СТОУС 15 болон НББОУС 18-ийн ялгаа

2024-01-22 / Кейс №6

 СТОУС 15 болон НББОУС 18-ийн ялгаа

СТОУС 15 Худалдан авагчидтай байгуулсан гэрээний орлого

Орлого хүлээн зөвшөөрөлтийн шинэ стандарт болох СТОУС 15 Худалдан авагчидтай байгуулсан гэрээний орлого нь 2014 онд гарсан бөгөөд 2018 оны 1-р сарын сарын 1-ээс СТОУС-ыг мөрддөг аж ахуйн нэгжүүд заавал мөрдөх ёстой.

Энэ Стандарт гарснаараа АНУ-ын орлого хүлээн зөвшөөрөлтийн зарчим, СТОУС-ын орлого хүлээн зөвшөөрөлтийн зарчим хоёр хоорондоо ижилхэн болсон. Учир нь энэ стандартыг Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын зөвлөл, АНУ-ын НББ-ийн стандартыг батлагч Санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн стандартын зөвлөлүүд хамтарч гаргасан бөгөөд АНУ-ын орлогын стандарт нь мөн Сэдэв 606: Худалдан авагчидтай байгуулсан гэрээний орлого болж өөрчлөгдсөн юм.

СТОУС 15 гарснаараа дараах баримт бичгүүдийг орлох болсон:

- НББОУС 18 Орлого

- НББОУС 11 Барилгын гэрээ

- СТХ Тайлбар 31 Орлого – Сурталчилгааны үйлилгээг багтаасан бартерийн ажил гүйлгээ

- СТОУТХ Тайлбар 13 Худалдан авагчдын үнэнч байдлын хөтөлбөр

- СТОУТХ Тайлбар 15 Үл хөдлөх хөрөнгийг барьж байгуулах гэрээ

- СТОУТХ Тайлбар 18 Худалдан авагчдаас хөрөнгө хүлээн авах

СТОУС 15-ын үндсэн зарчим нь аж ахуйн нэгж байгууллага бараа, үйлчилгээний арилжааны хариуд аж ахуйн нэгжийн авахаар хүлээж буй төлбөрийг тусгах дүнгээр уг амласан бараа, үйлчилгээг худалдан авагчдад нийлүүлсэн гэдгийг илэрхийлэхийн тулд тухайн аж ахуйн нэгж орлогыг хүлээн зөвшөөрөх явдал юм.

СТОУС 15 нь дараах зүйлсээрээ мөн онцлогтой: 

  • СТОУС 15-д өмнөх орлогын стандартад дурдагдаагүй ажил гүйлгээнүүдтэй холбоотой заалтууд орсон.
  • Олон элементүүдтэй гэрээнд тохирсон заалтууд орсон. 
  • Орлогын талаарх тодруулгыг илүү ойлгомжтой, дэлгэрэнгүй болгосон. 

СТОУС 15 нь дараах Таван алхамт орлого хүлээн зөвшөөрөлтийн зарчмыг шинээр гаргасан ирсэн: 

АЛХАМ 1: Худалдан авагчтай байгуулсан гэрээг тодорхойлох

СТОУС 15-д гэрээг хоёр ба түүнээс дээш талуудын хооронд байгуулагдсан, гэрээний нөхцөл заалт бүрийг мөрдөх ёстой эрх, үүргийг бий болгодог хэлэлцээр гэж тодорхойлсон байдаг.

АЛХАМ 2: Гүйцэтгэлийн үүргийг тодорхойлох

Гүйцэтгэлийн үүрэг гэдэг нь худалдан авагчтай байгуулсан гэрээний дагуу худалдан авагч талд нэг төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх эсвэл үйлчилгээ үзүүлэх амлалт юм. 

АЛХАМ 3: Ажил гүйлгээний үнийг тодорхойлох

Ажил гүйлгээний үнэ гэдэг нь амласан бараа, үйлчилгээгээ худалдан авагчид нийлүүлсний хариуд тухайн аж ахуйн нэгжийн авах эрхтэй гэж үзсэн төлбөрийн дүн юм. Гэхдээ, уг дүнд гуравдагч талын өмнөөс цуглуулсан аливаа төлбөрүүд орохгүй.

