Урлаг, өв соёлын зүйлсийг хэрхэн тайлагнах вэ?

2024-01-15 / Кейс №3

УРЛАГ, ӨВ СОЁЛЫН ЗҮЙЛСИЙГ ХЭРХЭН БҮРТГЭЖ ТАЙЛАГНАХ ВЭ?

 

Танай компанид ямар нэгэн уран зураг, бэлэг дурсгалын зүйл байдаг л биз дээ. Гэвч эдгээр зүйлсийг хувьд хүнд гэхээсээ илүү танай компанид зориулан бэлэглэсэн байх тохиолдол их байдаг. Эсвэл зөвхөн үзүүлэнгийн зорилгоор худалдаж авсан иймэрхүү хөрөнгүүд мөн байдаг.

Харамсалтай нь, эдгээр зүйлсийг бүртгэх тусгайлсан стандарт СТОУС-д байдаггүй. Харин та эдгээр зүйлсийг хэрхэн бүртгэдэг вэ?

Дараах асуултуудад хариулах замаар урлагийн бүтээл, өв соёлын зүйлсийг бүртгэх аргаа тодорхойлох ёстой. 

Танд ямар төрлийн урлагийн бүтээл, өв соёлын зүйлс байгаа вэ?

Урлагийн бүтээл гэдэг нь өөрөө маш өргөн хүрээний тодорхойлолт бөгөөд бүх урлагийн бүтээлийг нэгэн ижил ангилж болохгүй. Дараах онцлогуудыг харгалзан үзэх нь зүйтэй!

Уг урлагийн бүтээл нь тодорхой ашиглалтын хугацаатай юу?

Уг урлагийн бүтээл нь элэгдэж хуучирдаг уу?

Танд байгаа урлагийн бүтээл үлдэх үнэ цэнэтэй юу?

Та түүнийг хүссэн үедээ борлуулах боломжтой юу?

Уг урлагийн бүтээлийг бусад зүйлсээс тусад нь салгах боломжтой юу? Эсвэл өөр ямар нэг үл хөдлөх хөрөнгийн нэг хэсэг үү? Тухайлбал, ханан дээрх зураг уу?

Танд байгаа урлагийн бүтээлийн үнэ цэнэ цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдэх үү?

Уг урлагийн бүтээл нь түүхэн эсвэл соёлын үнэ цэнтэй юу?

Уг урлагийн бүтээлийн үнэ цэнэ нь танай санхүүгийн тайланд материаллаг дүнтэй байж чадах уу?

Дээрх асуултуудад хариулагдсаны дараа урлагийн бүтээл нь дараах 4 төрлийн аль нэгэнд харьяалагдаж болох бөгөөд заавал эдгээр ангиллуудад хуваана гэсэн СТОУС-ын заалт байхгүй болохыг анхаараарай. 

 

Тэргүүн зэргийн урлагийн бүтээлүүдэд хэдийгээр одоохондоо гоёл чимэглэлийн зорилгоор эзэмшиж байгаа ч эцсийн зорилго нь үнэ цэнийг нь өсгөн борлуулах зорилготой нэн ховор урлагийн бүтээлүүд орно. 

Энэ ангилалд бүх төрлийн цуглуулга орно. Тухайлбал, уран зураг, хөшөө баримал, зарим тохиолдолд дуудлага худалдаанаас авсан урлагийн зүйлс орно. Энэ ангиллын урлагийн зүйлс нь ихэвчлэн соёлын болон түүхэн үнэ цэнтэй байдаг. 

Ерөнхийдөө урлагийн бүтээлийг олж авах үндсэн зорилго нь аж ахуйн нэгжийн хувьд хөрөнгө оруулалт хийх байдаг. Өөрөөр хэлбэл зарим төрлийн санхүүгийн хэрэглүүрүүдэд хөрөнгө оруулалт хийхээс илүү иймэрхүү хөрөнгүүдийг олж авах нь ирээдүйд илүү их үр өгөөжтэй байх магадлал зарим үед бий. Уг хөрөнгийн үнэ цэнийн өсөлтөөр дамжин компанийн санхүүгийн үзүүлэлт мөн сайжирна гэж үздэг.

