Үндсэн хөрөнгөтэй холбоотой зардлыг капиталжууулах уу? Эсвэл тайлант үеийн зардлаар бүртгэх үү?

2024-01-22 / Кейс №5

Үндсэн хөрөнгөтэй холбоотой зардлыг капиталжууулах уу? Эсвэл тайлант үеийн зардлаар бүртгэх үү?

Үндсэн хөрөнгөтэй холбоотой гарч буй зардлууд нь түүний өртөгт шингэх, эсвэл тусдаа хөрөнгөөр бүртгэгдэх, эсвэл бүр тайлант үеийн зардлаар бүртгэгдэх эсэх асуудал нь дийлэнх тохиолдолд тодорхой байдаг. Учир нь түүнтэй холбоотой гарсан зардал нь түүний нэг эд ангид зориулагдсан 1-ээс дээш жилийн ашиглалтын хугацаатай биет хөрөнгө мөн эсэхийг тодорхойлоход амархан.

Гэвч иймэрхүү тодорхой тохиолдлуудаас бусад үндсэн хөрөнгөтэй холбоотой зардлыг капиталжуулах эсэх асуудал нь нэлээд эргэлзээг нягтлан бодогчдод төрүүлсээр байна.

Энэ хэсэгт бид иймэрхүү асуудлыг жишээгээр харуулах болно.

НББОУС 16 Үндсэн хөрөнгө-д юу гэж заасан байдаг вэ?

Үндсэн хөрөнгө гэдэг дараах шинж чанар бүхий биет хөрөнгө юм:

·       -Бүтээгдэхүүн үйлдвэрлэх эсвэл үйлчилгээ үзүүлэх, эсвэл бусдад түрээслүүлэх юм уу удирдлагын зорилгоор ашиглагддаг.

·       -1-ээс дээш жилийн хугацаанд ашиглагдах.

 

НББОУС 16-д мөн “Хэзээ үндсэн хөрөнгийг хүлээн зөвшөөрөх вэ?" гэсэн маш чухал асуултад хариулт өгсөн байдаг.

СТОУС-ын Үзэл баримтлалын хэсэгт хөрөнгийг хүлээн зөвшөөрөх шалгуурыг дараах байдлаар тодорхойлсон байдаг. Тиймээс үндсэн хөрөнгийг бид дараах шалгуурыг хангасан үед өртгөөр нь хэмжиж хүлээн зөвшөөрнө:

  1. Тухайн хөрөнгөтэй холбоотой ирээдүйн эдийн засгийн үр өгөөж аж ахуйн нэгжид бий болох магадлалтай ба
  2.           Түүний өртгийг нь найдвартай хэмжих боломжтой.

Тиймээс, тухайн зүйл нь үндсэн хөрөнгөд тооцогдох эсэхийг тодорхойлохдоо дараах хүчин зүйлст анхаарах шаардлагатай:

- Тухайн зүйлийг олж авч эзэмших зорилго

- Тухайн зүйлийн ашиглалтын хугацаа (1-ээс дээш жил байгаа эсэх)

- Аж ахуйн нэгжид бий болгох ирээдүйн эдийн засгийн үр өгөөж

- Өртгийг нь найдвартай хэмжих боломжтой эсэх. 

Зарим тохиолдолд дээрх асуултуудад хариулах амархан байдаг. Гэвч зарим тохиолдолд хөрөнгийн зорилго, өртгийн хэмжилт хангалттай найдвартай байгаа биш үед бид мэргэжлийн шийдэл болон материаллаг байдлын зарчмыг ашиглаж шийдвэр гаргах үе гардаг.

Дараах жишээнүүдэд анхаарлаа хандуулна уу.

 

Эд анги, сэлбэр хэрэгслийг капиталжуулах ёстой юу?

Эд анги, сэлбэг хэрэгслийг капиталжуулах эсэх тал дээр тогтсон зүйл байхгүй. Тиймээс нөхцөл байдалдаа тохируулан мэргэжлийн шийдэл ашиглах ёстой.

Ихэнх тохиолдолд, эд анги, сэлбэг хэрэгсэл, үйлчилгээний тоног төхөөрөмжүүдийг НББОУС 2 Бараа материал-ын дагуу бараа материалаар ангилж бүртгэдэг.

