ХӨНГӨЛӨЛТИЙГ ХЭРХЭН БҮРТГЭХ ВЭ?
Танай байгууллага үйлчлүүлэгчдэдээ дараах төрлийн хөнгөлөлтүүдийг үзүүлдэг үү?
Хэрэв тийм бол ТА анхаарлаа нааш хандуулаарай.
Дээрх асуудлууд нь нягтлан бодох бүртгэлд хэмжилтийн маш том асуудлуудыг үүсгэдэг. Орлогоо хөнгөлөлтийг хассан дүнгээр бүртгэх үү? Эсвэл хөнгөлөлтийг зардлаар бүртгэх үү? Үнэгүй өгсөн бараанд орлого хүлээн зөвшөөрөх эсэх гэх мэт.
Тэгвэл, дээрх төрлийн хөнгөлөлтүүдийг жишээн дээр тайлбарлая.
1. Үнийн дүнгийн тодорхой хувийн хөнгөлөлт үзүүлдэг бол хэрхэн бүртгэж тайлагнах вэ?
Энэ тохиолдолд аж ахуйн нэгжүүд хөнгөлөлтийн хувийг хассан дүнгээр орлогоо хүлээн зөвшөөрнө. Харин хөнгөлсөн хувийг борлуулсан бүтээгдэхүүний өртөг, эсвэл борлуулалт, маркетингийн зардал гэж бүртгэхгүй. Учир нь СТОУС 15 Худалдан авагчидтай байгуулсан гэрээний орлого-ын 47-р параграфт “Ажил гүйлгээний үнэ нь амласан бараа, үйлчилгээг худалдан авагчид нийлүүлсний хариуд тухайн аж ахуйн нэгж авах эрхтэй гэж хүлээж буй төлбөрийн дүн байх ба гуравдагч талын өмнөөс цуглуулсан дүн орохгүй” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, борлуулалтын орлогоо цэвэр дүнгээр бүртгэнэ гэсэн. Мөн гуравдагч талын өмнөөс авсан төлбөрүүд орохгүй болохыг анхаараарай.
Жишээлбэл, А компани 100,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт бүрд 5 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Б худалдан авагч нийт 130,000 төгрөгийн бараа авсан. Энэ тохиолдолд бүртгэл дараах байдалтай байна:
Дт: Мөнгө 123500 (130000 - 130000х5%)
Кт: Борлуулалтын орлого 123500
Хөнгөлөлттэй холбоотойгоор зарим аж ахуйн нэгжүүд бүртгэлийн дараах бичилтийг хийдэг байсан бол та СТОУС-тай нийцээгүй бүртгэл хөтөлж, алдаатай тайлан гаргадаг байсан гэсэн үг юм.
Дт: Маркетингийн зардал 6500
Кт: Борлуулалтын хөнгөлөлт 6500
Харин СТОУС 15 мөрдөгдөж эхэлснээр дээрх бичилт хийгдэхгүй гэдгийг анхаараарай.
Жишээлбэл, А компани “2 бараа авбал 1-ийг бэлэглэнэ” гэсэн борлуулалтын бодлого хэрэгжүүлсэн гэж үзье. 1 ширхэг барааны үнэ нь 75000 төгрөг гэвэл Б үйлчлүүлэгч 150000 төгрөгөөр 2 бараа аваад 1-ийг нэмж үнэгүй авсан. Мөн 1ш барааны өртөг 30000 төгрөг. Энэ тохиолдолд А компани 2 барааг тус тус 75000 төгрөгөөр борлуулсан гэж үзэж болохгүй. Учир нь СТОУС 15 Худалдан авагчидтай байгуулсан гэрээний орлого-ын 82-р параграфт заасны дагуу нийт борлуулалтын үнийг 3 ширхэг бараанд тэнцүү хуваарилж борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрнө. Өөрөөр хэлбэл:
Дт: Мөнгө 150000
Кт: Борлуулалтын орлого (3ш бараа) 150000
Дт: ББӨ (30000х3=90000) 90000
Кт: Бараа материал 90000
Харин дараах бичилт нь СТОУС 15-ын дагуу зөвшөөрөгдөөгүй буюу хийж болохгүй бичилт болохыг анхаараарай!!!