Харамсалтай нь, СТОУС-д иймэрхүү хөрөнгүүдтэй холбоотой ямар нэг тусдаа стандарт, удирдамж байхгүй. Ихэнх нягтлан бодогчид ийм хөрөнгөө үндсэн хөрөнгөөр бүртгэж тайлагнадаг. Эдгээр хөрөнгүүд нь үнэ цэнийн өсөлтөөс өгөөж хүртэх зорилготой тул үндсэн хөрөнгийн тодорхойлолтыг хангахгүй учраас шууд НББОУС 16-г хэрэглэх нь мөн тохиромжгүй юм. НББОУС 40 нь мөн зөвхөн үл хөдлөх хөрөнгөд зориулсан стандарт учраас уг стандартыг мөн хэрэглэж болохгүй.

 

Тиймээс, эдгээр тохиолдолд НББОУС 8 Нягтлан бодох бүртгэлийн бодлого, Нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт ба алдаа-г хэрэглэх нь зохистой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл:

Эдгээр хөрөнгүүдэд тохирох НББ-ийн бодлогоо өөрсдөө тодорхойлох нь зүйтэй.

НББОУС 8-ийн 10-р параграфт “ажил гүйлгээ болон бусад үйл явдал, нөхцөл байдалд тохирох тусгайлсан СТОУС байхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь найдвартай, хамааралтай байх шаардлагыг хангасан мэдээллийг бий болгохуйц нягтлан бодох бүртгэлийн бодлогыг өөрсдийн шийдлээ ашиглан боловсруулж мөрдөх ёстой” гэж заасан байдаг.

Үнэ цэнийн өсөлтөөс эдийн засгийн үр өгөөж хүртэх зорилгоор урлагийн бүтээл олж авах нь СТОУС-д тусгайлан заагаагүй дээрх төрлийн ажил гүйлгээний нэг юм. Тиймээ та өөрийн гэсэн нягтлан бодох бүртгэлийн бодлогоо боловсруулж мөрдөх ёстой. Харин яаж?

Гэхдээ, та хий хоосон санаанаасаа нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулж болохгүй. 

 

НББОУС 8-д хэрэв та өөрөө нягтлан бодох бүртгэлийн бодлогоо зохиож байгаа бол дараах дарааллын дагуу ажиллах ёстой:

  1. Ижил төстэй эсвэл холбогдох асуудлыг зохицуулсан СТОУС-ын шаардлага байгаа эсэхийг тодорхойлох. 
  2. Үзэл баримтлал дахь хөрөнгө, өр төлбөр, орлого, зардлын тодорхойлолт, тэдгээрийн хүлээн зөвшөөрөлт болон хэмжилтийн зарчмыг харгалзаж үзэх. 
  3. Нягтлан бодох бүртгэлийн стандарт баримт бичиг боловсруулахдаа ижил үзэл баримтлал ашигладаг НББОУСЗ-өөс өөр стандарт тогтоогч байгууллагын зүгээс гаргасан энэ чиглэлийн хамгийн сүүлийн албан ёсны тайлбар, баримт бичиг. Гэхдээ энэ нь 1 ба 2-т заасан зүйлстэй зөрчилдөхгүй байх ёстойг анхаарна уу.

 

Жишээ нь, танай компани үнэ цэнийн өсөлтөөс ашиг олох эсвэл түрээслүүлэх нэн ховор урлагийн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан. Уг хөрөнгийг эзэмших танай компанийн зорилго нь НББОУС 40-д заасан хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зорилготой ижил байгаа учраас та уг стандартыг хэрэглэхээр болсон.

Ирээдүйд уг хөрөнгийг борлуулах зорилго байгаа учраас та НББОУС 40-ийн бодит үнэ цэнийн загварыг уг хөрөнгөд ашиглан бүртгэлээ хийдэг гэж үзье. Учир нь иймэрхүү хөрөнгө нь тодорхой ашиглалтын хугацаа байхгүй, бодит үнэ цэнэ нь цаг хугацааны явцад өсөх хандлагатай байдаг.