Гэхдээ, томоохон эд анги, сэлбэг хэрэгсэл нь үндсэн хөрөнгийн тодорхойлолтыг хангадаг. Ялангуяа томоохон үндсэн хөрөнгийн зүйлтэй хамт ашиглагддаг бол. Жишээ нь, онгоцны заавал байх нөөц хөдөлгүүр нь бараа материал гэхээсээ илүү үндсэн хөрөнгөд ангилагдах ёстой.

Үүний эсрэг нэг жишээг дурдая.

Барилгын материалын хайрга нийлүүлэгч компани ихээхэн хэмжээний цемент авч хадгалсан. Учир нь тухайн үед цементийн эрэлт хэрэгцээ их байсан гэж үзье. Компанийн хувьд тухайн хайргыг агуулахад олон жил хадгалж байгаа. Энэ тохиолдолд яах вэ?

Хэдийгээр агуулахад хадгалж байгаа овоолсон цементийн ашиглалтын хугацаа 1 жилээс давсан ч гэсэн түүнийг үндсэн хөрөнгө гэж үзэхгүй.

Учир нь, тухайн хөрөнгийг ашиглах зорилго нь бараа материалын тодорхойлолт болох үйлдвэрлэлийн процесст ашиглагдах гэсэн шалгууртай нийцэж байна.

Уг хайрганд элэгдэл тооцохын оронд түүний өртөг нь цэвэр боломжит үнэ цэнээс нь их байгаа эсэхийг тайлант үе бүрийн эцэст шалгах ба хэрэв үгүй бол хайргыг хэрэглэх хүртлээ бараа материалаар бүртгэж болно.

 

Олон тоогоор авсан жижиг зүйлсийг үндсэн хөрөнгөөр бүртгэх ёстой юу?

Тухайлбал, та номын сан ажиллуулдаг гэж үзье.

Танд олон мянган ном байгаа боловч тус бүрдээ маш бага өртөгтэй. Гэвч ном бүрийн ашиглалтын хугацаа нь 1 жилээс давсан.

Энэ тохиолдолд та ном бүрийг тусад нь бүртгэх үү? Мөн ном бүрийг олж авах үедээ түүнийг худалдаж авсан үнээр нь тайлант үеийн зардал хүлээн зөвшөөрөх үү? Эсвэл бүх номоо нийлүүлээд нэг үндсэн хөрөнгө гэж үзэх үү?

Үүнтэй ижил жишээнд ком багаж хэрэгсэл, иж бүрэн тавилга, буцааж өгөх нөхцөл хайрцаг, сав зэрэг нэгээс дээш жилийн ашиглалтын хугацаатай боловч нэг бүрийн өртөг нь маш бага зүйлс орно.

Иймэрхүү хөрөнгүүдийг хэрхэн бүртгэх вэ?

Дээрхтэй адилаар иймэрхүү хөрөнгүүдэд тусгайлан заасан заалт стандартад мөн л байхгүй.

НББОУС 16-ын 9-р параграфт “энэ стандартаа үндсэн хөрөнгийг хүлээн зөвшөөрч хэмжих нэгжийг тусгайлан зохицуулаагүй” ба ийм нэгжийг тодорхойлохдоо мэргэжлийн шийдэл ашиглахыг зөвлөсөн байдаг.

Өөрөөр хэлбэл, зарим үед тусдаа жижиг зүйлсийг нэгтгэх нь тохиромжтой байдаг. Зарим үед ингэх нь тохиромжгүй байдаг.

Дээр дурдсан номын сангийн жишээний хувьд, бүх номыг нийлүүлэн нэг эсвэл хэд хэдэн үндсэн хөрөнгөөр бүртгэж, элэгдэл байгуулах нь тохиромжтой байж болох юм. Учир нь номын сангийн үйл ажиллагаа нь номоо ашиглуулж орлого олох тул ном нь борлуулдаг бараа материал гэхээсээ илүү үндсэн үйл ажиллагаанд ашиглагддаг үндсэн хөрөнгийн шалгуурт илүү нийцэх юм.

 

Түрээсийн хөрөнгийн сайжруулалтыг капиталжуулах уу?

Танай компани тодорхой хэмжээний талбайг түрээслэсэн гэж үзье.