АЛХАМ 4: Ажил гүйлгээний үнийг гүйцэтгэлийн үүргүүдэд хуваарилах

Аливаа гэрээ нь нэгээс дээш гүйцэтгэлийн үүрэгтэй байвал аж ахуйн нэгж тооцсон ажил гүйлгээний үнээ тухайн гүйцэтгэлийн үүргүүдэд тохирох дүнгээр нь ул үндэслэлтэй сууриар хуваарилна. Өөрөөр хэлбэл, хоёр өөр төрлийн бараа борлуулах гэрээ хийсэн бол бараа бүрийн борлуулалтын үнэд үндэслэн гэрээний үнийг хуваарилах замаар орлого хүлээн зөвшөөрнө.

АЛХАМ 5: Орлого хүлээн зөвшөөрөх

Гүйцэтгэлийн үүргийг биелүүлсэн гэж үзсэн үедээ тухайн гүйцэтгэлийн үүрэгт хуваарилсан орлогыг хүлээн зөвшөөрнө. 

СТОУС 15 гарснаараа хамгийн их нөлөөг ямар салбаруудад үзүүлэх вэ?

Олон улсын түвшинд мэргэжилтнүүд уг стандарт нь харилцаа холбоо, программ хангамж хөгжүүлэгчид, үл хөдлөх хөрөнгө болон урт хугацаат гэрээ байгуулдаг үйлдвэрлэлийн салбаруудад томоохон нөлөө үзүүлнэ гэж үзсэн. 

Түүнчлэн, хэрэв аж ахуйн нэгж бүтээгдэхүүн худалдаж авсных нь төлөө үйлчилгээ үзүүлэх нөхцөлтэй гэрээ байгуулдаг бол энэ стандартыг заавал судалсан байх шаардлагатай. 

Яагаад?

СТОУС 15-ын дагуу "Ажил гүйлгээний үнийг тусдаа гүйцэтгэлийн үүргүүдэд хуваарилж, тухайн гүйцэтгэлийн үүрэг биелэгдсэн үед орлого хүлээн зөвшөөрнө" гэж заасан. 

Энэ нь СТОУС 1:-ын дагуу тухайлбал харилцаа холбооны салбар дахь компаниуд худалдан авагчид үзүүлж буй үйлчилгээ бүрээ салгаж, тус тусад нь өөр өөр цаг хугацаанд орлого хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдсэн гэсэн үг. Тухайлбал, А компаниас гар утас авсан тохиолдолд үнэгүй дугаар, дата эрх, мессеж эрх, ярианы эрх зэргийг бэлэглэсэн гэж үзвэл А компани гар утасны төлбөрийг энэ бүх үйлчилгээнүүдэд салган, худалдан авагч ярианы эрхээ, мессеж эрхээ эдэлсний дараа түүнд хуваарилагдсан орлогыг хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм.

Хүчингүй болсон НББОУС 18 Орлого-ын дагуу борлуулалтын орлого гэж аж ахуй нэгжийн ердийн үйл ажиллагааны явцад үүссэн эдийн засгийн дотогш цэвэр гүйлгээг хэлдэг байсан. Өөрөөр хэлбэл, дээрх жишээний хувьд А компани утсыг дагалдуулж өгсөн үйлчилгээнүүдэд орлого хуваарилахгүй гэсэн үг. Үүнийг жишээн дээр тайлбарлавал илүү ойлгомжтой болно. 

Жишээ нь: 

А компани Б худалдан авагчид шинэ дугаар 50000 төгрөгөөр худалдаж авсных нь төлөө 6 сар 50 GB датаа ашиглах эрх үнэгүй өгсөн. 

Тэгвэл уг ажил гүйлгээний орлогыг СТОУС 15 болон НББОУС 18-ын дагуу хэрхэн бүртгэхийг харцгаая. 

Зарим нэг нарийн нөхцөлийг орхиод дээрх гэрээний хувьд зөвхөн дугаар болон 6 сарын дата эрх гэсэн 2 бүтээгдэхүүн худалдан авагчид 50000 төгрөгөөр шилжсэн гэж үзье. 