Гэхдээ та өөр ижил төстэй нягтлан бодох бүртгэлийн зарчмуудад заасан удирдамжийг мөн харах хэрэгтэй. Тухайлбал, Нэгдсэн Вант Улсын НББНХЗЗ болон АНУ-ын Санхүүгийн тайлагналын стандарт 30 Өв соёлын хөрөнгө гэсэн стандартууд нь иймэрхүү хөрөнгийг бүртгэхэд зориулагдсан байдаг. СТС 30-д дээрх төрлийн хөрөнгөд НББОУС 40-ийн бодит үнэ цэнийн аргыг ашиглан бүртгэж байгаатай ижил аргыг мөн санал болгосон байдаг.

НББОУС 40-ийн бодит үнэ цэнийн загвар

Бодит үнэ цэнийн загварын дагуу, үл хөдлөх хөрөнгийг анх худалдан авалтын өртгийг багтаасан дүнгээр хэмжих ёстой. Харин дараагийн тайлант үеүдэд тухайн хөрөнгийг СТОУС 13 Бодит үнэ цэнийн хэмжилт-ийн дагуу тодорхойлсон бодит үнэ цэнээр нь хэмжинэ гэж заасан байдаг.

Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс үүссэн олз, гарзыг үүссэн тайлант үед нь ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрнө. Гэхдээ, тухайн хөрөнгийг элэгдүүлэхгүй болохыг анхаараарай.

Миний хувьд ч гэсэн цаг хугацааны явцад үнэ цэнэ нь өсдөг нэн ховор урлагийн бүтээлүүдэд бодит үнэ цэнийн загварыг ашиглах нь нягтлан бодох бүртгэлийн хувьд оновчтой бодлого гэж бодож байна.

Үзвэрийн шинжтэй оффисын урлагын бүтээлүүд 

Оффисын урлагийн бүтээлд ханан дээр зурсан зураг шиг бусад хөрөнгөөс салгаж болдоггүй тийм хөрөнгүүд орохгүй. Харин бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах зорилготой хэдий ч тодорхой нөхцөл бүрдсэн үед худалдан борлуулж болох тусдаа буюу өөр хөрөнгүүдээс салгаж болдог урлагийн бүтээлүүд юм.

Энэ төрлийн урлагийн бүтээлд ерөнхий компанийн ажлын байр, ажлын талбарыг тохижуулах зорилгоор эзэмшиж буй бүх төрлийн зураг, уран баримал, уран зургийн хуулбарууд орно.

Эдгээр зүйлсийг олж авах өртөг мөн тийм ч бага дүнтэй байдаггүй. Мөн эдгээр хөрөнгүүдийг зөвхөн танай байгууллагад зориулан тусгайлан мэргэжлийн зураач, барималч бий болгосон эсвэл та галлерейгаас худалдаж авсан байж болно. Тиймээс, эдгээр хөрөнгүүдийг жижиг зүйлс гэж үзэж болохгүй. Энэ талаар 4-р ангиллын хөрөнгө дээр дэлгэрэнгүй тайлбарласан.

Иймэрхүү урлагийн бүтээл, түүний нэг хэсэг нь танай ажлын байр, талбарыг тохилог, тав тухай болгохоос гадна таныг бизнесээ явуулахад хэрэг болохуйц орчныг бүрдүүлдэг. Тиймээс, ийм зорилгоор эзэмшиж байгаа урлагийн бүтээлүүд нь НББОУС 16-д заасан үндсэн хөрөнгийн шалгуурыг хангаж байна гэж үзнэ. Учир нь, бүтээгдэхүүнийг бий болгох эсвэл үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдаж байгаа  болон удирдлагын зорилгоор ашиглагдаж байгаа хөрөнгүүдийг үндсэн хөрөнгө гэж ангилдаг. Тухайлбал, хүлээлгийн өрөө, сургалтын танхим, захирлын өрөөнд байршуулсан зураг, баримал, үзвэрийн зүйлс.

Ажлын байрны урлагийн бүтээлийг хэрхэн бүртгэх вэ?