Гэвч, өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх үүднээс хэд хэдэн шилэн ханыг суурилуулах нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр илүү өрөө тасалгаатай болох юм.

Шилэн тусгаарлах ханын өртөг маш өндөр. Ийм хэмжээний зардал нь томоохон хөрөнгө оруулалтад тооцогдоно.

Мөн шилэн тусгаарлах ханыг түрээсийн талбайгүйгээр тусад нь ашиглах боломжгүйгээс гадна түрээсийн хугацаа дуусгавар болох үед уг шилэн хана нь танайд ямар ч хэрэгцээгүй болно. Та уг ханаа салгаж аваад өөр газар суурилуулж хэрэглэх ч боломжгүй.

Түрээсийн хөрөнгийн сайжруулалтад зарцуулсан хөрөнгө оруулалтыг хэрхэн бүртгэх вэ?

Үүнд тохирох тогтсон хариулт мөн л байхгүй ба та тухайн нөхцөл байдал, гэрээнд үндэслэн шийдвэр гаргах ёстой.

Нэн тэргүүнд – тухайн сайжруулалтаас ирээдүйд эдийн засгийн үр өгөөж бий болох магадлалтай юу? Хэрэв уг шилэн тусгаарлах хана нь ажлын зай талбайг илүү үр бүтээмжтэй хэрэглэх боломжтой болгож байгаа бол тийм байж болно.

Өөр нэг асуулт – уг сайжруулалтыг та 1-ээс дээш жилийн хугацаанд ашиглах уу?

Ихэнх тохиолдолд, хөрөнгийн сайжруулалтын ашиглалтын хугацааг найдвартай тооцох боломжтой байдаг тул түүнийг үндсэн хөрөнгөөр хүлээн зөвшөөрдөг. Ашиглалтын хугацаа нь харин түрээсийн гэрээний хугацаанаас хамаарах ба үүнд та анхаарал хандуулах ёстой.

 

Бэлтгэл ажиллагааны буюу гарааны зардлыг капиталжуулах уу?

Та бизнес эхлүүлэх гэж байгаа гэж үзье. Та үйлдвэрлэлийн процессоо бодитоор эхлэхээс өмнө зөвшөөрөл авах, ажилтан хөлслөх зэрэг маш олон зүйлийг хийх ёстой. Эдгээрт мэдээж хэрэг мөнгө шаардагдана.

Та цалин, түрээс, мэргэжлийн зөвлөх үйлчилгээнд зардал гаргахаас гадна бизнесээ эхлүүлэхээс өмнө өөр олон төрлийн зардлыг гаргах ёстой.

Тэгвэл, та бэлтгэл ажиллагааны буюу гарааны зардлыг капиталжуулах ёстой юу?

Ихэнх тохиолдолд капиталжуулахгүй. Өөрөөр хэлбэл тэдгээр зардлуудыг тусдаа биет бус хөрөнгө гэж бүртгэж болохгүй. Яагаад?

Учир нь, эдгээр зардлууд нь НББОУС 38-ийн дагуу биет бус хөрөнгийн тодорхойлолтод нийцэхгүй. Яагаад гэвэл, эдгээр зардлууд нь тодорхойлогдох боломжгүй буюу:

·       Тусад нь салгаж, зарж борлуулж, эсвэл шилжүүлэх боломжгүй ба

·       Гэрээ эсвэл өөр хууль ёсны эрхээс үүсээгүй.

Гарааны зардлыг капиталжуулах ганцхан тохиолдолд байдаг.

Тэр нь, та үндсэн хөрөнгө барьж байгуулж байгаа ба уг үндсэн хөрөнгийг барьж байгуулахтай холбоотой бэлтгэл ажиллагааны зардал гасан бол та түүнийг НББОУС 16-ийн дагуу үндсэн хөрөнгөөр бүртгэж болно.

Жишээ нь, та үйл ажиллагаа явуулж эхлэхээсээ өмнө үйлдвэрлэлийн барилгыг барьж байгаа бол уг хөрөнгийг бий болгоход шууд оролцож байгаа ажилчдын цалингийн зардлыг уг үйлдвэрийн барилгын өртөгт шингээж болно.

 

Сэтгэгдэл хаалттай байна. Та эхлээд нэвтэрч орно уу?