Дт: Маркетингийн зардал 30000
Кт: Бараа материал 30000
Дээрх жишээний хувьд, А компанийн хувьд 2 ширхэг бараанд 1 ширхэг бараа үнэгүй өгч байгаа мэт боловч нягтлан бодох бүртгэлд 2 ширхэг барааны үнээр 3 ширхэгийг борлуулж байгаа гэж үзнэ. СТОУС 15-д мөн тусдаа борлуулалтын үнэ бүхий барааг дагалдуулж өгч байгаа буюу үнэгүй борлуулж байгаа бол холбогдох орлогыг заавал хувь тэнцүүлэн хуваарилах ёстой гэж заасан байдаг.
Бидний мэдэх дийлэнх сүлжээ дэлгүүрүүд үйлчлүүлэгчдэдээ хөнгөлөлтийн карт өгөх, хэрэглэгчийн нэрээр хөнгөлөлт хуримтлуулан дараагийн худалдан авалтад нь хөнгөлөлт үзүүлэх зэргээр борлуулалтаа нэмэгдүүлэх арга хэмжээ авдаг. Тэгвэл хэрэглэгчдийн нэр дээрх уг хуримтлагдсан хөнгөлөлтийг бүртгэх асуудал нь нягтлан бодогчдод томоохон сорилт болдог.
Харин уг асуудлыг СТОУС-д дараах байдлаар зохицуулсан байдаг:
- Худалдан авалт хийх үед хэрэглэгчийн нэр дээр үүсэх хөнгөлөлтийг тухайн худалдан авалтын дүнгээс хасаж цэвэр дүнгээр борлуулалтын орлогыг бүртгэх ба;
- Тухайн хөнгөлөлтийг компани нь өр төлбөрөөр эсвэл нөөцөөр бүртгэхгүй. Харин худалдан авагч хөнгөлөлтийг эдэлсэн үед нь борлуулалтын орлогын дүнг бууруулан бүртгэнэ.
Жишээлбэл: А компани үйлчлүүлэгчдэдээ хөнгөлөлтийн карт өгдөг бөгөөд хөнгөлөлтийн карттай үйлчлүүлэгчдэд худалдан авалтын үнийн дүнгийн 3 хувийн хөнгөлөлт үзүүлдэг бөгөөд уг хөнгөлөлтийг тухайн үедээ эдлэх, эсвэл дараагийн худалдан авалтдаа эдлэх эсэх нь үйлчлүүлэгчийн эрх байна. Б хэрэглэгч анхны худалдан авалт нь 150000 төгрөг байсан бөгөөд уг худалдан авалтын 3 хувь болох 4500 төгрөгийг хуримтлуулан дараагийн худалдан авалтуудынхаа аль нэгэнд эдлэхээр болсон. 2 дахь худалдан авалтын үед Б хэрэглэгч 90000 төгрөгийн худалдан авалт хийсэн ба өмнөх хөнгөлөлт болон 2 дахь худалдан авалтын хөнгөлөлтөө зэрэг эдлэхээр шийдсэн. Энэ үед нягтлан бодох бүртгэлийн бичилт нь дараах байдалтай байна:
Эхний худалдан авалтын үед:
Дт: Мөнгө 150000
Кт: Борлуулалтын орлого 150000
Хоёр дахь худалдан авалтын үед:
Дт: Мөнгө (90000 – 4500 – 90000х3%) 82800
Кт: Борлуулалтын орлого 82800
СТОУС-ын дагуу хөнгөлөлтийг үйлчлүүлэгч эдлээгүй байхад бүртгэх нь үүсээгүй өр төлбөрийг бүртгэж буйтай адил зүйл гэж үздэг. Өөрөөр хэлбэл, ирээдүйд үйлчлүүлэгч дахин худалдан авалт хийх хүртэл аж ахуйн нэгжид тухайн үйлчлүүлэгчийн өмнө хүлээх үүрэг хариуцлага байхгүй гэсэн. Гэхдээ, СТОУС 15-д мөн, ажил гүйлгээний үнийн тооцоололд нөлөөлдөг олон хүчин зүйлс байдаг ба хэрэв аж ахуйн нэгжид өмнөх хугацаанд хуритмлуулсан туршлагадаа үндэслэн ирээдүйд хөнгөлөлт эдлэх үйлчлүүлэгчдийн тоог найдвартай тооцож чадвал хүлээн зөвшөөрөх борлуулалтын орлогодоо уг тооцооллын дүнг оруулж болохыг дурдсан байдаг. Энэ талаар та бүхэнд тусгайлан Кейс бэлдэж хүргэх тул дэлгэрэнгүй мэдээллийг тухайн кейсээс аваарай.