Дээр дурдсанчлан эдгээр урлагийн бүтээлүүдийг НББОУС 16-ын дагуу үндсэн хөрөнгө гэж ангилсан учраас та өртгийн загвар юм уу дахин үнэлгээний загвар-ын аль нэгийг ашиглан толилуулах ёстой. 

  1.  Өртгийн загвар: энэ загварын дагуу та хөрөнгөө хуримтлагдсан элэгдэл болон хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассан дүнгээр тайлагнана. 
  2.  Дахин үнэлгээний загвар: энэ загварын дагуу та хөрөнгөө дахин үнэлгээгээр тодорхойлсон бодит үнэ цэнээс дараа үеийн хуримтлагдсан элэгдэл болон хуримтлагдсан үнэ цэнийн бууралтыг хассан дүнгээр тайлагнана.

 

Аль загварыг нь сонгох нь зүйтэй вэ?

Хэрэв таны ажлын байрны урлагийн бүтээлийг худалдан борлуулдаг зах зээл байгаа ба бодит үнэ цэнийг нь олох боломжтой бол дахин үнэлгээний загварыг ашиглах нь зүйтэй. Бусад тохиолдолд өртгийн загварыг хэрэглээрэй.

Элэгдэл байгуулах уу?

Зарим хүмүүс урлагийн бүтээлийн ашиглалтын хугацааг тодорхойлох боломжгүй учраас элэгдэл байгуулж чадахгүй байх нөхцөл үүсэх үү гэж асууж магадгүй.

Тэгвэл, хэдийгээр тухайн хөрөнгийн ашиглалтын хугацаа тодорхойгүй ч гэсэн танай компани дотоод засал, тохижилтоо өөрчлөх төлөвлөгөөтэй байж болно. Тиймээс уг дотоод засал, тохижилт хийх өдөр хүртэл ийм хөрөнгүүдийг ашиглана гэж үзэж ашиглалтын хугацааг нь тодорхойлно.

Харин хүссэн үедээ борлуулах боломжтой, тодорхойгүй ашиглалтын хугацаатай ийм хөрөнгүүдийн үлдэх өртөг нь түүнийг олж авсан өртөгтэй ойролцоо, эсвэл өндөр бол элэгдүүлэхгүй байж болно. Энэ тохиолдолд та үлдэх өртгийг өндөр дүнтэй гэдгийг батлах ёстой.

Алдартай зураачаа өндөр үнээр зураг худалдан авч, гүйцэтгэх захирлынхаа өрөөнд байршуулсан гэж үзье. Энэ тохиолдолд та уг зургийн үлдэх өртөг нь түүнийг олж авсан өртөг эсвэл бодит үнэ цэнэтэй тэнцүү юм уу өндөр гэдгийг нотолсон бол түүнийг элэгдүүлэхгүй байж болно. Гэхдээ энэ нь таны хэрэглэж буй загвараас хамаарна.

Тусад нь салгах боломжгүй урлагийн бүтээлүүд

Зарим тохиолдолд, компаниуд тусдаа мэргэжлийн зураач хөлслөн барилга, байгууламжийнхаа ханан дээр зураг зуруулдаг. Жишээлбэл, спорт заалны ханан дээрх алдартай тамирчид болон таван цагаригийн зураг, багийн лого, зураг гэх мэт.

Энэ нь тухайн спорт заал, цогцолбороор үйлчлүүлэгчдэд сэтгэгдэл төрүүлэх, урам зориг өгөх замаар дахин үйлчлүүлэх хүсэл эрмэлзлийг төрүүлдэг. Ингэснээр тухайн спорт заал, цогцолборыг эзэмшигч компани эдийн засгийн үр өгөөж хүртэх боломжтой болдог.

Дээрх тохиолдлын хувьд хэрэв уг урлагийн бүтээл нь зөвхөн тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах нөлөөтэй гэж үзвэл тухайн тухайн хөрөнгийг бий болгох үед гарсан зардлыг НББОУС 16-ын дагуу холбогдох үндсэн хөрөнгөтэй холбоотой дараа үеийн зардал гэж үзнэ. Хэрэв уг урлагийн бүтээл нь ирээдүйд тухайн хөрөнгийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нөлөөтэй гэж үзвэл уг хөрөнгийн өртөгт капиталжуулах ёстой. Гэхдээ, тусдаа хөрөнгө хүлээн зөвшөөрч бүртгэхгүй болохыг анхаарна уу. Учир нь тухайн зураг нь тусдаа хөрөнгө байх шалгуурыг хангахгүй.