НББОУС 18-ын дагуу: 

Хэдийгээр НББОУС 18-д аж ахуйн нэгж нэг гэрээний тусдаа тодорхойлж болохуйц бүрэлдэхүүн хэсгүүдэд хүлээн зөвшөөрөлтийн шалгуурыг тус бүрт нь ашиглах ёстой гэж заасан байдаг. Гэвч, тусдаа тодорхойлох боломжтой бүрэлдэхүүн хэсгийг хэрхэн тодорхойлж, гэрээний үнийг яаж хуваарилах талаарх заалт байдаггүй. Үүний улмаас, дэлхийн өнцөг булан бүрд буй аж ахуйн нэгжүүд өөр хоорондоо ялгаатай бүртгэл хөтөлдөг асуудал үүсдэг байсан.

Өөрөөр хэлбэл, жишээн дээр дурдсан шиг яг ижил нөхцөлд зарим компаниуд орлогоо 2 бүтээгдэхүүнд салгадаг байсан бол зарим нь хамтад нь орлогоо хүлээн зөвшөөрдөг байсан. Орлогоо салгадаг аж ахуйн нэгжүүд нь хүртэл өөр хоорондоо ялгаатай суурийг ашигладаг байсан.

СТОУС 15-ын дагуу: 

Харин уг стандартаар, дээрх жишээнд дурдсан нөхцөлийг тусгайлан заасан дараах заалтууд байдаг: 

  • Гэрээнд заасан бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тусдаа эсэхийг тодорхойлох шалгуурууд
  • Хэрэв тусдаа гэдэг нь тогтоогдсон бол ажил гүйлгээний үнийг хуваарилах заалт
  • Ажил гүйлгээний үнийг хуваарилахдаа тусдаа борлуулалтын үнэд үндэслэн хуваарилах, байхгүй бол хуваарилах сонголтод аргууд.
  • Гүйцэтгэлийн үүргүүдийг хэзээ биелэгдсэн гэж үзэн орлогыг бүртгэх заалт.

Жишээний хувьд СТОУС 15-ыг мөрдвөл: 

А компани дугаар болон датаа эрхийг тус тусад нь борлуулдаг эсэхээ тодорхойлно. Хэрэв тус тусад нь борлуулдаг бол тэдгээрийг тусдаа гүйцэтгэлийн үүрэг гэж үзнэ. 

Үүний дараа тусдаа борлуулалдаг үнэд үндэслэн 50000-ийг хуваарилна. А компани дугаарыг дангаар нь 40000 төгрөгөөр, 6 сарын дата эрхийг мөн 40000 төгрөгөөр борлуулдаг гэж үзье. Тэгвэл энэ 2 бүтээгдэхүүний нийт борлуулалтын үнэ 80000 төгрөг болно. Харин, А компани Б худалдан авагчид 50000 төгрөгөөр борлуулсан. Хуваарилалтыг дараах байдлаар хийнэ: 

Дугаар нь 40000 төгрөгийн үнэтэй ба 80000 төгрөгт эзлэх хувь нь 50%.

Дата эрх нь 40000 төгрөгийн үнэтэй ба 80000 төгрөгт эзлэх хувь нь 50%.

Тэгвэл хамтад нь борлуулсан 50000 төгрөгийн хувьд дээрх 2 бүтээгдэхүүн 25000 төгрөгийн үнэтэйгээр борлуулагдсан гэсэн үг. 

Иймд А компани Б худалдан авагчтай гэрээ хийж дугаарыг борлуулах үедээ дараах бичилтийг хийнэ:

Дт: Мөнгө                                50000 

     Кт: Борлуулалтын орлого (дугаар)         25000

     Кт: Урьдчилж орсон орлого (дата эрх)   25000

Харин дата эрхийг 6 сарын дараа ашиглас дууссан үед: 

Дт: Урьдчилж орсон орлого (дата эрх)    25000

    Кт: Борлуулалтын орлого (дата эрх)   25000

 

 

Сэтгэгдэл хаалттай байна. Та эхлээд нэвтэрч орно уу?