СТОУС-ын дагуу хязгаарласан бэлэн мөнгийг хэрхэн үзүүлэх вэ?

2024-04-15 / Кейс №16

СТОУС-ын дагуу хязгаарласан бэлэн мөнгийг хэрхэн үзүүлэх вэ?

Асуулт нь: А барилгын компани бөгөөд нийт борлуулалтын үнийн дүнгийн таван хувьтай тэнцэх хэмжээний тусгай үйлдвэрлэлийн заал барьсны төлбөрийг захиалагчаасаа авсан. Энэ нь санхүүгийн тайланд ихээхэн ач холбогдолтой юм. Асуудлын гол нь энэ мөнгийг тусад нь банкны дансанд байршуулж, танхимаа харилцагчиддаа хүлээлгэн өгөх хүртэл ашиглах боломжгүй. Барилга эхэлснээс хойш 2 жилийн дараа бид танхимыг хүлээлгэн өгнө гэж бодож байна.

1.    Банкны дансанд байгаа энэ дүнг бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө хэлбэрээр толилуулж болох уу?

2.    Хэрэв тийм биш бол баланс болон мөнгөн гүйлгээний тайландаа хэрхэн тусгах вэ?"

Хариулт: Энэ тохиолдолд хариулт нь ҮГҮЙ, энэ нь бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө биш юм.

Үүнийг тайлбарлая.

НББОУС 7-ын дагуу мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө

НББОУС 7 "Мөнгөн гүйлгээний тайлан" гэсэн стандартад бэлэн мөнгийг бэлэн мөнгө болон хугацаагүй хадгаламж гэж тодорхойлдог.

Таны дансанд 2 жилийн турш авч чадахгүй мөнгө байгаа бол энэ нь бэлэн мөнгө биш (хэрэглэх боломжгүй учраас) эсвэл хугацаагүй хадгаламж биш юм. Мөнгөтэй адилтгах хөрөнгө гэдэг нь үнэ цэнийн өөрчлөлтийн томоохон эрсдэлгүйгээр бэлэн мөнгө рүү хөрвөх боломжтой, богино хугацаатай, түргэн хөрвөх чадвартай хөрөнгө оруулалт юм. НББОУС 7-д энэхүү тодорхойлолтыг хангахын тулд эдгээр хөрөнгө оруулалтыг 3 сар ба түүнээс бага хугацаанд хөрвөх чадвартай байх ёстой гэж заасан. Тиймээс дээрх жишээн дэх  дансанд байршуулсан мөнгө нь бэлэн мөнгө биш ба 3 сарын дотор хөрвөх боломжгүй тул авч чадахгүй. Үүнийг хязгаарласан мөнгө гэж нэрлэдэг.

Анхааруулга: Хариулт нь зөвхөн энэ тохиолдолд хамаарах бөгөөд тухайн нөхцөл байдлыг үнэлэх хэрэгтэй. Жишээлбэл, бэлэн мөнгөө тусдаа дансанд байлгаж болох ч буцаан авахад саадгүй байвал энэ нь хугацаагүй хадгаламж болох юм.

Хязгаарласан бэлэн мөнгөний жишээ

1.    Даатгалын компаниудын барьцаанд тавьсан мөнгөн дүн – Заримдаа даатгалын компаниуд эрсдэлийн тодорхой хэсгийг нөхөх үед тодорхой хэмжээний бэлэн мөнгө барьцаалах шаардлагатай байдаг ба ихэнхдээ энэ мөнгийг тусдаа нөхцөлтэйгөөр хадгалуулсан дансанд байршуулах шаардлагатай болдог.

2.    Төв банкинд заавал байлгах хадгаламж – Банк бүр тодорхой хэмжээний бэлэн мөнгө төв банкинд байршуулах шаардлагатай байдаг бөгөөд энэ мөнгийг ашиглах боломжгүй байдаг нь олон оронд түгээмэл байдаг.

3.    Тусдаа дансанд тэтгэврийг хамруулах шимтгэл – Зарим компаниуд олон жилийн дараа олгох тэтгэвэр гэх мэт ажилчдын зарим тэтгэмжийг нөхөхийн тулд сан бүрдүүлдэг.

4.    Валютын хяналтан дор байгаа бэлэн мөнгө - Бэлэн мөнгө ашиглахаас сэргийлж болох зарим хязгаарлалт эсвэл валютын хяналттай аль нэг улсад үйл ажиллагаа явуулдаг охин компанитай байж болно.

Хязгаарласан бэлэн мөнгө хэрхэн үзүүлэх вэ?

Дээрх бүх жишээн дээр бэлэн мөнгө хязгаарласан байсан бөгөөд үүнийг бэлэн мөнгөтэй адилтгах эсэхээ үнэлэх хэрэгтэй. Үнэлгээ хийх гол хүчин зүйл бол хязгаарлалтын шинж чанар юм. Зарим тохиолдолд  тодорхой хэмжээний бэлэн мөнгөний үлдэгдлийг хамгийн бага хэмжээнд байлгах шаардлагатай байх хэдий ч үүнийг тусдаа банкны дансанд хадгалах шаардлагагүй байж болно. Энэ тохиолдолд бэлэн мөнгө нь хязгаарласан хэвээр байгаа боловч үүнийг бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө хэлбэрээр үзүүлж болно.

Тэгвэл хязгаарласан бэлэн мөнгийг санхүүгийн тайланд хэрхэн тусгах бэ?

1.    Санхүүгийн байдлын тайлан: Хязгаарласан бэлэн мөнгийг ихэнх тохиолдолд бусад санхүүгийн хөрөнгөд оруулах хэрэгтэй. Мөн эргэлтийн болон эргэлтийн бус гэсэн ялгааг маш болгоомжтой хийх хэрэгтэй. Хэрэв хязгаарласан бэлэн мөнгө тайлагналын хугацаа дууссанаас хойш 12 сараас дээш хугацаагаар хадгалагдах юм бол энэ нь эргэлтийн бус хөрөнгө болно.

2.    Мөнгөн гүйлгээний тайлан: Мөнгөн гүйлгээний тайлангийн зорилго нь бэлэн мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийн өөрчлөлтийг танилцуулдаг. Хэрэв хязгаарласан бэлэн мөнгө балансад бэлэн мөнгө хэлбэрээр тусгаагүй бол үүнийг мөнгөн гүйлгээний тайланд тусгах боломжгүй. Мөн мөнгөн гүйлгээний тайланд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, үндсэн үйл ажиллагаа эсвэл санхүүгийн үйл ажиллагаа гэсэн хэсгүүдэд тусгах болно. Тухайлбал, зээлийн эргэн төлөлттэй холбоотой хязгаарласан мөнгөн хөрөнгийн өөрчлөлт нь санхүүжилтийн үйл ажиллагаа юм.

Сэтгэгдэл хаалттай байна. Та эхлээд нэвтэрч орно уу?