Гэхдээ, иймэрхүү урлагийн бүтээлийг түүний ашиглалтын хугацаанд элэгдүүлэх ёстой. Хэрэв хэдэн жилийн дараа уг зургийг арилгах, эсвэл солих гэж байгаа бол тэр хүртэлх хугацаагаар элэгдэл байгуулах ёстой. Энэ тохиолдолд уг зураг буюу урлагийн бүтээлийн ашиглалтын хугацаа тухайн барилга, байгууламжийн ашиглалтын хугацаатай ижил биш байж болно. Хэрэв уг барилга, байгууламжийг ашиглалтаас гаргах эсвэл түрээсийн хугацаа дуусгавар болох хүртэл урлагийн бүтээл нь хэвээр байсаар байна гэж үзвэл энэ хоёр хөрөнгийн ашиглалтын хугацаа ижил байна.

Дээрхээс эсрэг тохиолдолд буюу урлагийн бүтээл нь ямар нэг эдийн засгийн үр өгөөжгүй, зөвхөн өнгө үзэмж нэмэх зорилготой бол түүний бий болгох үед гарсан зардлыг тайлант үеийн зардлаар хүлээн зөвшөөрнө. Гэхдээ, зөвхөн өнгө үзэмж нэмэх зорилгоор тусдаа мэргэжлийн зураач хөлслөх тохиолдол тун ховор байдгийг санаарай.

Гоёл чимэглэлийн зориулалттай урлагийн бүтээлүүд 

Энэ төрлийн урлагийн бүтээлүүдэд харьцангуй бага зардлаар бий болгосон, зөвхөн удирдлагын зориулалттай буюу үнэ цэнийн өсөлтөөс ашиг олох зорилгогүй, үлдэх өртөг бараг байхгүй, цаг хугацааны явцад элэгдэж хуучрах хандлагатай гоёл чимэглэлийн зүйлс орно.

Тухайлбал, зурагт хуудас, жаазалсан болсон жаазлаагүй хуулбар зургууд, жижиг баримлууд, ваар зэрэг ижил төстэй бусад жижиг зүйлс. Эдгээрийг томоохон гэр ахуйн дэлгүүрүүдээс авах боломжтой.

Эдгээр нь ч гэсэн мөн урлагийн бүтээлийн нэг төрөл бөгөөд ангилал 2-т багтсан урлагийн бүтээлүүдийн адил НББОУС 16-ын дагуу бүртгэж тайлагнах ёстой. Гэхдээ, иймэрхүү зүйлсийн дүн нь цөөн тохиолдолд материаллаг байдаг ч нэгээс дээш жилийн ашиглалтын хугацаатай байдаг. НББОУС 16-д үндсэн хөрөнгийг капиталжуулах үнэ цэнийн босгын талаар ямар нэг зүйл дурдаагүй байдаг. Тиймээс үзэл баримтлалын “хамааралтай байх” зарчмын дагуу материаллаг бус дүнтэй бол авсан тухайн тайлант үедээ зардлаар бүртгэж болно.

Гэхдээ өндөр үнээр худалдаж авсан тохиолдолд хэрхэн бүртгэх вэ гэдэгтээ анхаараарай. Зарим тохиолдолд дангаараа бага үнэтэй ч олон тоогоор авсан тохиолдолд материаллаг дүнтэй байж болох юм. НББОУС 16-д үндсэн хөрөнгийг бүрдүүлж буй зүйл, түүнийг тайлагнах нэгж ямар байх талаар дурдаагүй байдаг. Тиймээс, иймэрхүү хөрөнгүүдийг нэгтгэн нэг хөрөнгө мэтээр тайлагнах эсэхээ шийдэхдээ мэргэжлийн шийдэл ашиглах нь зүйтэй. 

Сэтгэгдэл хаалттай байна. Та эхлээд нэвтэрч орно уу?