ЭЛЭГДЛИЙГ ТООЦОЖ ЭХЛЭХ ҮЕ
Зарим компаниудад ашигладаггүй боловч үнэ цэнтэй томоохон хөрөнгүүд агуулахад нь байсаар байдаг. Тэгвэл зарим нь тодорхой хугацааны дараа хэрэглэж эхлэх хөрөнгөө нэлээд хэдэн сарын өмнө авч агуулахад хадгалах тохиолдолд байдаг. Энэ үед нягтлан бодогчдын хувьд тухайн хөрөнгийн элэгдлийг тооцох эсэх асуудал үүсдэг. Тэгвэл энэ кейсээрээ иймэрхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай тайлбарлав.
НББОУС 16 Үндсэн хөрөнгө-д юу гэж заасан байдаг вэ?
НББОУС 16-ын 55-р параграфт “Үндсэн хөрөнгийг ашиглаж эхлэх боломжтой болсон үеэс элэгдүүлж эхэлнэ" гэж заасан байдаг. Ашиглаж эхлэх боломжтой болсон үе гэдэг нь тухайн үндсэн хөрөнгийг ашиглах боломжтой зориулалтын байрлалд аваачсан эсвэл ашиглаж эхлэх нөхцөлийг бүрдүүлсэн тохиолдолд-ыг хэлдэг.
Ихэнх тохиолдолд аж ахуйн нэгжүүд “ашиглаж эхэлсэн үедээ” үндсэн хөрөнгийг элэгдүүлж эхэлдэг бөгөөд энэ нь СТОУС-ыг зөрчсөн үйлдэл болохыг анхаараарай.
Жишээ 1: Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө
Та 2020 оны 1-р сарын 1-нд нэг орон сууц худалдаж авсан гэж үзье. Гэхдээ та үүнийг өөр хүнд түрээслүүлэх зорилготой байгаа.
Эхний 2 сарын хугацаанд та орон сууцанд цэвэрлэгээ, засвар хийж 3-р сарын эцэст байрыг түрээслэхэд бэлэн болсон. Та байраа түрээслүүлэх зар сурталчилгаа явуулж эхэлсэн. 6-р сарын 1-нд түрээслэгч байранд нүүж орсон.
Энэ жишээний хувьд:
Байрыг түрээслэхэд бэлэн болсон учир 2020 оны 3-р сарын эцэс нь байрыг түрээслэхэд бэлэн болсон өдөр болно.
2020 оны 6-р сарын 1 нь байр ашиглагдаж эхэлсэн өдөр юм. Учир нь түрээслэгч энэ өдөр байранд нүүж орсон.
НББОУС 41-ийн дагуу, хэрэв та өртгийн загварыг хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгөдөө ашигладаг бол, уг байрын элэгдлийг 2020 оны 3-р сарын сүүлээс эхэлж элэгдүүлнэ. Учир нь, энэ өдрөөс эхлэн тухайн байрыг ашиглах боломж бүрдсэн байна.
Жишээ 2: Тусгай зориулалтын тоног төхөөрөмж
Танай компани шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор нэг шинэ тоног төхөөрөмж худалдаж авсан гэж үзье.
Тоног төхөөрөмж нь 2020 оны 2-р сарын 1-ний өдөр хүргэлтээр ирсэн. Тоног төхөөрөмжийг ашиглаж эхлэхийн өмнө, түүнийг суурилуулж, тусгай инженер шалгаж үзэх ёстой.
Суурилуулалт болон тест хийх ажил 2020 оны 4-р сард дууссан ба шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6-р сард эхэлсэн.
Энэ жишээний хувьд:
Ашиглаж эхлэх боломжтой болсон үе нь 2020 оны 4-р сард суурилуулалт болон тест хийсний дараах өдөр болно. Учир нь энэ өдрөөс эхлэн тоног төхөөрөмж ашиглагдах бүрэн боломжтой болсон.
Харин 2020 оны 6-р сарын 1 нь тухайн хөрөнгийг ашиглаж эхэлсэн өдөр юм. Учир нь энэ өдөр шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж эхэлсэн.
СТОУС-ын дагуу та уг тоног төхөөрөмжийн элэгдлийг 2020 оны 4-р сард суурилуулалт болон тест хийгдэж дууссаны дараа эхлүүлэх ёстой.
Анхаарах асуудал:
Хэрэв хөрөнгийг ашиглаж эхлэх боломжтой болсон үеэс түүнийг элэгдүүлж эхэлбэл, тухайн хөрөнгөтэй холбоотой орлого үүсэхгүй, харин зөвхөн зардал санхүүгийн тайлан дээр хүлээн зөвшөөрөгдөнө. Энэ нь уялдаат зарчмыг бага зэрэг алдагдуулдаг. Учир нь тухайн хөрөнгө байгууллагад эдийн засгийн үр өгөөж өгч эхлээгүй байдаг.
Тэгвэл тоног төхөөрөмжүүдийн хувьд “үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэгжид ногдуулах” арга нь дээрх асуудлыг шийддэг. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмж бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй, эсвэл ашиглагдаагүй үед энэ аргаар тайлант үед элэгдлийн зардал үүсэхгүй.