөр төрлийн үйлчлүүлэгчдэд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бэлэн бүтээгдэхүүнд зориулсан эдгээр нөөцүүд нь борлуулалтыг хөнгөвчлөх зорилгоор хийгдээгүй. Тиймээс энэ нь СТОУС 15-ын хамрах хүрээнд орох бөгөөд энэ Стандартыг мөрдөнө гэсэн үг юм.

Тэгвэл бид энэ гүйлгээг хэрхэн бүртгэх вэ?

Хариулт: СТОУС 15-ын дагуу бодит үнэ цэнээр бүртгэнэ. Яагаад? Учир нь СТОУС 15-ын 66-р параграфт “Худалдан авагч нь төлбөрийг мөнгөнөөс бусад хэлбэрээр барагдуулахаар амласан гэрээний хувьд ажил гүйлгээний үнийг тодорхойлохын тулд аж ахуйн нэгж нь уг мөнгөн бус төлбөрийг түүний бодит үнэ цэнээр нь хэмжинэ” гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, А компани борлуулалтын орлогоо бүртгэхдээ Б компаниас авч буй тавилгын зах зээл дээр борлуулагддаг үнийг ашиглан борлуулалтын орлогоо бүртгэнэ гэсэн. Харин Б компанийн хувьд А компаниас авч буй ногооны зах зээл дээр мөн борлуулагддаг үнийг ашиглан тавилгын борлуулалтын орлогоо бүртгэнэ.

Жишээ 2: СТОУС 15-ын дагуу бартерын гүйлгээ

А компани ердийн худалдан авалтын үнэ болох 100000 төгрөгийн гурилыг 100000 төгрөгөөр буюу хэвийн борлуулалтын үнээр өөрийн бэлэн бүтээгдэхүүн болох бялуу-аар сольсон гэж бодъё.

Бэлэн бүтээгдэхүүний солилцооны өртөг нь 80000 төгрөг байв. Өөрөөр хэлбэл А компанийн бялууны өртөг 80000 төгрөг.

А компани бэлэн бүтээгдэхүүний борлуулалтыг дараах байдлаар тооцно.

Дт Бараа материал (Бялуу)                                     100000 төгрөг

     Кт Борлуулалтын орлого                                                  100000 төгрөг

Дараа нь бэлэн бүтээгдэхүүнийг бараа материалаас дараах байдлаар хасна.

Дт Борлуулсан бүтээгдэхүүний өртөг:                    80000 төгрөг

    Кт Бараа материал (гурил):                                               80000 төгрөг

СТОУС 15 Худалдан авагчидтай байгуулсан гэрээний орлого ба үндсэн хөрөнгийн солилцоо

СТОУС 15 нь худалдан авагчидтай байгуулсан гэрээг зохицуулдаг, уг гэрээгээрх борлуулалтын орлогын бүртгэлийн арга хандлагыг тодорхойлсон стандарт юм.

Зарим тохиолдолд, аж ахуйн нэгжүүд үндсэн хөрөнгөө өөр аж ахуйн нэгжид өгч, оронд нь өөр төрлийн үндсэн хөрөнгийг авч болно. Энэ тохиолдолд СТОУС 15-д хамаарахгүй. Учир нь үндсэн хөрөнгийн борлуулалт нь ердийн үйл ажиллагааны борлуулалтад тооцогдохгүй.

СТОУС 15-ын дагуу худалдан авагч гэж “Аж ахуйн нэгжийн ердийн үйл ажиллагааны үр дүн болох бүтээгдэхүүн, үйлчилгээг авахаар тухайн байгууллагатай гэрээ байгуулсан тал" гэж тодорхойлсон байна. Тиймээс үндсэн хөрөнгийн зүйлийг солилцоход СТОУС 15-ыг хэрэглэхгүй. Үүний оронд НББОУС 16 Үндсэн хөрөнгө, ялангуяа хөрөнгийн солилцоотой холбоотой хэсгийг мөрдөх нь зүйтэй.

Бодит үнэ цэнээр олж авсан хөрөнгийг хүлээн зөвшөөрч, шилжүүлсэн хөрөнгийг үл хүлээн зөвшөөрөх ба үндсэн хөрөнгө борлуулсны ашиг, алдагдлыг бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрдөг. Энэ талаар та холбогдох кэйсээс дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Сэтгэгдэл хаалттай байна. Та эхлээд нэвтэрч орно уу?