Өмнөх тохиолдлуудтай харьцуулахад энэ тохиолдол нь бага зэргийн төвөгтэй. Учир нь СТОУС 15-ын дагуу “Борлуулалтын орлогыг гэрээгээр нийлүүлэхээр амласан бүтээгдэхүүнээ нийлүүлсэн эсвэл үйлчилгээгээ үзүүлсэн үедээ хүлээн зөвшөөрнө” гэж заасан байдаг ба анх борлуулалт хийх үедээ худалдан авагчийн төлбөрөө хөнгөлөлтийн хугацаанд багтаан төлөх эсэх магадлалыг харгалзан хөнгөлөлтийн хассан дүнгээр борлуулалтын орлогоо хүлээн зөвшөөрөх эсэхээ шийднэ гэж заасан байдаг. Иймд хөнгөлөлтийн хугацаанд төлбөрөө барагдуулах магадлал бага гэж үзвэл анх борлуулалт хийх үед хөнгөлөлт ороогүй дүнгээр борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрөх ба эсрэг тохиолдолд буюу хөнгөлөлтийн хугацаанд төлбөрөө барагдуулж чадахгүй гэж үзвэл хөнгөлөлт ороогүй дүнгээр борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрнө. Жишээн дээр тайлбарлавал илүү ойлгомжтой болох болов уу.
А компани борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор 10 хоногийн дотор төлбөрөө 100 хувь бүрэн барагдуулсан үйлчлүүлэгчдэдээ 5 хувийн үнийн дүнгийн хөнгөлөлт үзүүлдэг. Б үйлчлүүлэгч 500000 төгрөгийн худалдан авалт хийснээсээ хойш 7 хоногийн дараа төлбөрөө 100 барагдуулсан. Б үйлчлүүлэгч нь А компанийн байнгын үйлчлүүлэгч бөгөөд өмнөх 10 тохиолдлын 8-д нь хөнгөлөлтийн хугацаандаа төлбөрөө 100 барагдуулж байсан. Иймээс А компани хөнгөлөлт эдлэх магадлал өндөр гэж үзэн хөнгөлөлтийг хассан дүнгээр борлуулалтын орлогоо хүлээн зөвшөөрнө. Энэ тохиолдолд дараах бичилт үүснэ:
Анх зээлээр борлуулах үед:
Дт: Дансны авлага (500000х95%) 475000
Кт: Борлуулалтын орлого 475000
7 хоногийн дараа төлбөрөө барагдуулах үед:
Дт: Мөнгө (500000х95%) 475000
Кт: Дансны авлага 475000
Хэрэв А компани хөнгөлөлтийн хугацаанд төлбөрөө барагдуулж чадаагүй бол дараах бичилт үүснэ:
Анх зээлээр борлуулах үед:
Дт: Дансны авлага (500000х95%) 475000
Кт: Борлуулалтын орлого 475000
Хөнгөлөлтийн хугацаа өнгөрөх үед:
Дт: Авлага 25000
Кт: Борлуулалтын орлого 25000
Төлбөрөө төлөх үед:
Дт: Мөнгө 500000
Кт: Авлага 500000